Гацаагч

access_time 2018-09-18
remove_red_eye 96

 

Улс даяар тоггүй болж үзлээ. Бүх л үйлдвэрлэл үйлчилгээ зогссоны дээр орон сууцны айлуудын проблемуудыг ярих ч юм биш. Тоочоод байвал их л юм боллоо. Харин салбар хариуцсан сайд Ц.Даваасүрэн эрхэм үйл явдал болсон даруйд “нэг хүний буруутай үйл ажиллагаанаас энэ бүхэн боллоо” гэж мэдэгдэх нь тэр.

Өчигдөр дахин мэдээлэл хийж өөрийгөө өмөөрөхийн зэрэгцээ, эрчим хүчний салбарт хийгдэх өчнөөн ажил зогсоосноо ид бах болгон ярив. Дандаа том төслүүдтэй холбоотой дарга, сайд нарыг зад шүүмжилсээр өөрөө сайд болсон түүнээс олон нийт арай өөр зүйлийг хүлээж байсан болов уу. Гэтэл мань эр эсэргүүцэгч имижээсээ салалгүй салбараа “эсэргүүцэж” өөрөө уснаас хуурай гарахыг эрмэлзэв.

Ингээд өчигдөр хийсэн мэдээллийг нь хамтдаа задалъя. Тэрбээр “Яг энэ үйлдвэрлэл аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг юм. Ерөнхий инженерт хариуцлага тооцооч гэсэн бичгийг Төрийн өмчийн хороонд явуулж байсан. Өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй байна. Энэ компаниудыг удирдаж, төсөв төлөвлөгөөг нь баталж байгаа, хариуцлага тооцох субъект нь ТӨХ болчихсон. Яам хариуцлага хүлээе. Гэхдээ салбарын компаниудыг манай харьяанд болго л гэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орох байсан ч хойшилсон. Бид хариуцлага тооц гээд гуйгаад сууж болохгүй шүү дээ” гэж ярив.

Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцох эрх нь ТУЗ-д байдаг тухай хэлж байна. Тодруулбал, “Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын дагуу холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга ЭХЯ, дөрөв нь ТӨБЗГ-ын албан хаагчид байна” гэжээ.

Нэг үгээр эрчим хүчний компаниудын дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 хувь нь Эрчим хүчний яамныхан байдаг аж. Тийм атал хариуцлага, ажлын алдаа мадаг гарахтай зэрэгцээд сайд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу хамаг буруугаа чихээд байгааг юу гэж ойлгох вэ. Өөрийнх нь удирдлагад байгаа хүмүүсийн удирдаж байгаа газар шүү дээ.

Мөн ТӨБЗГ-аас Эрчим хүчний сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ТЭЦ IV-ийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай албан бичгийн дагуу ТЭЦ IV-ийн ТУЗ-д удирдамж өгчээ. Энэ дагуу нь ТУЗ тус цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ц.Анхбаярыг гуравдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж өдгөө А.Бямбадорж гэж хүнийг салбарын сайдын санал болгосны дагуу томилон ажиллуулсан аж. Тэгэхээр Эрчим хүчний сайд маань өөрийнхөө санал болгосон хүнийг халж чадахгүй шаналаад яваа байх нь. Хамгийн гол нь сайдын онцлоод байгаа зүйл бол Төрийн өмчийн хорооноос эрчим хүчний компаниудыг авах тухай л гэж ойлгогдоод байгаа.

Нэг үгээр ажил санаачлаад хийж байх ёстой хүн нь хариуцлага тооцож чадахгүй байна гээд баахан дарга, цэрэг томилох эрх нэхээд сууж байгаа хэрэг. Ажлыг нь сайжруулж, бодлогод нь анхаарах ёстой Засгийн газрын сайд салбарынхнаа хариуцлага алдахыг нь хүлээж байгаад өмнөө авчирч өвдгийг нь чичрүүлдэг эрлэг номун хааны эрх мэдэл нэхэж байгаа нь ямар учиртай юм. Ингэж тоглодоггүй юм гэдгийг ойлгодоггүй төрийн сайд байгааг, албан тушаалыг эрх сүр гэж ойлгож байгааг нь ард түмэнд яаж ойлгуулах болж байна.

Ер нь тэгээд баахан дарга, цэрэг солих мэдэлд улайраад байгаа нь цаанаа ямар эрх ашгийн төлөө юм гэдгийг ч бодох ёстой. Өнөөдрийг хүртэл Эрчим хүчний сайдыг тойрсон “Өөрийн хүмүүсээ албан тушаалд байрлуулсан” гэх хэл ам огт татрахгүй байгааг ч бодмоор.

Мөн тэрбээр “Энэ аваар манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харуулж байгаа юм. ТЭЦ IV дээр аваар гарахад бүгдээрээ зогсчихож байна. ТЭЦ III дагаад уначихсан. Харьцангуй хүчин чадлын зөрүүтэй. ТЭЦ III бол ТЭЦ IV-ийн нэг блокын хүчин чадалтай л станц шүү дээ. Өнөөдөр бид Багануур дээр 350 МВт хүчин чадалтай хоёр генератортай станц барих тухай яриад байгаа. Гэтэл ТЭЦ IV 380 МВт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначхаж байна. Тийм учраас Багануур дээр ийм станц баривал яах уу, тэнд ямар нэгэн аваар осол, хүнээс шалтгаалсан юм гарахад манай систем дагаад л унадаг болно.

Тийм учраас Багануурын гээд саяын гарч байгаа аваар шиг аваар үүсгэдэг нэг станцтай болох гээд байна шүү дээ. Хоёрт, нарыг (нарны цахилгаан станц) ихээр хөгжүүлж болохгүй гэдгийг харуулж байгаа юм. Нарны станц 300 МВт хүрээд ирэхээр яах нь уу. Гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно. Одоо жишээлбэл, сая аваар гардаг өдөр нар, салхи бол яг орой болоод ирэнгүүт 60 МВт байхгүй болчхож байгаа. Наргүй болоод салхи нь намуухан болоод ирэхээр бид 60 МВт-аар хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлж байна. Одоо ч (өчигдөр) хязгаарлалттай явж байгаа. Энэ бидэнд юм хэлээд байна шүү дээ” гэж ярив.

Үргэлжлүүлээд “Жишээ нь наран (нарны цахилгаан станцын төсөл) дээр 21 компанийг зогсоох гэлээ гээд над руу дайрч байна шүү дээ. Би зогсоочихсон байгаа. Нэг ширхэг лиценз үйлдвэрлээгүй байгаа шүү. Яг ний нуугүй хэлэхэд нар, салхин дээр 1,500 МВт-ын зөвшөөрөл өгөөд явчихсан байсан. Энэ 300 МВт-аас дээш байж болохгүй. Би зогсоочихсон байгаа.

Үүнийг буруутгаад байна. Багануурыг мөн ялгаа байхгүй зогсоочихсон байгаа шүү дээ. Ингэхээр ийм зөрчил гараад байна” гэв.

Ийм хандлагатай болохоор нь, салбартаа очсон даруйдаа бүх төсөл төлөвлөгөөг зогсоосон болохоор нь “гацаагч” гээд байгаа юм. Нөхрийн бодлоор бол эрчим хүчний салбарт тэгээд юу хийх шаардлага байгаа юм бэ. Өмнө нь Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг эсэргүүцэж ирсэн шигээ одоо салбарынхаа ажлыг эсэргүүцээд сууж байх нь зөв үү. Нар, салхины эрчим хүчийг Монгол Улс 2020 он гэхэд хэрэглээнийхээ 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилттой байгаа. Түүний төлөө ажиллах манай улсад усан цахилгаан станц хэрэгтэй талаар өчнөөн жил ярилаа.

Эгийн голын усан цахилгаан станцаас өөр бодитой төсөл ч одоогоор алга. Салбарын сайд үүнийг урагшлуулахын тулд тэгвэл юу хийв. Ядаж юу ярив. Өнөөдөр байгаа цахилгаан станцуудын насжилт бол бусад орнуудтай харьцуулахад ичмээр, он удчихсан байна. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлд алхахаар чармайж байхад, манай сайд эсрэгээр нь ярьж байх юм. Гэхдээ дандаа ч ийм юм яриагүй л дээ. Сарын өмнө “Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний наймдугаар форум” манай улсад болсон.

Тэр үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд маш олон бэрхшээл тулгардаг. Бид эдгээр асуудлыг хэлэлцэж, олон улстай туршлага солилцож байгаа нь сайшаалтай. Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ” төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой” гэдгийг хэлж байлаа.

Эрчим хүчний төслүүдийг ширээндээ дарчхаад нэг үгээ хэлсэн шүлс нь хатаагүй байхад өөр юм яриад явж байгаа хүний цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ яаманд болсон хэрэгт хариуцлага хүлээгээд ажил, үүргээсээ татгалзсан нь сарын өмнөх явдал. Тэгвэл улс даяар тоггүй болоод байхад, эрчим хүчний салбарт хийгдэх төслүүдээ явуулахгүй гэж зарлаад байхад үүрэх хариуцлага байхгүй гэж үү.

Ер нь тэгээд төрийн албаны томилгоонд одоо зөвхөн фракц, бүлэглэлийн эрх ашгийг хангаад тэндээс нь санал болгосон хэнийг ч хамаагүй дэвшүүлдэг явдалд цэг тавимаар байна. Зориудын гэмээр зөрүүлсэн томилгоо яваад байх юм. Орон нутгаас сонгогдсон хүнээр ХХААХҮ, хотоос сонгогдсон хүнээр Эрчим хүчнийх нь асуудлыг хариуцуулдаг больё л доо. Алдаа эндэгдэл гаргалаа гэхэд ард нь сонгосон хүмүүст хүртээлгүй, тэд нь дуулж харагддаггүй тийм хүмүүсээр салбарыг удирдуулахаар яасан ч яахав гэдэг шиг аашилж байгаа юм биш биз. Үнэндээ сүүлийн үеийн явдлуудаас харвал Ц.Даваасүрэн сайдыг биеэ өмөөрөгч гэж дүгнэвэл илүү зохино. Гэхдээ өчигдөр хийсэн мэдэгдлээрээ Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “гацаагч” гэдгээ дахин нотоллоо.

Эргээд сануулахад, Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны удирдлагад өмнө нь болон одоо ажиллаж хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болох 5.6 тэрбум төгрөгийн тендер авсан тухай өнгөрсөн сард мэдээлж байлаа. Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гарч ирээд “Миний ах, дүү нараас нэг нь ч аваагүй” гээд мэдэгдэж байв. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбараас хэлтэлж, хумсалж байна уу гэдгийг хянаж, бодлогыг нь зангидаж байх ёстой хүн шүү дээ.

Ер нь тэгээд ах, дүү нарынхаа нэр дээр ашиг сонирхлын зөрчилтэй тендер авах гэнэн хүн одоо байхгүй. Одоо улс даяар тоггүй болчхоод байхад өөрөөсөө бусдад нялзаагаад сууж байна. Гэмшсэн хүн цочно гэдэг шиг мэдэгдлүүдийг Монгол Улсын Эрчим хүчний сайд хийсээр л байг уу.

Эх сурвалж: Үндэсний шуудан 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549