Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог илжигтэй зүйрлэсэн иргэд 20 жил хоригдох ял сонсох гэж байна

2018-09-18 638 0

 

Венесуэлийн гал сөнөөх албанд ажилладаг хоёр эрэгтэй ерөнхийлөгч Николас Мадурог илжигтэй зүйрлэсэн видео бүтээж, сошиал сүлжээнд тараасныхаа төлөө 20 жил шоронд хоригдох ял сонсох гэж байна.

41 настай Рикардо Прието, 45 настай Карлос Варон нарыг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Венесуэлийн сөрөг тагнуулын албаныхан ажлын байрнаас нь баривчлан авч явжээ.

Харин өнгөрсөн Ням гарагт шүүгч Карлос Маркез хоёр эрд өш хонзонгийн хэргээр ял тулгах шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн онд өш хонзонгийн гэмт хэргийг Венесуэлийн эрүүгийн хуулинд шинээр оруулсан юм.

Тус видеонд ноён Мадурог “Мабурро” гэж гуйвуулан нэрлэсэн нь испани хэлний “бурро” буюу илжиг гэсэн үг ажээ.

Гал сөнөөгчид уг видеон дээр өөрийнх нь ажлын газарт орж ирсэн илжгээр Мадурог төлөөлүүлж, ерөнхийлөгч ажилтай нь танилцахаар зочлон ирсэн мэтээр тайлбарлаж дуу оруулсан байна.

Тухайлбал “Оройн мэнд нөхдөө! Та бүхний харж байгаачлан бид ерөнхийлөгч Мадурог хүлээж аваад байна. Тэр ажил байдалтай танилцаж байна. Тэр өвс хэр сайн ургасныг сая шалгалаа” гэх зэргээр дуу оруулжээ.

Андын Их сургуулийн хүний эрхийн хуульч Иван Торогийн үзэж байгаагаар шинэ гэмт хэргийн төрөл зүйлийн дагуу тэд 20 жил шоронд хоригдох ял сонсох болж байгаа гэнэ.

Одоогоор Венесуэльд нийтдээ 234 хүн улс төрийн хэргээр хоригдож байгаа ажээ. Николас Мадуро өөрийнх нь социалист эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг өршөөлгүй шийтгэдэг болоод байгаа гэнэ.

Тэр улс оронд нь тохиолдсон хямралыг АНУ-ын засаг захиргааны хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үздэг.

Холбоотой мэдээ