14 зорчигчтой Оросын цэргийн нисэх онгоцыг Сирийн арми санамсаргүй устгасан байж магадгүй гэжээ

2018-09-18 718 0

 

Оросын төрийн өмчит сувгийн мэдээлснээр тус улсын зэвсэгт хүчний 14 зорчигчтой ИЛ-20 нисэх онгоц Даваа гарагт Сирийн Хмеймим агаарын баазын харалдаа Газар дундын тэнгис дээгүүр нисэж байгаад сураггүй болжээ.

Тэгвэл АНУ-ын албаныхны үзэж байгаагаар Сирийн засгийн газрын цэргүүд Израйлийн пуужинг устгах гэж байгаад санамсаргүй Оросын нисэх онгоцыг буудаж унагасан байх өндөр магадлалтай гэнэ.

Израйлийн тал пуужингуудыг тэнгисийн уснаас Сирийн эргийн Латакиа хотын хэд хэдэн цэгт чиглүүлэн харвасан юм байна. Тэдгээрийн заримыг Сирийн зэвсэгт хүчин амдаж устгаснаа мэдээлсний дараахан Оросын нисэх онгоц сураггүй болжээ.

Пуужингууд Латакиа дахь Сирийн зэвсгийн байгууламжуудыг чиглэж байсан байна. Сирийн төв телевизийн мэдээлснээр уг довтолгооны улмаас 10 хүн шархдсан гэнэ.

Довтолгоог хэн үйлдсэнийг албан ёсоор батлаагүй ч сүүлийн үед Израйлийн талаас пуужингийн дайралт байнга үйлдэх болсон тул эзэн нь тодорхой гэж үзсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт болсон Израйлийн засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд Бенжамин Нетаньяху улс орон нь “дайснуудаа орчин үеийн зэвсэгтэй болохоос сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан гэнэ.

АНУ-ын төв командлал Даваа гарагт Сирийн энэ хэсэгт ямар ч байлдааны ажиллагаа явуулаагүйгээ батлан мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ