Төрийг идэх өт түшмэд дотроос л гардаг

access_time 2019-01-24
remove_red_eye 280

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. Магад ард түмнийх нь төрдөө итгэх итгэл алдарчихсан өнөө цаг үед түүний жинтэй бөгөөд ухаан заасан үгс нь зайлшгүй хэрэгтэй байх болов уу. Түүний хувьд төрт ёсны тухай олон арван жүжгийн зохиол бичиж ард түмэндээ хүргэсэн нэгэн билээ.

– Сайн байна уу та, Таны хувьд төрт ёсны тухай олон жүжгийн зохиол туурвисан гэдгийг олон түмэн мэднэ. Тэр дундаа Монголын анхны төрт улс Хүннүгийн тухай “Тамгагүй төр” жүжгийг үзэгчид андахгүй. Тэгэхээр төрт ёсны тухай та ямар бодолтой байдаг вэ?

Зургийг www.mpa.mn
– Төрт ёсны тухай миний бичсэн 10 орчим жүжгийн зохиол бий. Үүний долоо нь УДЭТ-ын тайзнаа тоглогдсон байдаг. Тодруулбал, үүнд “Хүйтэн сэнтий”, Чингисийн тухай “Атга нөж”, “Улаан тэргэл сар”, “Сарны цагаан цас”, “Хоосон зүүд”, “Тамгагүй төр” жүжиг багтана. Харин үүнээс хамгийн удаан буюу 20 орчим жил тоглогдож буй нь “Тамгагүй төр” юм.

Мэдээж эдгээр нь хувь хүний бүтээл. Гэхдээ төрийг ойлгох гэж, төрийг хүнд ойлгуулах гэж хичээж бичсэн жүжгүүд юм шүү дээ. Сүүлд нэг компани “Язгуур Монгол” гэсэн Хүннүгийн тухай сэдвээр ажил өрнүүлж байгаа харагдсан. Нэг талаас нь харвал энэ мэт төрт ёсны тухай зөв ойлголтыг олон нийтэд сурталчлах бизнесийн байгууллагууд байгаа нь сайшаалтай.

Гэхдээ бид хүн төрөлхтний амьдарч болох бүх л нөхцөлийг бүрдүүлсэн нарны аймгийн есөн гарагийн нэг болох дэлхийд баярлах ёстой. Учир нь дэлхийд хүн үүссэнээр, уул ус, газар шороо, ан амьтнаас бусад бүх зүйлийг зохиосон. Тэд төрийг, улсыг, ёс журмыг зохиосон. Харин эдгээр зүйлийг зохиосон хүмүүсийн анхдагч, эхлэгчдийн нэг болон төгс бодогч Монгол хүн. Өөрөөр хэлбэл дэлхийд төрт улсыг байгуулан бүтээж чадсанаараа төрт ёсны хичээл зааж чадсан ард түмэн гэж би хэлнэ.

Үүний хамгийн нэг тод жишээ нь Хүннүгийн төр. Хүннүгийн төрийн хүчирхэг байсан хамгийн гол шалтгаан нь эв нэгдэл, зөв ойлголт, зорилгын чиглэл, эр зориг, эхийн сэтгэл, ухаан, эр бяр байсан гэж би боддог. Өөрөөр хэлбэл, төр чинь дөрөвхөн зүйлээс тодорхой бүрддэг. Эхийн сэтгэл, их ухаан, илд, хүчирхэг хайраас бүрэлддэг гэж үздэг. Хүннүгийн төрд эдгээр бүх зүйл цогцолсон байсан учраас ертөнцийн нөгөө хязгаар Ром хүртэл өөрсдийгөө мэдрүүлж чаджээ. Монголчууд Хүннүгийн төрөөр бахархахаас өөр аргагүй. Алдаагүй төрийг дэлхийн хүн төрөлхтөн ер харж байгаагүй, бүгд алдсан байдаг.

Харин зохиол бүтээл туурвиж, түүхийн олон баримт уншихад Хүннүгийн төрөөс алдааг ер олж хараагүй. Тиймд Хүннүгийн төр бол агуу юм. Ийм төрийн залгамж үе нь бол одоогийн Монгол Улс, төр шиг төрийн заяатай байх өгөгдөлтэй ард түмэн юм.

– Тэгвэл ийм төрт ёсны үргэлжлэл болсон одоогийн манай улсын өнөөгийн байдал маш хүндхэн л харагдаж байгаа. Ард түмний сонголтоор эрх мэдэлд хүрсэн тэд үргэлж өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа мэт ард түмэнд үнэлүүлж байна. Энэ тухай таны бодол?

– Ер нь төрт ёс хүнийг цоллоно гэж байдаггүй. Төр бол цаглашгүй он цагийг эзэгнэгч бөгөөд цаглашгүй их зүйлийг бүтээгч, цаглашгүй их хайраар ивээгч цаглашгүй мөнхийн зүйл. Өнөөдөр миний дургүй хүрч буй нэг зүйл бол төр муу байна гэж зүхээд байгаа юм. Гэтэл төр муу биш, харин төрийг бүрэлдүүлж буй амьд бодгаль, түшээд бас төрд итгэсэн атлаа үл өвдсөн хүмүүсийн мууг хэлэхдээ төрийг хольж байна. Монголчуудад төрөө муу хэлдэг зан хэзээ ч байгаагүй. Энэ бол муу намуудын хар гай. Хүнийг хуурч, өөрийгөө дэвэргэсний алдаанаас болж төр муу хэлэгдэх болж. Би “Тамгагүй төр” жүжигтээ “Биеийг идэх өт биен дотроос гардаг шиг төрийг идэх өт түшмэд дотроос гардаг” гэж бичсэн. Чи сайн харж ажиглаарай. Хөдөөний хөгшид, өвгөдийн амнаас “төрийн минь сүлд өршөө” гэхээс “төр минь муу байна” гэсэн үгс ер гарахгүй.

Улс, цаашлаад төр буй цагт энэ улсад байгаа амьтай бүхэн харьяалагдана. Тухайлбал, нохой төрийн дор байдаг гэж би хэлнэ. Б.Лхагвасүрэн гуай зөнөчихөөд юу ярьж байна гэж хүмүүс бодох байх. Гэтэл засгийн газраас шийдвэр гарч золбин нохой ихэссэн тул 10 мянгыг алсугай. Тэгэхээр төрийн дор буй нохой төрөөс цааз эдэлж байна. Энэ мэтчилэн зүйл бий. Шинээр төрсөн хүүхдийг эх баригчаас нь өмнө төр, тэнгэр хоёр тосож авдаг. Үнэндээ өнөөдрийн төрийг сайжруулахын тулд нэг хүнийг муулаад дуусчих ажил биш. Ард түмний гомдол санал гарч ирэхэд л нэг хэсэг бүлэг хүмүүсийг үгүй хийнэ гэж зүтгэнэ. Тэр нь сайжруулж буй зүйл биш садан төрөл, өөрийн хүнээ албан тушаалд тавих гэсэн л зүйл. Ийм үед төр яаж цэвэр байх билээ.

– Төрийн түшээдийг ард түмэн сонгодог. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд сонгосоор ч ирлээ. Гэхдээ энэ тохиолдолд сонголт чинь буруу байсан гэж ард түмнийг буруутгах утгагүй байх, тийм үү ?

– Түүхийн ямар ч үед ард түмний буруу гэж байгаагүй. Харин ч миний ард түмэн хамгийн тэсвэртэй, хамгийн ноён нуруутай, хамгийн хүлээцтэй, хүн хайрлаж чаддаг ард түмэн. Гэтэл өнөөдөр Монголын ард түмнийг хувааж дууслаа. Их өөрөөр боддог, сэтгэдэг, юу ч уншаагүй хүмүүсийн тулааны газар боллоо. Гэтэл бүгдээрээ л Монгол цусны үргэлжлэл байдаг. Өөрийнх нь эрх ашгаас илүү улсаа тавьчих сэтгэлтэй хүн олдохгүй болох нь байна. Уг нь энэ чинь хамгийн энгийн зүйл шүү дээ.

– Тантай санал нэг байна. Тиймээс бид хийсэн ажлаа түлхүү ярьж, хэлэлцэн, шүүж тунгаах нь илүү дээр болов уу?

– Тийм. Бие биенээ муу хэлсээр байгаад ариун хүн үлдэхээ байлаа. Монголчуудын дунд бие биенээ хайрлах хайр, төрөө хүндлэх сэтгэл, хуулиа дээдлэх хүндлэл байхгүй болж. Ингэж хамгийн муу харагдаж буйдаа эргэн тойрныхоо улсуудаас ичих хэрэгтэй. Ичих цаг нь ч болж. Монгол чинь анхны төрт улс үүссэн түүхтэй улс шүү дээ. Гэтэл үүсгэгч нь үүссэнээсээ ичиж явна гэдэг бол гутамшигт зүйл.

– Баярлалаа

Эх сурвалж: IKO.MN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549