С.Нямсайхан: Олимпийн хороог шударга байх талаар олон хүн хэлж байна

access_time 2019-01-18
remove_red_eye 307

 

Сүхбаатарын талбайн урд хэсэг 200 машины багтаамжтай зогсоолд иргэд жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаал эхлээд долоо хоног болж байгаа ч иргэд өөрсдийн үгээ хэлж нэгдсээр байна. УИХ-ын хэсэг гишүүд хоёр удаа тайван жагсаалыг төв талбайд зохион байгуулж, үргэлжлүүлээд иргэд гэр барин жагсаал хийсээр байгаа. Спорт олимпизмийг цэвэрлэх нэгдэлийн зохицуулагч С.Нямсайхантай ярилцлаа. Тэрбээр энэхүү жагсаалд сайн дураараа нэгдсэн Олимпийн хорооны талаар өөрийн бодлоо хэллээ. Тамирчин байсан хүний хувьд эрүүл байж, тамирчдыг хохироохгүй байх бүхий л боломжийг хангах ёстой хэмээн яриандаа дурдсан юм. Түүнийг яриаг хүргэе.

-Төв талбайд болж байгаа жагсаалд яагаад нэгдэхээр болов? Хоёулаа эндээс яриагаа эхлэе?

-Би спортоор хүмүүжсэн хүний нэг. Гадаадад сүүлийн хэдэн жил амьдарч байна. Монголын спортын салбарын хийж байгаа үйлдэл нь дотоод систем нь буруу байгааг анзаарлаа. Үнэндээ өнөөдөр Олимпийн хорооны удирдлагад Б.Баттүшиг гэж хүн байна. Гэтэл энэ хүний аав болох С.Батболд нь дэлхийд оффшор данстай гээд бүртгэгдчихсэн байх юм. Энэ данс нь Б.Баттүшигийн нэр дээр байдаг. Миний олж харснаар энэ мөнгийг зөв дүр эсгэж оруулж ирэх гэж харагдаж байна. Мөн Монголд тамирчдын эрх ашиг их зөрчигдөж байна. Тамирчдаар сурталчилгаагаа хийж байна. Сонгуулийн систем нь зөв явж чадахгүй байгаагаас гадна шагнал урамшуулалыг зөв хүнд өгч чадахгүй байгаа нь анзаарагдлаа. Ер нь би дуугүй байж чадсангүй. Би спортоор хичээллэж байсан хүний хувьд намайг мэдэх нэг нь мэднэ. Гэнэт гарч ирж байгааг минь гайхах нэгэн байгаа. Гэхдээ өөрийн эрхгүй дуу хоолойгоо нэгтгэхээс аргагүй байдалд байна.

-Та аль спортыг сонгон хичээллэж байсан бэ?

-Би самбо болон жүдо бөхийн спортыг сонгон хичээллж байсан. Мөн сагсан бөмбөгт дуртай хүний нэг байна.

-Та яагаад спортоос хөндийрч гадаадад амьдрах болов?

-2000 оны эхээр Монголын нийгэм хэцүү хүнд байсныг бүгд мэднэ. Би тухайн үедээ шилдэг тамирчин байгаагүй. Амьдралын эрхээр гадаадад сурч ажилласан.

-“Токио 2020” олимпийн наадам дөхөх тусам Монголын олимпийн хорооны дотоод үйл ажиллагаа дутагдалтай байгааг иргэд шүүмжилж байна. Энэ тал дээр ил тод байр сууриа илэрхийлж байгаа хүний хувьд юу хиймээр байна вэ? Энэ хорооны дараагийн залгамж ямар байгаасай гэж үзэж байна?

-Миний хувьд мэргэжлийн түвшинд боловсорсон тийм хүн хэрэгтэй байна. Мэдээж тухайн хороог авч яваа хүн бол дэлхийн түвшинд МҮОХ-оог гаргаж ирэх чадвартай хүн байх ёстой. Ардын нам, Ардчилсан нам байна уу хамаагүй ээ, нам бус байх хэрэгтэй байна. Олимпизм өөрөө улс төрөөс хараат бус байхыг шаарддаг. Би Швейцарьд амьдардаг болоод ч тэрүү спортын эрүүл үзэгдлийг илүү сайнаар харж чаддаг. Гэтэл Монголд эрүүл юм шиг хэрнээ дүр эсгэж байгаа байгууллага байгаад байна. Тийм болохоор Монголын олимпийн хороо ээлжит сонгуулиа хийхдээ зөв хүнийг нь олж, сонгоосой гэж хүсэж байна. Үүнийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүн танилцуулга анкетаас эхлээд тухайн хүн энэ албан тушаалд тэнцэх эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй байна. Бас багийн ажиллагааг маш сайн харж таних хэрэгтэй байна. Зөвхөн эрх мэдэл, мөнгөн дээр суурилаад сонголт хийх дэмий гэдгийг хэлмээр санагдлаа.

Олимпийн хороог шударга байх талаар олон хүн хэлж байна. Тийм ч учраас энд жагсаж хүмүүст өөрийн санаа бодлоо хэлж, өнөөдөр жагсаалд оролцоод явж байна. Миний хувьд ямар нэгэн намын харьяалал, хэн нэгний даалгавараар энд ирсэнгүй. Монголд ирээд хоёр сар болж байгаа ч өөрийн сайн мэддэг энэ салбараасаа холдож чадсангүй. Монголын олимпийн хороо одоо болон ирээдүйн тамирчдыг хохироож болохгүй байх гэж бодож байна.

-Гишүүдтэй уулзаж амжсан уу?

– Одоогоор уулзаж амжаагүй байна. Би энэ жагсаал дээр ирэх гишүүдэд өөрийн санал бодлоо илэрхийлнэ гэж бодсон байгаа. Гишүүдийн туслахууд дэмжиж байгаагаа хэлсэн.
-Монголын олимпийн хорооны бүх гишүүдийн хурал энэ сарын 25-ны өдөр болно гэсэн товыг гаргаад байгаа. Таны хувьд энэ хуралд хэрхэн ач холбогдол өгөх вэ?
-Сонгох, болон сонгогдох хүмүүсийг зөв талаас нь сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Нэр дэвшиж байгаа хүний эцэг эх нь дарга байна уу хамаагүй шүү дээ. Мэргэжилдээ мэргэшсэн тийм л хүнийг сонгох хэрэгтэй. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн ажлын төлөвлөгөөг сайн харж, хариуцлагын системийг харах ёстой.

-Гадаадад олон жил ажиллаж байгаа хүний хувьд Монголын спортын ирээдүйг хэрхэн харж байна вэ? Мөн “Токио 2020” олимпийн наадамд Монголын тамирчид хэрхэн оролцоно гэж та бодож байна?

-Би Швейцарьт 13 жил болж байна. Токиогийн наадамд манай тамирчид сайн оролцоно гэж итгэж байна. Олимпийн алтан медальтай ирнэ гэж итгэж байгаа. Тамирчдын хувьд цагийн зөрүү гарахгүй шүү дээ. Спортын шинжлэх ухааны тал дээр илүү сайн эрүүлжих хэрэгтэй. Үүн дээр сайн анхаарах юм бол Монголын тамирчид бол дэлхийд хүчтэй өрсөлдөн. Бид өмнөх амжилтуудыг сайн мэдэж байгаа учраас илүү их зүйлийг харна. Гэхдээ манай тамирчдад ийм том боломж байгаа учраас бид итгэж байна. Самбо бөхийн төрөлд үзүүлэх тоглолтоор орж байгаа учраас манайхан сайн оролцоно гэж найдаж байгаа. Жүдо, чөлөөт, таеквондо гээд бидний найдаж байгаа олон төрөл байна. Спортын холбоодыг нэгтгэж барих нь Үндэсний олимпийн хорооны үүрэг. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байна. Ихэнх холбоод дотроо хоёр хуваагдсан байна. Би өнөөдөр залуучуудынхаа төлөөлөл болж энэ бүхнийг хэллээ. Манайд байгаа зарим спортын холбоодыг харахаар инээд хүрээд байдаг. Үнэндээ дэлхийд байдаггүй холбоод Монголд байгаад байна. Энэ бүгдийг Олимпийн хороо маш сайн цэгцлэх хэрэгтэй.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549