Багш нар ажил хаялтаа зогсоохоор боллоо

2018-09-16 578 0

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд багшийн цалин нэмэгдүүлэх тал дээр хамтарсан шийдвэр хэлэлцээрт хүрч, ажил хаялтаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, есдүгээр сарын 17-нд буюу даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх юм байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан хэлэхдээ “БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаялт өнөөдөр албан ёсоор зогсоно. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана. Ажил хаялт, суулт хийж байсан багш нарын дарамтлах, ажлаас хална гэж сүрдүүлэх асуудал яамны болон харъяа байгууллагаас гараагүй” гэв.

БСШУСЯ-ны ҮЭ “Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Боловсрол шинжлэх ухааны ажилтнуудын цалин бусад салбарынхаас доогуур байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар 2019 онд багтаан нэмэх тохиролцоонд хүрлээ. Мөн энэ удаагийн ажил хаялтад оролцсон хүмүүст сахилгын арга хэмжээ авахгүй, цалинг нь олгоно” гэлээ.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэлэхдээ “10 өдрийн хичээлийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгт хичээлийн үйл ажиллагаа тасалдсан. 2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Иймд яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа” гэв.

Холбоотой мэдээ