НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАРИЛГА БАРИХ САНААРХАЛ ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛЛАА

access_time 2019-01-08
remove_red_eye 101

 

Нийслэлийн Засаг даргын гаргасан А/37 тоот захирамжаар Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 216 шоо метр ногоон байгууламжийг иргэн Ш.Баттөмөрт 2012 онд өмчлүүлсэн аж.

Дээрх талбайд 4 давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр иргэн Ш.Баттөмөр 2017 оны наймдугаар сарын 15-ний 03.00 цаг орчимд зэвсэгт хүчний 013-р ангийн цэргүүдийг дайчлан хашаа бариулж байсныг Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн н.Баттулга зогсоосон юм байна.

Улмаар тус хорооны СӨХ-ны удирдлагууд мөн онд тусгай эрхийг нь цуцлуулахаар шүүхэд гомдол гаргажээ. Гомдол гаргаснаас нэг жилийн дараа шүүх хуралдсан ч хэргийг Ш.Баттөмөрийн талд шийдвэрлэсэн гэнэ. Гэсэн хэдий тус хорооны иргэд болон “Шарга – 12” СӨХ-ийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд газрын маргаантай асуудлаар дээд шатны шүүхэд дахин хандаад байгаа юм байна.

Энэ тухай “Шарга-12” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтантогос “Энэ бол манай хорооны нутаг дэвсгэр дэх газар. Энд барилга байгууламж барих ямар ч зайгүй. Нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар бол оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой. Бидэнд энэ талаар анх юу ч мэдэгдээгүй, санал аваагүй явсаар өдийг хүрлээ. Ард иргэдийнхээ эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Бид хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. Шүүх хурал ирэх лхагва гарагт болно. Шударга гаргах болов уу хэмээн найдаж байна” гэв.

Мөн Баянголд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Оросоо энэ талаар, “Нийслэлийн удирдлагууд хууль бус шийдвэр гаргаж орон сууцны дэргэд барилга барих зориулалтаар газар олгосон нь өдгөө асуудал дагуулж байна. Хууль зөрчиж газар олгосон энэхүү асуудал нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хэрвээ энд байшин баригдах юм бол үзэгдэх орчин хязгаарлагдана. Цаашлаад автомашины зогсоолгүй болох, хүүхэд амарч тоглох ямар ч орон зай байхгүй болно. Баянгол дүүргийн долоодугаар хорооноос УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдож гарч ирсэн байдаг. Мөн нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа НИТХ-ын төлөөлөгч Батбаясагалан энэ хорооноос сонгогдсон. Энэ хоёр хүнийг сонгогдсон тойрог дээрээ ирж ажиллан, газрын маргаантай асуудал дээр анхаарал хандуулж, хууль бус захирамжийг хүчингүй болгооч ээ гэсэн шаардлага албан тоотыг Баянгол дүүргээс сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд явуулахаар төлөвлөж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549