М.Энхболд: Л.Болд гишүүнд “Бодь” цамхгийг барих газрыг би өгсөн. Тэр газрыг юугаар авснаа хэл

access_time 2019-01-10
remove_red_eye 371

 

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сүүлийн үед нэг хүн рүү, над руу дайрах гүтгэх нь хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрах ажил явагдаж байна. Аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой гэж боддог. Энэ бүхэн хуулиар тогтоогдож ил тод болох байх.

УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан. Би хуулийн үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцэхгүй байгаа учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль ч энэ 40 гишүүний өргөн барьсан асуудлыг хуулийн хүрээнд болгож байгаа гэж ойлгож байгаа.

Би хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, хэн нэгнээс хараат бус явах ёстой гэж үздэг. Хуулийн байгууллагууд өөрсдийн шалгах ёстой зүйлсээ хийгээд явах байх. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгосон зүйл байхгүй. Энэ хүмүүсийг хуулийн дагуу Ерөнхийлөгч санал болгож, цэцийн гишүүд баталдаг.

Улаанбаатар хотын удирдлагаар 5-6 жил ажиллахдаа намайг газар зарсан гэж ярьж байгаа. Үнэхээр үндэстэй гэж байгаа бол цагдаа, тагнуул, хууль хяналтынхан, Засгийн газар нь байна, шалгаж болно шүү дээ. Би тухайн үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдсан газруудыг олгож, олон ажлын байр бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан.

Одоо тэр жагсаад байгаа Л.Болд гишүүнд Бодь цамхгийг барих газрыг би өгсөн. Л.Болд гишүүн тэр газрыг юугаар авснаа хэл л дээ. Дараад хойшлуулаад байгаа асуудал надад огт байхгүй шүү.

Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа. Зөв гэж бодож байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549