83 настай буурай амь эрсэдсэн хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгах хуулийн үндэслэлтэй

access_time 2019-01-30
remove_red_eye 460

 

-ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ХАРАМСАЛТАЙГААР АМЬСГАЛ ХУРААСАН-

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн иргэдийн дунд Оргилын гэх тодотголтой УИХ-ын гишүүн Ж.Ганбаатрын уулзалтад урьсан зар түгэж эхэлсэн байдаг. Ингэхдээ зөвхөн ахмад буурлуудаа хүндэтгэн хүлээн авч санал сэтгэгдэл сонсож Цагаан сарын гарын бэлэг өгнө гэх зэргээр хорооны ахлагч нараар дамжуулан түгээжээ. Зарын дагуу энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар паласын танхимыг дүүртэл ахмад буурлууд цугласан. Уг нь 3200 хүнд урилга тараасан ч тэнд 4000 гаруй ахмад цугласан ажээ.

Тэрхүү уулзалтад ирсэн буурлуудыг бүтэн хоёр цаг хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар хүрэлцэн ирсэн байна. Уулзалтын эхэнд улс төр, хийсэн ажлынхаа талаар багагүй ярьсаны эцэст “Хүрэлцэн ирсэн буурлуудынхаа дунд азтан шалгаруулж, гарын бэлэг хүн бүрт тараана” гээд танхимын баруун хаалга руу ирэхийг хүссэн байдаг.

Ийнхүү арга хэмжээ анхнаасаа зохион байгуулалт муутай байсан бөгөөд хүн бүр ирж бэлгээ аваарай гэсний дагуу иргэд гарын бэлэггүй хоцрох байх гэсэндээ шуугилдан бужигнаж эхэлжээ. Энэ эмх замбараагүй байдлын үеэр гарын бэлгээ авах гэж 57 настай хүүтэйгээ хамт очсон 83 настай эмээ олны хөлд гишгэгдэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан.

Тус арга хэмжээнд очихын өмнө талийгаач “Цагаан сарын тавгийн идээнд нэмэрлэх зүйл өгч байгаа байх. Хэдэн төгрөг ч өгөх гэнэ. Нэмэртэй шүү” хэмээж байсан гэдэг. Олон ч бужигнаж хүн газарт унасныг ч анзаарах сөхөөгүй гарын бэлэгний араас явцгаасан хэмээн тэнд цугласан хүмүүс халаглаж байв. Цагаан сардаа бэлдэх гэж яваа хөгшид үр ач нартаа өгөх хэдхэн юм авчих сэтгэл өвөртлөн яарсан биз.

Талийгаач газарт унаад “Намайг авраарай, Татаарай, хүмүүсээ хэмээн амь тэмцэж хашгирч байсан ч олны хүч дийлж улмаар хүмүүс зай тавихад хэдийнэ амьсгал хураасан байжээ. Талийгаач хүүгийнхээ гараас атган нүдэн дээр нь харамсалтайгаар өөд болсон талаар эх сурвалжууд мэдээллэж байна.

Ахмадуудын амь тэмцэж авсан гарын бэлэгт нь сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа байсан аж.

-ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРОХОД ХҮРГЭСЭН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮ ҮҮСГЭН
ШАЛГАХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ-

Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байгаа. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийж улмаар хэргийн газрын байр байдлыг зургаар баримтжуулан авсан. Харин одоо энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Мөн Улаанбаатар паласын тухайн өдөр гарч байсан ажилчид болон менежер нараас хэргийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байгаа юм.

Монгол улсын нийтээр дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар “Хүний амь нас хохироход хүргэсэн, амь нас эрсдэх нөхцөл байдал үүсгэсэн, зохион байгуулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн, зохион байгуулсан гэх зэрэг зүйл ангид холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг шалгах хуулийн заалттай ажээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг хүний амь нас аюултай байдалд хүргэсэн, зохион байгуулсан гэсэн заалтаар шалгах бүрэн үндэслэлтэй ажээ.

Tүүний санаачлан, зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр эрдэнэт хүний амь нас хохирсон нь том асуудал. Иймд хүний аминд хүрсэн арга хэмжээ зохион байгуулсан шалтгаанаар эхлээд гэрчээр байцаах бөгөөд цаашлаад шаардлагатай гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх саналаа УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлэх нөхцөл үүсч болзошгүй байгаа ажээ.

Одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гэрчүүдийг дуудаж ар гэрийхнийг нь хохирогчоор тогтоон тайлбар авч эхэлсэн байна.

Мөн талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Үүний дараа шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлтээс хамааран хэрэгт гол буруутанг тогтоон прокурорын хяналтайгаар тогтоол үйлдэх юм.

Гэхдээ зохион байгуулсан үйл ажиллагаанд нь хүн нас барсан учраас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ёс зүйн хувьд уучлалт гуйж хариуцлага хүлээх ёстой билээ.

Эх сурвалж: Medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549