И Бёнг Хён: Бүсгүйчүүдийн ярианы сэдэв болж байна гэхээр би дажгүй эр юм шиг байна, тийм үү

access_time 2019-01-27
remove_red_eye 446

Бидний мэдэх “Гурван марал од” киноны гол дүр Ким Инха буюу И Бёнг Хёны “Сөүлийн мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг их зантай биеэ, тоосон нэгэн байх гэж бодож байлаа. Гэтэл их наргианч юм аа?
-Тийм үү, хэн нэгэн хүн миний талаар танд худлаа мэдээлэл хүргэж дээ. Надад хэн нэгэнд их зан гаргаад байх шаардлага байхгүй. Эрх мэдэл, албан тушаал, мөнгө, алдар нэр хүмүүсийн занг эвддэг байж болох юм. Миний хувьд мөнгө, алдар нэрэнд сагсуураад байх хүн бишээ. Би өөрөөрөө байж, өөрийнхөөрөө амьдрах дуртай. Хэн нэгнээр наргиан хийх сайхан шүү дээ. Тэр хүнд бас өөртөө инээд бэлэглэнэ гэдэг аз жаргалын нэг хэлбэр байх гэж боддог юм. Би төрөлхийн наргианч зантай. Миний өвөө тийм хүн байсан юм гэнэ лээ. Хүмүүсийг цаашлуулаад л. Бас шог, хошин яриатай хүн байсан гэдэг. Өвөөгийнхөө тэр занг дууриасан юм болов уу даа. Ер нь би бага байхаасаа л ангийнхнаа байнга инээлгэж, инээдтэй зүйл сэдэж, санаачилж явдаг нэгэн байлаа.

-Танд бусдыг өөртөө татах ямар нэгэн нуугдмал увидас байдаг юм шиг ээ?
-Би бусдыг өөртөө татахын тулд ямар нэгэн хиймэл дүр эсгэдэггүй. Тийм байдал надад зохихгүй байх аа. Миний байгаагаараа байдаг занд маань л хүмүүс татагддаг байх. Гэхдээ би тийм ч сайхан ааштай хүн бишээ. Дургүй хүрвэл хэнээс ч айлгүй алдаа оноог нь хэлж чадна. Хэн нэгнийг загнаж бас, харааж чадна шүү. Тиймээс та намайг нэг их сайхан зантай хүн гэж бодоод хэрэггүй. Амьдрал дээр инээх бас уурлах үе зөндөө тохиолддог. Бүр гуниглах, уйлах үе ч байдаг шүү дээ. Тэнэг юм шиг дандаа инээгээд, бас дандаа уурлаад байвал тэр амьдрал утгаггүй байх болов уу. Ертөнцөд хар цагаан хосолдог шиг сайн муу бүхэн хүний амьдралд тохиодог юм даа. Тиймээс л хүмүүс инээж бас уйлж чаддаг байх ёстой. Энэ маань нэг ёсондоо хүн байгаагийн шинж шүү дээ.

-Бүсгүйчүүд таныг их хүүхэмсэг гэдэг юм билээ. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Би өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх хэрэггүй байх гэж бодож байна. Яахав, бүсгүйчүүд миний тухай сайн муугаар зөндөө ярьдаг байх. Бүсгүйчүүдийн ярианы сэдэв болж байна гэхээр би дажгүй эр юм шиг байна, тийм үү. Чи юу гэж бодож байна.

-Та эхлээд миний асуултад хариул л даа. Дараа нь би өөрийнхөө бодлыг хэлье?
-За, байз хүүхэмсэг гэдэг үг чинь нэг талаар жаахан онцгүй, бас нөгөө талаас нь аваад үзвэл дажгүй үг байна шүү дээ. Тийм ээ, би хүүхэмсэг. Надад маш олон бүсгүй сэтгэлээ илэрхийлдэг. Надтай ярилцахыг, миний анхаарлыг татахыг тэд өөрсдөө л хүсдэг юм шүү дээ. Тэр болгонд би муухай зан гаргадаггүй ээ. Бүсгүй хүн гэдэг эмзэг турьхан амьтан. Яг л хаврын яргуй шиг тийм гэгээхэн хүмүүс шүү дээ. Хүнийг үгээр алж, үгээр эмчилж болдог гэдэг. Тийм хүмүүстэй би муухай харьцаж гомдоож болохгүй. Гэхдээ сэтгэлээ илчилсэн болгонтой би холбогдоод, секс хийгээд явдаггүй гэдгийг хэлмээр байна.

Song Hae Gyo-тай “Амьдралын ээдрээ” кинонд хамт тоглосон. Та хоёрын хооронд хайр сэтгэлийн асуудал үүссэн байх аа?
-Юуг нь нуух вэ. Бид бие биедээ дурласан нь үнэн. Song Hae Gyo бол царайлаг бүсгүй. Түүний нүдийг ширтээд инээмсэглэхийг нь харах сайхан байдаг юм. Ямар эгдүүтэй гээч, Би түүнд чин сэтгэлээсээ дурласан байсан. Гэвч хүн хувь заяагаа сөрж чаддагүй юм билээ. Хүн болгон бурханаас зурж өгсөн төөрөг тавилангаа дагадаг байх.

-Та хоёрыг салахад маш олон хүн харамссан?
-Бид хоёрын хамт өнгөрөөсөн тэр өдрүүд одоо дахин ирэхгүй л болов уу. Би түүнд хайртай байсан. Гэхдээ Song Hae Gyo-д ямар ч буруу байхгүй. Би өөрөө л түүнийгээ гомдоочихсон юм шүү дээ. Одоо бодохоор үнэхээр сэтгэл өвддөг юм. Би өөрөө ч гэсэн харамсдаг даа. /Санаа алдав/

-Түүнийг хэр жүжигчин гэж боддог вэ?
-Сайн жүжигчин шүү дээ. Солонгосын хамгийн хөөрхөн бас сайн жүжигчин гэдэгтэй би санал нэгдэнэ шүү. Түүнтэй кинонд тоглосон эрчүүд сэтгэлээ барьж чадна гэдэгт би итгэхгүй байгаа. Яагаад гэвэл эрчүүд түүний тэр хөөрхөн эгдүү хүрмээр байдалд татагддаг юм.

-Та “Нууц амраг” кинонд тоглохдоо эгч дүү гурван бүсгүйтэй зэрэг “явалдаж” байгаа дүр бүтээсэн. Амьдрал дээр ч тэр гуравтай зүгээр байгаагүйгээсээ болоод Song Hae Gyo-нд хаягдсан юм биш үү?
-Тэр кинонд тоглосон нь үнэн. Магадгүй хүүхэмсэг гэх нэрийг тэр кинонд тоглосноосоо болоод авсан байх. Би тэр гуравтай гурвуулантай нь найз байсан. Харин чиний асууж байгаа шиг тийм балай юм болоогүй. Энэ яриа яагаад гарсныг би мэдэхгүй байна. Үүнд Song Hae Gyo итгээгүй юм. Итгэхийг хүсээгүй дээ. Тэгээд л бид хоёр тийшээ болсон. Амьдрал угаасаа итгэлцэл дээр л тогтдог шүү дээ. Тэгээд л бид хоёр ярилцаад хоёр тийшээ болсон нь дээрээ гэж шийдсэн. Нэг нь хаяад нөгөө нь хаягдаад байсан юм байхгүй. Бид ярилцаж байгаад л энэ нь дээр юм гэж шийдсэн.

-Таны хувьд секс гэж юу вэ?
-Товч бөгөөд тодорхой хариулъя. Секс бол амьдрал.

-Тийм гэж үү?
-Та яагаад үгүй гэж бодож байгаа юм. Сексгүй амьдрал яг л давсгүй хоол шиг амтгүй байх болов уу.

-Та буддын шашин шүтдэг гэсэн байх аа?
-Тиймээ, би буддын шашин шүтдэг. Амьдралд илүү ойрхон юм шиг санагддаг л даа, сургаалиуд нь. Би бурхны шашны сургааль номлолыг унших дуртай. Ялангуяа ганцаардсан, сэтгэл тавгүйтсэн үедээ.

-Ингэхэд худлаа ярьж чадах уу?
-Чадна аа. Худлаа ярьдаггүй хүн гэж байдаггүй шүү дээ. Хэзээ хаана, хэнд худлаа ярих вэ гэдэг нь чухал болохоос биш ертөнцийн бүх хүмүүс худлаа хэлдэг. Худлаа хэлнэ гэдэг заримдаа зөв алхам байдаг юм. Өөрөөр хэлбэл зарим зүйлээс худлаа хэлж аврагдах үе хүмүүст зөндөө л тохиолддог шүү дээ. Юм бүхнийг цагаанаар бас хараар будаж, харах хэрэггүй л болов уу.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бол?
-Миний мөрөөдөл байсан юм. Алдартай жүжигчин болно доо гэж багаасаа мөрөөддөг байсан. Тэгээд л бурхнаас хайрласан жаахан авьяасаа хөгжүүлээд жүжигчин болохоор шийдсэн хэрэг.

-Та ямар бүсгүйчүүдэд дургүй вэ?
-Бүсгүй хүн сээтэгнүүр байх ёстой гэж би боддог юм. Сээтэгнүүр зан чинь бүсгүй хүнд байгалиас заяасан байдаг юм шүү дээ. Миний хувьд арчаагүй бүсгүйчүүдэд дургүй. Өөрийнхөө гоо сайханд анхаардаггүй тийм эмэгтэйчүүд надад таалагддаггүй.

-Та ингэхэд гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Анхааралгүй яах юм. Би чинь жүжигчин хүн шүү дээ. Бусдад сайхан харагдах ёстой гэж боддог. Намайг шүтэн биширдэг залууст үлгэр дууриал болохыг хүсдэг дээ.

-Та олон машинтай юу?
-Хэд хэдэн юм бий шүү. Дэлхийн нэртэй фермүүдийн үйлдвэрлэсэн унааг унах дуртай. Тэгээд салхи татуулан давхих ч бас гоё.

-Ингэхэд кинонд тоглоод олсон мөнгөө та яадаг вэ?
-Юу яадаг вэ гэж. Өөртөө зарцуулахгүй юу. Мөнгө хураагаад яах юм. Хүн нэг л амьдардаг шүү дээ. Тэгээд ч надад мөнгөнөөс илүү юм бий.

-Тэр чинь юу гэж?
-Миний ээж бас дүү маань. Тэгээд хайртай бүсгүй маань байна. Тэдэндээ би дэндүү хайртай. Тархи маань ажиллаж, гар маань хөдөлж байгаа нөхцөлд мөнгийг яаж ийгээд олно оо.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549