Г.Бумчимэг: Хятадын 2 тэрбум ам.долларыг төлөхөөр цаана нь нэг тэрбум ч хүрэхгүй нөөц үлдэнэ

access_time 2018-09-18
remove_red_eye 170

 

Төгрөгтэй харьцах ам.долларын нэрлэсэн ханш өнөөдөр 2,500 давж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Үүнийг Монголбанкны зүгээс валютын орох урсгал өмнөх жилээс сайжирч байгаа ч эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Тэгвэл эдийн засагчид хэрхэн дүгнэж байгаа талаар бид тодруулахыг зорьсон юм. Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгийн байр суурийг хүргэж байна.

-Долларын нэрлэсэн ханш өнөөдөр 2,500 төгрөг давлаа. Монголбанкны валютын нөөц өнгөрсөн оныхоос гурав дахин өсчихсөн байгаа хэрнээ ам.долларын ханш буух биш, эсрэгээрээ нэмэгдээд байгааг та хэрхэн тайлбарлах вэ?

-Нэгдүгээрт, импорт экспортоос өссөн. Хоёрдугаарт, төв банкны валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар байгаа ч үүний 2 тэрбум нь Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн мөнгө гэсэн үг. Хятадын 2 тэрбум ам.долларыг төлөхөөр цаана нь нэг тэрбум ч хүрэхгүй нөөц үлдэнэ. Дахин нэг гадаад өр төлөхөд л мөнгө нь хүрэхээргүй болохоор байна гэсэн үг. Тэгэхээр Монголбанкны валютын нөөцийг хангалттай гэж үзэхгүй. Дийлэнх нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа.

-Алтны нөөц нэмэгдүүлэх тал дээр Монголбанк аян хүртэл зарлаад ажиллаж байгаа. Энэ нь валютын дотоод нөөцөө нэмэгдүүлэхэд хэр үр дүнтэй байна гэж та үзэж байна вэ?

-Төв банк иргэн, байгууллагаас алт худалдан аваад, оронд нь төгрөг өгдөг. Түүнийгээ доллар болгоод өөрсдөө нөөц болгочихож байгаа. Тэгэхээр алт худалдан авч байгаа нь өөрөө төгрөг гаргаж байгаа л интервенци гэсэн үг. Монголбанк алт илүү худалдан авснаараа нөөц хангалттай өсөөд, эсвэл алтны экспорт нэмэгдээд байна гэдэг нь хийсвэр санагдаад байгаа. Арилжааны банк алт худалдаж аваад, тэрийгээ гадаад зах зээлд борлуулж, доллар болгосноо төв банкинд зарж байгаатай яг л адилхан үйл явц. Мэдээж алтаа авдгаараа аваад л явна л даа.

-Ам.долларын ханшийн энэ өсөлт улирлын чанартай гэдэгтэй та санал нийлэх үү?

-Миний хувьд ханшийг харин ч харьцангуй тогтвортой байна уу л гэж хараад байна. Бас нэг тайлбар, алт худалдаж авчихаад оронд нь төв банк төгрөг өгчихөж байгаа. Тэр төгрөгийг авсан компаниуд мөнгөөрөө импортын бүтээгдэхүүн худалдан авч байж болно шүү дээ. Энэ нь өөрөө эргээд долларын эрэлтийг нэмэгдүүлж болно.

Бидний 2016 онд хийсэн судалгаагаар төсөөлж байснаас ханш чанга байгаад байна уу гэж харж байтал аажмаар суларч байна.

Нөгөө талаас, инфляци нэлээд өндөр байгаа нь бодит ханшийг чанга байлгаж байгаа юм. Зөвхөн нэрлэсэн ханшаас гадна бодит ханш нөлөөлнө. Жишээ нь, нэг ам.доллар 2,500 хүрчихлээ. Гэтэл дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ илүү нэмэгдээд байвал импортын бүтээгдэхүүн авах нь илүү хямдхан болно. Тийм учраас ханшийг хэтэрхий тогтмол барих нь манай өрсөлдөх чадварт тийм ч таатай биш. Түүнээс гадна, ирээдүйд их өрүүд хүлээгдэж байгаа учраас ханш сул байхдаа гэмгүй, 2,500-2,600 ч юм уу.

-Монголбанк одоо ямар арга хэмжээ авбал оновчтой гэж та үзэж байна вэ?

-Монголбанк аль болох их нөөцийг зах зээлээс хамж бүрдүүлэх хэрэгтэй. Байгаа долларыг нь аваад байвал төгрөгийн ханш суларна. Хэрэв ингэж чадахгүй бол Хятадын банкинд свопоо төлөөд, дараа нь өөр зээл төлж чадахгүйд хүрч, магадгүй 2016 онд нөөцгүй болж байсан шиг нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.

Ер нь бол байдал тэр үеийнхээс бага зэрэг л дээрдсэнээс биш гажуудлыг бүрэн засах хэмжээнд хүрээгүй гэж харж байна. Тэгэхээр нөөцөө л илүү хуримтлуулах ёстой гэж бодож байна.

-Мөнгөний бодлогын зөвлөл удахгүй хуралдана гэсэн. Эндээс гарах шийдвэрийн талаар та ямар хүлээлттэй байна вэ. Төв банкны авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Инфляци нэлээд өсөж байгаа. Тиймээс төв банк бодлогын хүүгээ бууруулахгүй болов уу. Өнгөрсөн улиралд өр, орлогын харьцааг хязгаарлах арга хэмжээ авсан нь зөв шийдвэр байсан гэж бодож байгаа. Хэрэглээний зээлийг хумьж, компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлүүд илүү түлхүү гарах юм бол ирээдүйд илүү үр өгөөжөө өгнө.

Нөгөө талаас төсвийн орлого өсөхтэй зэрэгцээд зардлаа нэмээд байвал эдийн засаг хүндэрнэ гэж харж байгаа. Төсөв талаасаа үр ашигтай хөрөнгө оруулалт хийхгүй бол эргээд өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549