Бөөгийн түшээ ба өргөл хэрхэн өргөх вэ?

access_time 2018-09-18
remove_red_eye 716

 

Улаачын “ТҮШЭЭ” гэж тухайн онгод Тэнгэрийн барьж буй талаас тохоон томилогддог хүнийг хэлдэг. Зарим онгод Тэнгэрүүд хэнийг түшээ хийхийг нь өөрсдөө томилно. Мөн улаач өөрөө өөрийн талын хамгийн сайн хүнээ сонгож болдог. Хүн харахад л Бөөгөө дагаад л яваад нэхсэн юмсыг нь авч өгөх үүрэгтэй харагдавч ТҮШЭЭ бол маш хариуцлагатай хэцүү үүрэг, хүнд ажил.

Бидний түүхэнд бол Түшээ их амархан л санагддаг байлаа. Хүүгээ босоход нь ангийнх нь нэг найзыг Түшээ болгочихъё, буухад нь хамт байчихаад л бусад үед нь хамт хичээлдээ явж байхад амар гээд л тэр хүүг дотуур байрнаас нь гаргаад л гэртээ байлгахаар тохирчихов.

Харин Буурал буугаад миний охиныг Түшээ бол гэв. Гэтэл охин эхний буултаас л ухаан алдатлаа айн зугтаачихсан юмдаг. Хүү Бөө болох ёслолын эхний өдрөөс л ямар хэцүүг мэдсэн билээ. Өдөрт гурван удаа биежтэлээ бууна. 90 гараг ёсчилон гүйцэтгэ гэсэн тул юун хичээл номондоо явахдаа манатай болж чөлөө авав. Өөрсдийн дураар бидний Түшээгээр сонгосон найзыг нь дагаад чөлөө авахуулалтай биш, гэтэл түүнийг дотуур байрнаас нь гаргачихсан бид түүнийг гэртээ байлгахаас өөр яахын. Буухдаа өглөө, өдөр, орой тогтсон цагуудад буух тул өглөө хэнгэрэг тачигнаад унана. Өдөр нь бид ажилдаа, орой яг унтдаг цагт бас пижигнүүлж өгнө.

Бидний тогтсон амьдралын хэв маягийг бүрэн өөрчлөн дураараа дургих Хий үзэгдлүүдэд бид дээрэлхүүлэх шиг л болж байна гэмээр байлаа анхны үед. Юу вэ тэр сүү, шар тос нь хамаг мөнгийг минь хуу хамаад л, явж бидний өөр өөрийн дуртай хүнсээ л авч иддэг амьдрал маань хэцүүдэв. Тэгээд бид варень гэхэд л нэг төрлийн юм уу, ундаа ч нэг төрлийн, боовнууд ч нэг төрлийн болж ирэн хүүхдүүд хүртэл бухимдаж билээ. Бид нийтээрээ гэр бүлээрээ нэг төрлийн идэх юм идэх болоход бид бүгдийн ашиг сонирхол зөрчилдөв. Ямар сайндаа нөхөр маань эдэнтэй ер нь хэлэлцээр хийе гэж байхав дээ. Бид ажил албаа таслаад Түшээ хийлтэй биш. Тэдний амьдралд тааруулан нөхрийн бага дүүг авчран түшээ хийлгэн Түшээ гэх том албанд санаа зовохоо больсон.

Дээрээс нь Хадам буурлууд Догширчихсон байсан учраас эхний хэдэн өдрийн буултууд маш хүнд, хүүг маань ийш тийш нь авч шидэлсэн аймшигтай байв. Жаахан л эвгүйдвэл юмаа авч шидлээд л, аймаар аймаар.

Өөрийн талын үрс нь Угаа хүлээн авахгүй удан, бас итгэхгүй дургүйцэж байсанд Догширсон онгодууд маш хилэнтэй бууж нэг үг буруу хэлэхэд л гөвөөд авна. Цай өгвөл шууд гартай нь хавсраад өшиглөнө. Хөөрхий муу Түшээг маш их зоддог байлаа. Тас хийтэл нь савж унатал нь алгадана. Эргүү, мулгуу, мунхаг , амьд хүүр гээд л харааж өгнө. Энэ үйлдлийг хирийн хүн тэсэхэд бэрх. Миний хүүг хүртэл Муу мунхаг улаач гээд л зодно. Эртний хэлүүдийнх нь утгыг олох, хариу зөв хэлэх гэдэг үнэн хэцүү. Ийм хүнд бэрх олон буултуудыг Түшээ үр давж байж Онгодууд нь тайвширч налгар буудаг болсон юм.

Зөв харьцаж зөв ярих, хүндэлж харьцах, хэлсэнг нь зөв ойлгохгүй бол алуулна гэсэн үг. Ядаж байхад толгой холбоод шүлэглээд явчуул бүүр хэцүү. Өргөөнд буруу суулаа, Энгэр заам нь задгай, дэлэнгээ ил унжуулсан шуламнуудыг орууллаа хэмээн уурлана. Эмэгтэй хүн энгэр нь задгай хувцас өмсөх, үсээ задгай тавихад их дургүй. Хүний хувцас өмсөж орвол бүүр загнана. Хүний хувцас битгий өмсөж бай гэдэг. Хөл нүцгэн ороход хүртэл дургүй, оймстой оруулна гээд л нэг үгээр хэлбэл бөөн маяг гэсэн үг. Хэд нүдүүлээд л сурж байгаа юм даа хэхэхэхэ. Мөн үсээ будуулахдаа улаан хүрэнгээр будуулсан хүнд маш их дургүйцэн. Чамд зовлон ирэлгүй яахын үсээ юугаар бузарласнаа хар гэдэг. Тэгэхээр улаан хүрэн өнгөөр үс будах бол муу байх нь. Шар мард бол загнаад байдаггүй.

Ийм адармаатай ааштай олон янзын Онгодуудын сэтгэлд нийцэн тайван буулгах гэдэг маш хүнд. Нэг удаа ууртай онго буун идээний дээж барьсангүй хэмээн цайгаа цацаад хаяв. Буултын цайг нь чанаж байхдаа би нэг удаа давс нь яасан бол гээд амсаад үзсэнгээ санаад мэл гайхав. Манай гал тогоо нэг давхартаа байдаг. Эд одоо хаашаа юм бэ? яаж цай чанаж байгааг минь хүртэл хараад байж байдаг байх нь гээд үстэй толгой арзайж байлаа. Бид их юм сурсаан. Нөхөр бид хоёр уг нь Бор гэртээ Богд, хатан хоёр, Хар гэртээ Хаан, Хатангууд л байлаа. Бидний амдьралд хэний маань ч ээж аавууд оролцоод байдаггүй. Хэн ч бид хоёрт саад болохгүй бүхнийг өөрсдөө л шийдээд хориод жил амьдарчихаад байхад нэг л өдөр энэ аймшигт Хий үзэгдлүүд босох суухыг минь хүртэл заадаг болсон нь тэр үедээ галзуурмаар байж билээ.

Харин хэдэн сарын дараа гэхэд бидний төлөө гэсэн тэдний сэтгэл, хайр, тусыг ойлгон Хий үзэгдлүүд хэмээн уурсахаа болин Буурлууд хэмээн хүндэтгэн бид нэгэн гэр бүл болж чадсан.
Энэ хугацаанд Бөө болон Түшээгийн харьцааг бас өдөр бүр л харж байлаа. Манайд тамхи татдаг хүн байхгүй нөхөр маань тамхинд маш дургүй учраас Хүүгээ БӨӨ болсон ч тамхи татаж болохгүй хэмээн захиж, буурлуудад огт зөвшөөрөл өгсөнгүй. Нэг удаа би Буурлуудтай ярилцан Тав тухыг нь асуун хэрэгтэй юм юу байна гэтэл бүх юм сайхан байна. Гав ганц юм л….. гэснээ аймаар өрөвдөлтэй дуугаран Иймхэн гээд чигчий хурууны үзүүрээ заагаад … байвал Айдаа мөн сайхнаа хэмээн санаа алдав. Би юуг нь ойлгосон ч ойлгоогүй царайлан Юу? гэхэд инээснээ “Чи мэдэж л байгаа ш дээ” гэснээ. Хуруугаа амандаа хийж шов шов хийтэл хэд сорсноо биеэ хөдөлгөн айлгүйтэв. Хөөрхий амьтан ямар хөөрхөн юм бэ? гэж би бодоод маргааш нь нөхрөөсөө нууж хамгийн хор багатай гээд байдаг нарийхан цагаан тамхи авч өгөв. Хэн гэдэг ч билээ тэр тамхийг нэрийг нь мэдэхгүй байна. Лав л их нарийхан байсандаг. Тэр бас дотроо олон өнгө байдаг гэсэн байхаа.

Уг нь би тэрэнд л тамхи авч өгсөн ч дараа нь өөр нэг Бүдүүн онго хээв нэгийг аваад татаж байгааг хараад мэл гайхав. Сүүлдээ нөгөөдүүл чинь даварсаар бүр гансаар тамхи татдаг болсон байв. Маш зальтай, иймхэн жааханг гээд гуйж байснаа хэнэг ч үгүй Гансдчихсан байдаг байгаа. Харин жилийн дараа бүүр тоглочихсон сууж байв. Түшээ үртэйгээ гансандаа гозгор цагаанаа хийгээд ээлжлэн нэг нэг сорж байв. Үнсийг нь унагахгүй татаад, үнс унагасан нь шийтгүүлэх Тоглоом тоглочихсоон сууж байв. Тэгж тэгж Түшээ үр унагахад Буурал инээд алдсанаа Түүний духыг Тон хийтэл цохдоод баясан инээж байлаа.

Нэг удаа дайрлага дайран Түшээ үр сууж байснаа тэр чигтээ ухаан алдаж унав. Буурал хэд ташуурдан, уншлага уншаад сэхээхэд Буурлаа хэмээн Түшээ үр нь барьж аваад наалдчихсан. Нөгөөх нь үнсээд л хариугүй тавиад туучих дөхлөө хэмээн аргадан энхрийлж байв. Тэд одоо найзууд болжээ. Энэ бүхнээс харахад Түшээ гэдэг хүн бол Буурлын ямар чухал хүн нь тодорхой. Түшээ хүн Буурлуудынхаа зан чанарыг хэнээс илүү мэдэн ойлгож, ирсэн хүмүүст сайн тайлбарлан, хооронд нь гүүр болж өгдөг. Ирсэн хүнээс хэрэв сарын тэмдэг нь ирсэн хүн байвал Өргөөнд орохгүй байхыг сануулах, буурлыг уурлуулах хувцас хунар, үг хэллэг хэрэглэхгүй байх, ёс дэгийг нь тайлбарлах гэх мэт бүх зүйлийг хийх ёстой. Хэрэв буусан буурал хилэгнэвэл юун засал номдоо манатай хамаг муу хийсэн бүх үйлийг чинь түмэнд дэлгээд өгнө шүү. Өөрөөсөө ч нуудаг үйлийг чинь хэлээд өгөх үү л гэнэ. Буултын үед улаачын бие хамгаалагч бас болно. Улаач өөрийн ухаанаа алдах учир түүнийг хянаж, Онгодуудыг тайван залах, болсон хэлсэн бүхэнг дараа нь улаачид бас хэлж өгөх, хүмүүст онгодын хэлсэнийг зөв ойлгуулан давтаж хэлэн өнөө цагийн хэлээр сайн тайлбарлах гэх мэт маш их хариуцлага үүрнэ. Мөн онгодын эдлэл хэрэглэл, улаачын хэрэглэлийг хямгадан сэвтүүлэхгүй байх, өргөө гэрээ цэвэрлэх, зул хүж, арцаа таслахгүй байх, идээ будаагаа шинэчлэх, өргөл барьцыг нь Тэнгэр хангайд зөв өргөх гэх мэтээр дэндүү их ажилтай байдаг. Иймээс БӨӨ гөөс гадна ТҮШЭЭ хүнийг нь бас хүндэтгэн, ойлгож байгаарай.

Түшээ хүн ч өөрийн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах ёстой. Хэрэв түшээ хүн онгод Тэнгэрээс ч илүү эрх мэдэлтэйгээр даналзан, хүн амьтан загнан, шуналд автах, ашиг харах, ирсэн олныг ялгаварлан хандах, Улаачыг буруу үйлд уруу татах, өргөлийг зориулалтын зүйлд нь зарахгүй өөртөө ашиглах гэх мэт ёс суртахууны доголдол гаргаад байвал Шүүлтэнд хамгийн адгийн газарлуу очино гэдгээ мэдэх хэрэгтэй. Жишээ нь зарим нэг улаач бага балчир, түшээ нь аав, ээж нь юмуу , ахмад хүмүүс их байдаг. Энэ хүмүүс балчир улаачынхаа өөрийгөө авч явах чадвар, нас нь болоогүйг далмидуулан муу үлгэр дуурайл үзүүлэн, буруу үйлд хөтлөх үйлийг огт хийж болохгүй. Онгод Тэнгэр гутвал улаачын чинь амийг нь таслана. Өөрт чинь ч муу. Тэд бүгдийг харж байдаг, бас заавал шүүлт ирдэг.

Түшээ хүн ч БӨӨгийн талаар, сүнсний талаар маш их мэдлэгтэй байх нь зүйтэй. Мэдлэг гэдэг нь Тэр буурал тэгээд ингээд, ингэдэг тэгдэг гэж үйл явдал, болсон гайхамшгийг нь ярих биш. Дэг журам, нууц, учир холбоо, болох болохгүй үйл, ёс суртахууны өндөр мэдлэгтэй байхыг хэлж байна.

Мөн ТҮШЭЭ хүн бол Онгодын ч Үйлчлүүлэгчдийн ч итгэлт хүн нь байж. НУУЦыг чанд сахих нь маш хариуцлагатай явдал. Хэрэв ам нь халаад л Улаачынхаа хамаг бүхнийг дэлгэвэл атаатан дайсан тэрнийг нь мэдэж аваад Улаачыг чинь хорлоно. Мөн үйлчлүүлэгч түмэн олны нууцыг хадгалах. Энэ бол энэ замбативийн Хүн ёсны ёс суртахуун. Жаргалтай хүн бол БӨӨ дээр ирэхгүй. Ямар нэгэн шаналан зовлон, хүсэл мөрөөдөл, асуудлуудаа л шийдэх гэж тусламж хүсэж ирдэг. Хүний амьдрал л учраас ямар ч хүнд юу ч тохиолдож болно. Хүний зовлонг сонсоод гайхах биш надад ийм байвал яах вэ гэж өөрсдөө мэдэрч байх ёстой. Түшээ хүн энэ амьдарч байгаа замбативийнхээ амьдралыг сайн мэддэг, Буурлуудад сайн тайлбарлаж чаддаг, ухаантай хүн байх хэрэгтэй байдаг.

ТҮШЭЭ гэж хэн хүссэн болон хийчихээр ажил биш гэдгийг та бүгд ойлгосон байх. Маш тэвчээртэй хатуужилтай, ажилсаг хүн байх нь наад захын шаардлага. Одоо миний хүүгийн Түшээ үр маш сайн Түшээ болж чадсан. Тэр улаач хүүг маань , дээрээснь Буурлуудаа ч хайрлан халамжлан, хамгаалах хэцүү үүрэгт ажилтай.
Харин би өөрөө БӨӨ болох үеийн хамгийн хүнд асуудлуудын нэг нь Түшээ байлаа. Манай ээж бол нэг үг ширүүхэн хэлчихвэл бөөн гомдол, уйлаад салахгүй. Дүү нар маань гадаадад амьдардаг. Бага нь ээжийг асрах гэж том албатай, бас хичээл номтой. Манай Буурал аавын талаас учраас тэдний талын хүн байх хэрэгтэй. Гэтэл тэд нар намайг Бөө болох нь ёслолд нь оролцоод нүүрээ харуулаач гээд гуйгаад бараагүй. Хүүгийнхээ Түшээгийн авгайг Түшээ болгох гэхээр нялх хүүхэдтэй гээд л БӨӨН асуудал. Гэтэл багшид манай онгодууд бүү санаа зов, бүх юм болдогоороо болно, ганцаараа байсан ч хамаагүй хэмээн хэлүүлсэнг сонсоод хөөрхий амьтад намайг сэтгэл санаагаар дэмжиж байгаа юм байхдаа гэж өрөвдөж байж билээ. Дүү гадаадаас ирэн эхний хэд хоног, биежтэл нь туслая гэснээр түр Түшээтэй болов. Ингэж Бяцхан Түшээ гэдэг нэр мэндэлсэн юм. Гэтэл долоо хоноод л Түшээ хэрэггүй гээд дүүгээр юм хийлгэхээ болиулж, харин түүнд Монголын түүхүүдийг унших даалгавар өгөн суулгадаг болж билээ. Ингээд чи Түшээгүй буух ёстой. Чи бусдаас онцгой, бусдаас тэс өөр гэдгээ ухаар гэсэн юм.

Ингээд л би Улаачын ч, Түшээгийн ч ажлаа өөрөө хийдэг болсон юм даа.

Та бүхэн Хэрэв надад Аянга улаач шиг амьдрал тохиовол яах бол гэж бодоод үзэхэд бас л сонин байх. Чингис Хааны улаач гээд өөрийгөө та төсөөлөөд үз. Баярлах бахдахаасаа илүү хариуцлага, бас өөрийгөө чамлах голох айдас мэдэрнэ.

Та нар намайг Хагархай Хэнгэрэг гэдэг хочтойг мэднэ. Гэхдээ би тэр гэдэг нэртэй хүн ингэсэн гэж хэлэхгүй байгаа биз дээ. Тэр байтугай Иргэн А. Иргэн Г гэдэг ч үгүй шүү. Хэхэхэ. Мөн Онгодуудын маш нууцуудыг бол хэлнээ гонжийн жоо голионы баас байлгүй.

Зарим нэг хүн намайг ашгүй ашгүй Чингис Хаан буусан нь үнэн юм бол монголын нууц товчоог яг жинхэнээс нь эхнээс нь дуустал асуугаад бичээд өг гэх юм. Яанаа одоо Хэхэхэхэ. Би гэдэг хүн Тэнгэрийн захиргаанд байдаг. Өөрийнхөө хэмжээнд өчүүхэн эрх мэдэлтэй. Юу хэлэх, болох үгүй нь бүгд хяналттай. Тэр байтугай миний одоо бичиж буй бүхэн хяналтад байдаг юм шүү дээ. Хэрвээ би буруу бичвэл энэ Компьютер ч харин ч нэг дургүй хүргэх шиг болно. Гацна, алга болно, устана, дахиад бичвэл дахиад л алга болно гэх мэтээр ой ухаан нээрээ энэ чинь юу билээ хэмээн сэхээртэл үймүүлнэ. Би зөрөөд болохгүй байвал шууд сануулан хэлж загнана.

Бусад энгийн хүнийг бодвол би Тэнгэрийн хяналтанд байдаг тэсрэх бөмбөг зүүсэн хүн гэсэн үг. Хэрэв би өөрөө хүсэх юм уу, тэд хүсвэл хэзээ ч нөгөө ертөнц рүү явж болно. Байнгийн харуул манаатай, төрсөн бие маань байтугай бодол санаа минь ч хяналтанд байдаг. Эхлээд энэ бүхэн надад ёстой хэцүү байлаа. Усанд орох, хувцсаа солихдоо хүртэл тааваараа байж болохгүй. Дураараа дургиж болохгүй. Хэн дуртай хүнтэйгээ уулзаж болохгүй. Хамаагүй юм ярьж болохгүй. Тэд сонсоод л хамт байж байгаа юм чинь гэсэн бөөн толгойн өвчин. Харин одоо дасчихжээ. Ер нь бол хэцүү хүнд хувь тавилан.

Би олон ном худалдан авч шатсан хүн. Гарчигийг нь хараад аван гэртээ тухлаж байгаад л уншина. Худал бичигдсэн бол Онгодууд ураад юм уу, балаар сараачаад хаячихна. Хайран мөнгө биз дээ. Би худлыг мөнгө төлж аваад байх сайхан гэж үү? Нэг ирснийх гээд олон ном авах тул тэрийг нь ураад хаяад байвал утгагүй. Мэдсэн бол энэ мөнгөөр нь өөр хэрэгтэй ном авдаг байж хэмээн харамсана. Уран зохиолын биш дандаа л түүх, бөө, далд ертөнц, шинжлэх ухааны номнууд авна. Тэднээс үнэн байвал Тодруулагчаар тодруулж, нугалж дахин уншиж сайн ухаж өөрийнхөөрөө бод гэж даалгавар өгнө. Хэдэн удаа шатсаныхаа дараа овоо аргатай болсон. Номын дэлгүүрт нь гүйлгээд таалагдвал авах аргад сурлаа. Гэтэл тэр олон номыг гүйлгэнэ гэдэг их цаг орно. Намайг номын дэлгүүр орвол хамт явсан хүн галзуурах дөхөх тул Би хоол идчихээд, бүх арын ажлаа зохицуулчихаад, араас уурлах хүнгүй болгочихоод, эртхэн шиг очиж, хэдэн цаг болж байж хэдэн ном олно.

ӨРГӨЛ ӨРГӨХ ТУХАЙ

Би хүүгээ босоод сар гарны дараа нэг буултанд суухад Яагаад өргөл өгөхгүй байна хэмээн Буурал айлдав. Өглөө бүр л Таван тансаг өргөж л байгаа шүү дээ гэтэл Тэгж өргөдөг юм уу? Тийм юмыг өргөл гэхийн юм уу? гэж загнав. Юу нь болохоо байчихваа бас гэж бодтол. Бэргэн чи өргөл өргөхдөө юу боддог, юу хэлдэг билээ гэв. Би алдаагаа арай гэж ойлгов. Эрт хэлэхгүйдээ шатчихсан байв. Тэр үе Монголд өвлийн хүйтэн тачигнаж байсан учраас Би маш хурдан Таван тансагаа Баруун зүг рүү гялс цацчихаад л гүйгээд ордог байв. Гэтэл хүүгийн буурлуудыгаа дуудаад хэлж юм уу бодоод өргөх ёстой гэнэ. Тэгэхдээ цемэнтэн шал дээр биш Хөрст алтан дэлхий дээрээ хөлөөрөө зогсож байгаад өргөх ёстойг хэлсэн юм.
Ер нь манайхан балкон дээрээсээ л өргөл өгдөгийг Буурлууд Тийрэн хооллов мунхаг хүүрнүүд хэмээн дургүйцдэг. Одоо ч тийм биз дээ. Үгүй ядахдаа л энгийн хүмүүс хүртэл энэ өргөлийг нь Өглөө машиндаа суух гэтэл бөөн сүү, цай дээрээс нь асгарчихсан байж хамаг уур хүргэн хараал тавьдаг. Заавал газрын хөрсөн дээр зогсоод тэр зүгтээ харан хэлэх юмаа бодон зөв хэлэх ёстойг анхааруулсан. Өндөр байшин дээрээсээ өргөөд даанч ямар ч нэмэр байхгүй. Тийрэнгүүдийг өглөө бүр идээнийхээ дээжээр хооллон тэднийг гэртээ дуудаад байдаг байна. Гэтэл уг хүн маань цайны дээжээ амьхандаа Тэнгэрт өргөж байгаа ухаантай шүү дээ. Тэр Тэнгэрт чинь хүрэхийн наана түмэн янзын сүнс байдгийг ойлгоорой. Тэнгэрт гэж зориулж л хэлэхгүй, мөн ёс журмаар нь хийхгүй бол Тэнгэр хүлээн авахгүй. Яг манай буурлууд шиг албаар бүтэн сар хагас шатаасныхаа дараа мулгууг минь шоолон байж, хэзээ өөрөө ухаарахыг чинь харах гээд тэвчсэнгүй гэж билээ. Бид ч гэсэн юм хэлэлгүй шидлээд өгвөл Нохойд юм хаяж өгч байгаа шиг хэмээн ундууцдаг.

Тэгэхээр айлын авгай нар анхааралдаа аваарай. Та уг нь гэртээ сайн сайханг хүсэн цайны дээжээ өргөж байгаа. Гэтэл тэрнийгээ буруу ёслон, сүсэглэн гуйхгүй өргөвөл жинхэнэ эзэндээ хэзээ ч хүрдэггүй. Харин замын Тийрэн сүнснүүд хооллон, дахиад танаас горьдоод хүлээж байдаг гэж ойлго. Тэр өргөл цайны дээж чинь үгээр, бодлоор амилж, хүндэтгэлээр өртөөлөгдөн эзэндээ очдог. Тэрнээс биш Та яагаад ч Наранд, Тэнгэрт, Зориулсан эзэндээ хүртэл хамаг чадлаараа өргөөд өргөөд хүрэхгүй нь тодорхой. Буруу өргөсөн өргөл чинь буухдаа ч бас хүний хараалыг идээд байвал Таны хүсэл, зорилго биелэх үү ??? Та цемэнт дээр биш газрын хөрсөнд гишгэхийн тулд гадаа гарч шороон дээр гишгэх нь байна. Тэгээд заавал өргөх эзнээ дуудан хүндэлж хэлэх үгээ хэлээд тэр зүгтээ өргөнө.

Бөө ч бай Лам ч бай өргөлийг хэрхэн зөв өргөхийг өөрсдөө мэдэж аваасай. Тэгээд хүмүүст зөв тайлбарлаж өгч хэвшүүлээрэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549