Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга огцорчихсон мэт сэтгэл зүй нийгэмд бий болчихлоо

access_time 2019-01-22
remove_red_eye 161

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд “Төв талбайд хийсэн жагсаал, одоо болтол суулт хийж байгаа иргэдийн тэмцлийн үр дүн энэ долоо хоногт гарна. УИХ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий тогтоолыг баталсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд талбай дээр суулт зарлаж байгаа иргэдтэйгээ хамтран ажиллалаа. Иргэдийн гарын үсгийг цуглуулсан.

Бидний тэмцлийг дэмжиж байгаа 30 гаруй мянган хүн гарын үсгээ зурсан. Гарын үсэг зурсан иргэдийн гарын үсэг, утасны дугаарыг нь давхар авсан. Энэ гарын үсгүүд бол цаанаа бодит эзэнтэй гэсэн үг. Энэ гарын үсгүүдийг УИХ-ын даргад гардуулж өгнө. Мөн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль батлагдсан учраас өнөөдрөөс эхлээд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Ирэх баасан гаригт хууль хүчин төгөлдөр болно. Тэр даруйд нь тогтоолын төслөө өргөн барина. УИХ-ын даргыг огцруулснаар талбай дээрх суултын арга хэмжээ зогсоно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Манай монголчууд их тайван. Тиймээс УИХ-ын дарга огцорчихсон юм шиг сэтгэл зүйтэй болчихсон байна. Манай монголчууд яг ингэж алддаг. Ингэж нийгмийн анхаарал суларч сэдэв солигддог. Цагаан сар дөхөж байна. Бас ээлжит бус чуулган завсарлах дөхөж байна. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн даруйд тогтоолын төслөө өргөн барина. Өнөөдрөөс миний бланк дээр гарын үсэг цуглуулна. Хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар цаг тухай үед нь мэдээлж байна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549