Өнгөрсөн хэрүүл бодогдож, бодогдох бүрийд уйлж , уйлах тусам эцгийгээ ‘’үзэн ядаж’’ байна

access_time 2019-01-30
remove_red_eye 525

 

Н. Найданбат

Гомдох эрхгүй хайр

Уйлахаа болъё гэвч өөрийн эрхгүй эхэр татан, санаа алдаж суухдаа хэдхэн хормын өмнө болсон ширүүн хэрүүлийг эргэцүүлэн бодохчоон аядаж байлаа. –Хичээлээ таслан золбин банди нар дагаж орц хэсэж явна гэнээ чи! Айлын охин хүүхэд ингэх ч гэж дээ. Би чиний өмнөөс ичиж байна, ичиж байна гэж дуугаа улам чангаруулан аав орилно. -Үгүй шдээ ааваа! Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? гэж намайг уйлан орилоход -Би энэ болкон дээрээс өөрийнхөө нүдээр харсан.

–Минийхтэй адилхан куртиктэй хүүхэд зөндөө л байгаа шдээ, та итгэхгүй байгаа бол миний хичээлийн он сарыг харахгүй юу? гээд цүнхээ шидэн орилоход -Уухай чи иймдээ тулаа юу? гэхтэй зэрэгцэн ээж

-Даваа чи болиочээ! Болороо биш л байсан гэж байна шдээ

-Чи өмөөрсөөр байгаад энэ. Чи болохоор үг хэлж болдог, би болохоор болохгүй юу тэ? хмм гээд аахилан тамхиа асаан суулаа. Үнэндээ хэн нь үнэн зөв яриад байгааг ойлгож ядсан ээж минь аавыг намайг цохиод авах вий гэж айсандөө өмөөрч буй нь тэр. Ганзагын наймаачин болгоны авчирч зардаг хоёр талаараа өмсдөг өдөн куртикыг эр эмгүй бүгд л өмсөж асрамжийн газрын хүүхдүүд шиг ижилхэн юмнууд хотын гудмаар нэг байхад мэддэггүйн байхдаа тэнэг юм гэж бодогдон, “намайг юу гэж бодоов?” гэж төсөөлхөөс ичмээр, гомдмоор, боож үхмээр байлаа. Гомдсон сэтгэлээ барьж ядан намайг галын өрөөнд буруу харан сууж байхад аав том өрөөний буйдан дээр сууж зурагт үзэж буй дүртэй боловч ахиулж харвал дотроо бас л нэгийг бодож байгаа нь илхээн. Дүү нар тэр хэрүүлд өөрсдөө л буруутай юм шиг дор бүрнээ чимээгүй.

Ганцхан хөөрхий ээж минь л дөнгөж сая болсон гурилтай шөл өө аягалан зөөж, хүн бүхний урд тавих боловч харин түүнийг хэн ч үл иднэ. Миний ч урд бас аягатай хоол авчирч тавьлаа. Урьд хоёр хоногт манайх махгүй байсан тул олигтой хоол идэж чадаагүй байсан болоод ч тэр үү шинэ хонины махаар хийсэн өөх тос нь мэлтэлзсэн тэр хоолыг идмээр байсан ч ямар ч юм идэх сонирхолгүй болж идсэн ч хоолойгоор хоол болж давахгүй юм шиг санагдана. Ээж чимээгүй орчныг эвдэж намуухнаар: -Хоолоо идэцгээгээч гэлээ. Дүү нар халбагаа барин тэрүүхэндээ шор шор хийлгэнэ. Ийнхүү элдэвээр нүдээ хужирлавч аавын зандарах дуун, хэлсэн үгнүүд нь бодогдож өөрийн эрхгүй нулимс бөмбөрөн аль муу болгон толгойд эргэлдэж байлаа. “Арай ч дээ төрсөн эцэг нь охиндоо итгэхгүй байна шүүдээ. Муу амьд явахаар сайн үх гэж байдаг”. Урьд өмнө би хэзээ ч ингэж есөн шидийн аймшгийн юм бодож явсангүй. Хүн гэдэг ээж аавдаа загнуулах нь битгий хэл хааяа нэг жавтий хүртэх үе байлгүй яахав. Гэхдээ хэзээ ч ээж аавдаа гомдож явсангүй. Харин ч ‘’Төрүүлсэн эх эцэгтээ гомдоно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? Ямар ч утгаггүй. Тийм юм байж болохгүй” гэж бодож байлаа. Гэвч тийм биш ажээ.

Бүх юм эсрэгээр … Өнгөрсөн хэрүүл бодогдож, бодогдох бүрийд уйлж , уйлах тусам эцгийгээ ‘’үзэн ядаж’’ байна. Би хүн гэдэг нэрийн ариун нандин итгэлийг сэвтүүлсэндээ өөртөө гомдож байлаа. Дүү нар хоолоо идэж дуусаад зарим нь орондоо оров. Зурагтаа унтраан аав унтах гэж байгаа бололтой. Хөөрхий муу ээж минь л хоол идсэнгүй . Надад ямар нэгэн юм хэлэх гээд байгаа юм шиг дөлж ядан эргэлдэх шиг санагдана. Би ээжийнхээ оронд тэр муу аавыг ингүүлэхийг хүсч байсан юм. Би уйлсаар . . . Ямар дуусдаггүй , хаанаас гардаг нулимс юм бүү мэд! Би урсаж буй нулимсныхаа хэрээр аавдаа гомдсон юм шиг санагдана.

Гэрт ээж бид хоёроос бусад нь унтсан бололтой. Өмнөх аягатай хоол минь аль хэдийн хөрж, нөгөөх мэлтэлзсэн сайхан тос нь саваа даган царцжээ. Нэг мэдэхэд ээж хажууд ирчихсэн: – Миний охин хоолоо идээч! Хөрчихөж. Ээж нь халаагаад өгөх үү? гэж шивнээд хоол руу тонгойход би: -Хэрэггүй хэрэггүй гэлээ. Ээж: -Ойрд олигтой хоол идээгүй юмсан, нэг гайгүй хоол хийхээр. . . гээд дуугуй болсноо санаа алдаад нөгөө өрөөлүү орчихлоо. Ээжийгээ уйлж байгааг би мэдэж байсан ч очъё гэхээр аавын хажуугаар гарна гэхээс дургүй минь хүрч байлаа. Одоо надтай ойрхон юм гэвэл ээжийн минь аягалсан хоол л бай

на. Гэтэл аль өөдтэй шимтэй гэж надад хийсэн хоол нь хөрчихөж бас царцчихаж. Гэнэтхэн надад ийм бодол төрөв. “Би хийж өгсөн хоолыг нь идэхгүй ээжийгээ гомдоож сэтгэлийг нь хөргөж байгаа юм биш биз. Хөрсөн сэтгэлийн илрэл нь унагаж буй нулимс нь юм биш үү. Ээ мангар аа ээжийгээ гомдоосон миний сэтгэл хоол шиг ээ царцлаа гэж үү? Үгүй ээ тийм байх ёсгүй яагаад гэвэл хоол бол хоол, ээж бол ээж” гэж би бодлоо. Тэгвэл яагаад ээж минь надад аягахан хоолыг идүүлчих юм сан гэж шимтэн зовж байгаа юм?. Үрээ гэсэн эхийн сайхан сэтгэлээр ээж минь наддаа аягалаж байхад тэнэгхэн би чинь аавдаа гомдсоон гээд идэхгүй царцааж байх гэж үү. За хоолыг ч яахав халаагаад идчихнэ. Харин ээжийн сэтгэлийг?..Би өөрийн эрхгүй маш уртаар санаа алдлаа. Тавгатай хоолоо бариад цахилгаан зуухаа залгаж хоолоо халааж идлээ. Том өрөөнд ээж шанаагаа тулаад цааш харан суужээ. Чимээгүй гишгэлсээр хажууд нь очиж:

-Ээжээ би хоолоо идчихлээ гэж гавьяа байгуулсан юм шиг хэлээд өөдөөс нь харан суулаа. Ээж минь намайг тэвэрч, би ч бас өөрийгээ тэвэрч өөрийн эрхгүй бид 2 чимээгүйхэн уйллаа.

-Миний охин ээжийгээ битгий зовоо. Ээж нь чамайг ойлгож байна, итгэж байна. Миний охин ухаантай шүүдээ гэсээр дахин үнсэв.

Ээ тэнгэр минь ээжтэй хүн чинь ээжээрээ үнсүүлэх ямар сайхан юм бэ? Мэдээж сайхан байлгүй яахав.Гэхдээ би ойрд ээждээ ийм сайхнаар үнсүүлээгүй юм шиг санагдана. Ор зөөлөн дуугарч хүний хөлийн чимээ гарлаа. Бид хоёр хоёулаа эргэж харсангүй. Мэдээж энэ бол аав байлаа. Аав бид хоёрын хажууд хэсэг зогссоноо эхлээд ээжийг дараа нь намайг үнслээ. Бид гурав тэврэлдлээ. Аав минь юу ч хэлээгүй ч би түүний юу бодож буйг бүгдийг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.Энэ л үед “Хүн гэдэг аугаа ч эмзэгхэн амьтан юм даа” гэж бодогдов. Охин үрээ буруу зам руу орчих вий, бусдад дээрэлхүүлж бузарлагдчих вий гэж хаширлан харамлсан эцэг хүний хайр байж. Түрүүхэн надад урсаж байгаа нулимсныхаа хэрээр аавдаа гомдсон юм шиг санагдсан ч нулимс гэдэг байнга гарахгүй тэгээд л зогсдог шиг миний аавдаа гомдсон сэтгэл ч гэсэн түр зуурынх байсан байж таарлаа. Хүн гэдэг ээждээ , аавдаа хэзээ ч яасан ч гомдож чаддаггүй ажээ. Харин гомдох ч эрхгүй хайр юм гэдгийг нилээд хожуу ухаарч билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549