Б.Баатархүү: Боомилуулж дээрэмдүүлсэн иргэн ухаангүй байсаар осгож амиа алдсан хэрэг гарлаа

access_time 2019-01-08
remove_red_eye 167

ЦЕГ-аас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус ноцтой осол гаргалаа. Үүний улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газар дээр үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Иргэд олон нийт хөдөө орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхааруулж байна.

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулна.

80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдвор зарах гэж байсныг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна гэсэн мэдээллийн дагуу 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдвор зарах гэж байсныг илрүүллээ.

Улаанбаатар хотын харьяат Г, Өмнөговь аймгийн харьяат нар М нар бусдад үлэг гүрвэлийн олдвор худалдах гэж байсныг илрүүлэн шалгаж байна.

Түүхийн үнэт олдвор, үлэг гүрвэлийн яс зэргийг хууль бусаар бусдад худалдаалсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

 

Дээрэмдүүлээд осгож амиа алджээ
Энэ амралтын өдөр нийслэл Улаанбаатараас осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулсанаар гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчим иргэн Г-с “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэх мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон байна. Ингээд Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчилахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, 28 настай “Е” гэгч болох нь тогтоогдсон байна. Тэрбээр амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож унагаад утсыг нь авч, орхиод явсан нь тогтоогдож байгаа.

Талийгаач Ч-ийн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгуулах боломжтой
Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариулав.

– Талийгаач Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн өчигдөр мэдээлэл хийсэн. Хэргийн талаар цагдаа нэг өөр, иргэд нэг өөр зүйл яриад байна.

– Ч нас барсан хэргийн талаар хэд хэдэн удаа мэдээлэл хүргэж байсан.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт авагдсан нотлох баримт, анх хэргийн газарт үзлэг хийгдсэнээс хойш одоог хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, алдагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хохирогчийн өмсөж явсан хувцас хэрэглэл, эд зүйл алга болсон зүйл байхгүй.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд хэн нэгэн ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй.

Цагдаагийн байгууллагаас хэрэг шалгагдаж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Энэ хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй.

Хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.

Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах боломжтой.

Хохирогчдын зүгээс тавьж байгаа бүхий л санал хүсэлтүүдийг цагдаагийн байгууллагаас хүлээж авч шалгалтуудыг явуулж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна.

Энэ хэргийг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549