Багш нарыг хуурвал ажил хаялтаа үргэлжлүүлнэ

2018-09-17 658 0

 

БСШУСЯ болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр хамтарсан шийдвэр хэлэлцээрт хүрч, ажил хаялтаа зогсоож байгаагаа талаараа Баасан гаригт мэдээлэл хийсэн. Есдүгээр сарын 17-нд буюу өнөөдөр ажил хаялтад оролцож байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, 20 мянга гаруй хүүхэд сурах эрхээ эдэлж байна.

Бид уг асуудлаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй холбогдож тодруулахад “Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, салбаруудын цалинг ялгавартайгаар нэмэх болсон тул Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ ялгаварлалыг эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулсан билээ.

Засгийн газар есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ы салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Гэвч 14 хоног үргэлжилсэн ажил хаялтын үр дүнд багш нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болж, багш нар түр хугацаанд ажил хаялтаа зогсоолоо. Засгийн газар 2019 оны улсын төсөвт цалингийн нэмэгдэлгүй суулгаж өгөхгүй хэлэлцээрээ зөрчвөл багш нар ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэв.

БСШУСЯ-наас энэ хугацаанд ажил хаялтад оролцсон багш нарт ямар нэгэн хуулийн арга хэмжээ авахгүй байхаар Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцон, улмаар цалинг нь олгохоор болжээ. Мөн боловсролын салбарт 25 мянга гаруй үйлчилгээний ажилтан байдаг бөгөөд цалинг нь адил хэмжээнд байлгахаар талууд тохиролцсон байна. Тиймээс зөвхөн багш нар биш, боловсролын салбарт ажиллаж буй үйлчилгээний ажилтны цалин ч тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болжээ.

Холбоотой мэдээ