Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй

access_time 2019-01-21
remove_red_eye 240

 

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдлээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслүүдийг боловсруулж гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зураад байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашаа явахад маш хүндрэлтэй болж байна. Тиймээс энэ их хурал тарж энэ хавар ээлжит бус чуулган явуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас дагаж мөрдөх шийдвэрийг гаргасан. Гарын үсэг цуглуулах ажиллагааг урьдчилан хийж байна. Гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах байх. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй. УИХ-ын намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хоног хуралдах хуулийн заалттай. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад энэ асуудлаа нэг тийш болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Л.Болд гишүүн намаасаа гарах өргөдлөө өгсөн. Энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх вэ?

-Л.Болд гишүүн өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын квотоор нэр дэвшиж, жирийн гишүүдийн дэмжлэгтэй энэ их хуралд сонгогдсон. Л.Болд гишүүн АН-ын үндсэн Дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл үндсэн Дүрэмд нийцээгүй. Тиймээс энэ сарын 17-нд намын Үндсэн дүрмийн дагуу анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан байна. Нам дүрмийнхээ дагуу шийдвэрээ гаргаад явна. Намаас Л.Болд гишүүнийг намаас хасах шийдвэр ирүүлбэл бүлэг хэлэлцэнэ.

-УИХ-ын даргыг огцруулах бичигт АН-ын гишүүд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын бүлгийн гишүүдийн сүүлийн гарын үсэг зурж, УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах бичиг. Бид өөр ямар ч бичиг баримтан дээр гарын үсэг зурахгүй гэдгийг тодорхой хэлье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549