Х.Балсандорж “Багануур”ХК-ийн захирал болохоор зүтгэж явна

access_time 2019-01-12
remove_red_eye 341

 

УИХ-ын гишүүн, “Багануур” ХК-ийн анхны гүйцэтгэх захирал, “Монрок” ХХК-ийн ерөнхий захирал, “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Балсандорж ахин “Багануур” ХК-ийн захирал болохоор гүйж яваа сурагтай.

Саяхан ЖДҮ-гээс зээл авсан “хэрэг”-ээр ажлаа өгсөн Ц.Ням-Осорын оронд очно гэж Төрийн ордноос салалгүй, намаржиж өвөлжих шахсан. Тэгсэн ч бүтээгүй.

Тэгвэл одоо “Багануур” ХК-ийн захирал болно гээд намынхныгаа, тэр дундаа 2000-2004 онд хамт УИХ-д сууж байсан гишүүдийнхээ өрөөний үүдийг сахиж суух болсон байна.

Уг нь “Багануур” ХК нь “Эрдэнэс Монгол” ХК-д харьяалагддаг. Дээрээ бас ТУЗ-тэй. Энэ баг “Багануур”-ын уурхайн хувьд маш том ажил хийсэн нь Багануурын ордын томоохон хэсэг “Алтайн гянт” хэмээх хувийн компанид оччихоод байсан. Үүнийг эргүүлэн Багануурын орддоо нэгтгэсэн.

Х.Балсандорж гэж хэн бэ гэдгийг сайд, дарга нар бодох ёстой. Хэвлэд түүний талаар “Хаана л хор хутгагдана, тэнд Х.Балсандорж заавал байдаг гэж намын нөхөд нь тодотгодог нэгэн нөхөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар очих гэнэ. МАН-ыг МАХН байхад 14 нөхөр “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” гээч жигүүр байгуулан жиргэж, эцэстээ бүгд албан тушаал, эрх мэдлээр амаа тостож аваад дэвэхээ больсныг уншигчид хараахан мартаагүй байх. Тэдгээр 14-ийн нэг, мөн л жигүүрлэн жиргэж байгаад “Шивээ овоо” улсын үйлдвэрийн даргын суудлыг авч хэсэгтээ дуугүй болсон Х.Балсандорж энэ удаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг самралцах бололтой. Дундад зууны үед баруун Европын зарим оронд “яс баригч” бүлэг хүн байсан юм гэдэг. Жагсана, хэрэг гарвал хашгиралдана. Хариуд нь хаа нэгтээгээс шидсэн ясыг бушуухан шүүрээд чимээгүй болно. Тухайн үеийн түшмэд “Бид хүссэн цагтаа тэдэнд “яс” өгч, хүслээрээ хөдөлгөх болно. Бидэнд тийм чадвар бий шүү дээ” хэмээгээд мөнөөх дэвээчдээ “яс баригчид” гэдэг байсан гэж байгаа.

…Гэхдээ хэнийх нь ч гар хөл бай, мань Х.Балсандорж нь өөрөө удирдлагын арга ухаан дутуу, баг хамт олноо самрахаас гадна явсан суусан газарт нь “бадарчны балаг” тасардаггүй гэж байгаа. Тэрбээр жигүүр байгуулан, намаа шантаажлан байж хүртсэн төрийн өмчит “Шивээ овоо” улсын үйлдвэрийн газрыг хувийн өмч шигээ бужигнуулж, ажилчдаа ялгаварлан гадуурхаж, бөөн уйлаан майлаан болгодог, тэрхүү гомдол, хэрүүл шуугианы нь балгаар үйлдвэрийн дамжуулах хэсэг шатаж байсан гээд хар тэмдэглэл хэтэрхий ихтэй юм. 2000-2004 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр өөрийн хувийн өмчийн “Mekhlopat” компанийнхаа нэрээр төрийн өмчийн компаниудаас зарласан тендерийг хуйвалдан авдаг байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв. Х.Балсандоржийн хувийн эзэмшлийн “Mekhlopat” компани нь гадаадаас уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийн хэрэгсэл оруулах, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг аж. Гэтэл Монголын төрийн өмчит томоохон компаниудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт тогтмол ялдаг монополь компани бий болсон нь “Mekhlopat” гэнэ. Ямар учраас төрийн компаниудын зарласан тендер бүрт ялах ур чадвартай болсныг холбогдох эх сурвалжууд “Шивээ-Овоо” компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржийн эрх мэдлийн асуудалтай холбон тайлбарлаж байв. Учир нь “Mekhlopat” компани тендер бүрт ялах болсон нь үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сайндаа биш гэнэ. Тус компанийн хуйвалдан тендер авдаг жишээг компанийн зөвхөн танилцуулгаас харахад л хангалттай гэж байгаа.

“Mekhlopat” компани нь түнш байгууллагуудын нэрсдээ Шивээ-Овоо компани, “Багануур” ХК, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Дулааны цахилгаан станц-4 компаниудыг зоочихдог байсан байгаа юм. Ингээд дээрх төрийн өмчит компаниудаас зарласан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт “Mekhlopat” компани тогтмол ялалт байгуулдаг байжээ. Тэрбайтугай төрийн компаниудын зүгээс тендертэй холбоотой мэдээ материалыг “Mekhlopat” компанид түрүүлж мэдэгддэг, мэдээллээр хангадаг, давуу эрх олгодог гэх хардлагыг ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Угтаа төрийн компаниуд тендер зарлахдаа нээлттэй зохион байгуулж, оролцогчдод ижил тэгш хандах ёстой байдаг ч дээрх ТӨХК-ууд “Mekhlopat” компанийн удирдлагатай ойр дотны холбоотой төдийгүй, өөрсдийнхөө зарласан тендерт давуу эрх олгодог байсан гэдэг нь нэгэнт тодорхой болж байжээ.
Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард зарласан Шивээ-Овоо компанийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани оролцсон байна. Гэвч тодорхой үндэслэлгүйгээр “Mekhlopat” компанид тендерийн эрхийг олгосон нь оролцогч байгууллагуудын дургүйцлийг хүргэж байжээ. “Шивээ овоо” ХК-ийн зарласан төрийн худалдан авалтад Х.Балсандорж өөрийнхөө “Mekhlopat” ХК-нд байнга тендерийн эрх олгодог нь ийнхүү олонд ил болсон аж.” гэж бичээд байгаа юм.

Энэ мэтээр ухаад байвал овоо арвин “түүх” гарч ирж мэднэ, нөхөр Х.Балсандоржоос.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549