Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ

2022-07-01 196 0

АТГ-ын мөрдөгчид монголчуудыг үндсэндээ таван жил тамласан Дарханы замын тендер шалгаруулалт, зарцуулсан мөнгөний мөрөөр орох нь тодорхой болоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дарханы замын ажилтай танилцахдаа үүнийг мэдэгдсэн.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус замыг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, гүйцэтгэгч хятад болон монгол компаниудын төлөөлтэй уулзахдаа энэ талаар хатуу байр сууриа илэрхийлээд байгаа. Тэрбээр Дарханы замын бүтээн байгуулалтад оролцож буй бүх талууд оролцсон уулзалтад Ерөнхий сайдыг төлөөлж оролцохдоо, “Дарханы зам ADB, EBRD-ийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл. Энэ зээл татвар төлөгчдийн мөнгөөр эргээд төлөгдөж таарна. Энэ зам дээр монголчууд асар их хохирол амсаж байна.

ХЗДХ-ийн сайдын хувьд энэ төсөлд зарцуулсан 1 цент бүрийн араас давхар хяналт тавих болно” хэмээн улалзтал хэлж харагдсан. Засгийн газрын гишүүдийн энэхүү мэдэгдлүүд зарим хүнд айдас төрүүлсэн нь мэдээж. Анх 2017 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 гаруй км замыг хуучин хуулахад, хятадын 5 компани үндсэн гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гэвч хуучин замыг хуулсан даруйд тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргаан гарч, авлигын асуудал гарсан. Нийтдээ 5 багцад хуваасан замын 2 болон 4-р багцын гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд хууль, шүүхийн байгууллагын хаалга татсан боловч тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй тус яамны удирдлагууд нэрээ цэвэр авч үлдэж чадсан.

Тийнхүү Дарханы замын ажил удаашрахын хэрээр авлига хээл хахуулийн асуудал дарагдсан гэж болно. Тэгвэл энэ удаад Засгийн газраас өнгөрсөн 5 жилийн хугацаанд Дарханы замд өрнөсөн үйл явц, олгогдсон санхүүжилтийн зарцуулалт, тендерийг сонгон шалгаруулалтыг нарийн шалгахаар боллоо.

Энэ бүх ажил ардаа эзэнтэй бөгөөд тэдний тэргүүн эгнээнд Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бичигдэж байгаа. Тэгэхээр Дарханы замын шалгалт өнөөгийн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас эхлээд, эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ гэсэн үг.

Холбоотой мэдээ