ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ

access_time 2019-01-11
remove_red_eye 220

1916 оны 9 дүгээр сарын 17-нд Үнэн зоригт хан аймгийн Зоригт хан хошуунд одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаа хэмээх дөрвөд гэр бүлд 11 хүүхдийн 5 дахь нь болж төрсөн байна.

1925 онд Улаангомд шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгсчээ. Ардын засгийн эхний жилүүдэд улс орон даяар боловсрол эзэмшүүлэх бодлого хэрэгжүүлж аль болохоор язгуур угсаагүй энгийн ардын хүүхдүүдийг ЗХУ-д сургахыг зорьж байсан цаг үед Цэдэнбалд Зөвлөлтөд 9 жилийн турш суралцах завшаан таарчээ. Тэрбээр Эрхүүд техникумын бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн факультэт, Улаан-Үдийн санхүү эдийн засгийн сургууль, Эрхүүгийн Сибирийн санхүү эдийн засгийн институтэд тус тус суралцаж онц дүнтэй төгсөн эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

Зөвлөлтийн удирдагч Сталин маршал Чойбалсантай уулзах үедээ оюутан Цэдэнбалыг дуудуулдаг байв. Цэдэнбал 1938 онд Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн Яамны дэд сайд, 7 дугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллажээ. Эл хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 онд МАХН-ын Их хурлаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.

1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, Улсын Төлөвлөгөөний Хорооны дарга, 1952 онд Ерөнхий сайд, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр тус тус ажиллажээ.

1959 онд малчин ардын бүх малыг нэгдэлжүүлэх хѳдѳлгѳѳнд хамруулж чаджээ. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийг хөгжүүлж, их дээд сургуулиуд байгуулж, монголчуудыг бүх нийтээрээ бичиг үсэгтэн болгож ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн амыг 1980 он гэхэд 2 саяд хүргэж, спорт болон урлаг соёлоороо дэлхийд танигдаж эхлэн, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгож, 1940 он гэхэд Монгол орныг хүлээн зөвшөөрсөн ганцхан орон байсан бол 1980 он гэхэд 94 улс оронтой дипломат харилцаа тогтоолгож, олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн болгож чадсан байна. Эдгээр түүхэн гавъяаг нь үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд Улсын баатар, 1979 онд БНМАУ-ын маршал цол олгожээ.

1984 оны 8 дугаар сард ЗХУКН-ын Төв Хорооноос илгээсэн тусгай комисс ирж МАХН-ын Төв Хорооны бүгд хурлыг хуралдуулан “насны доройтол” гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргаж МАХН-ын даргаар Ж.Батмөнхийг сонгуулжээ. Зөвлөлтийнхөн өөрийн гараар Монголын төрийн толгойд гаргасан шигээ тэр өндөрлөгөөс буулгажээ. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 оны 4 дүгээр сарын 20-нд нас барахад нь Монголд авчирч Алтан өлгийд оршуулжээ. Түүний гавъяаг мөнхжүүлэн үлдээх зорилгоор УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгон хөшөөг нь босгосноос гадна Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн нутаг Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл номоос

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549