Түүхч Д.Өлзийбаатар: Түүх үлдээхэд ямар нэг хэмжээгээр оролцсон хүн түүхэндээ муугаар үлдэх зүйл бүү хий

access_time 2019-01-06
remove_red_eye 154

 

-УИХ-ЫН ДАРГА М.Энхболд ТАНАА дайх цөөн үг-

Би түүхч хүн, бас нэлээд хэдэн жил монголчуудын соёлын өв архивын байгуулгад ажилласан архивч. Би таныг хүний хувьд сайн мэдэхгүй, гэхдээ 1997 оноос хойш таны нэр алдрыг дуулах болсон Улаанбаатар хотын унаган иргэн. Түүхч хүмүүс зөвхөн өнгөрснөөр амьдарьдаггүй, харин ч 3 цагийн холбоос дунд алив үйлийн алдаа оноог үнэлэн цэгнэхийг эрмэлдэг, алдааг нь сургамж, оноог нь бахархал болгон үлдээхийг хичээж явдаг хүмүүс. Би манай үеийн бахархал болсон, дахин хэн ч давтаж чадахгүй бүтээл бүтээсэн нэр бүхий хэдхэн түүхчээр хичээл заалгаж явсан азтаны нэг.

Тийм ч учраас түүхэн сургамжийг аль болохоор хүмүүст ойлгуулахыг хичээж явдаг нэгэн. Та намайг муу мэдэх байх. Гэхдээ бид 2 үеийн хүмүүс. Ганц нэг нүүр тулж, ганц нэг утсаар ярьж байснаа би санаж байна, та мартсан байж магад. За энэ яахав. Эрхэм та надаас 4 он дүү. Гэхдээ ахын ёс ахдаа, дүүгийн ёс дүүдээ. Энэ үүднээс ах нь мэргэн дүү Энхболдод хэдэн үг дайя.

Төрт ёс бий болгосон агуу их ард түмний үр сад төрт ёсоо уландаа гишгэж Их Монгол төр өчүүхэн хэдэн бүлэг бэртэгчингүүдийн хөл дор хэвтэж, либертари эрх чөлөө хэмээн аман дээрээ хашгирч нидэр дээрээ дураараа оршихыг хүсэгч хүмүүсийн зоргоор туйлах талбар болон хагарч, хуваагдаж, мөхөж доройтож байгааг хоёр цийлгэрээрээ хараад үл тэсэв. Иймэрхүү үйлдэл одоогоос 100 жилийн өмнө өрнөж байсныг түүхийн хуудас эргүүлж хараад тэнэг мунхаг байсныг нь гайхаж байснаас бус яг ийм үйлдлийг нүдээрээ үзнэ чинээ санаж явсангүй ээ.

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв дээ, гэдэг үг бий. Би үнэхээр тэсвэр алдраад энэ үгийн дайв. Хэнд хэнээр дайв гэдгээ тайлбарлах түвэгтэй ч “дамжуул” гэсэн үг гэдгийг хаа хаанаа ойлгоно буй за.

Та бүхэнд дайх үг:

1. Түүх гэдэг аймшигтай хатуу шүүх байдаг, хэдэн үеэрээ шүүгднэ. Энэ хатуу шүүхээс нэр цэвэр гарсан нь хүн төрлөхтний түүхэнд ховор. Ийм хатуу шүүхэд шүүгдсэн хүмүүсийн ихэнх нь улс төрчид гэх хүмүүс байдаг юм. Тэд одоо оршин буйгаа үүрд гэж ухвар мөчид бодсон учираас түүхэнд хараагдсан байдаг юм билээ…

2. Мэргэн дүү хүний өмнөөс хүрэл арслан болж суугааг хэн хүнгүй мэдэж байнаа. Үүнийг түүхэнд золиос гэдэг юм. Золиослогчид нууцхан үлдэж, золионд явагч этгээд насаараа түүхэнд хараар бичигднэ. Бадамдорж, Ринчино гээд ганц хоёр хүний нэрээр би хязгаарлая. Эдний ард их өөдгүй олон олон бялангач нар байсан юм шүү дээ.

3. Мэргэн дүү түүх уншдаггүй учраас хол харж чадахгүй байна. Чиний улс төр урагшаа Бээжин, хойшоо Хиагтаас илүү хол гарахгүй байна. Чиний эзэд энэ хүрээнд нүдийг чинь халхалчихаад чамайг Их хурлын бор сандалд хадан доромжлон гутааж байна. Магадгүй та нар хэн хэндээ өгөө, аваатай учраас байдал иймдээ хүрснийг доглон ядуу эрээс до яамны эзэд нь хүртэл мэдэж буй биз. Эрхэм дарга үүнийг ухаарсан ч яаж ч чадахгүй хадны завсарт буй халиуны зулзага мэт болсон гэдэгт би найдна

4. Эрхэм та бодот байдлаас тасарч “даргын вакуум” орчинд орсноосоо одоо гар. Олны дотор он удаан жил энгийн сайхан аж төрөхөө бод. Төрийн ордноос 50 м гадагш радиуст таныг үзэн ядсан уур амьсгал байгааг мэдэрсэн л юм шиг харагддаг. Тань шиг олон хамгаалттай дарга УБ-ын гудамжаар явдаггүй шүү. Айдас бол ухаарал…! Ард олноосоо айж байвал тэднийг бүү удирд гэсэн үг бий. Энд их гунигт намтартай Жамбалдорж гэж хүний бодот түүх байдаг.

5. Одоо гэртээ тайван суугаад гэр бүлтэйгээ , зөвхөн гэр бүлтэйгээ ярилц. Битгий нөгөө эзэд, ноёдтойгоо хэлэлц. Сайн ноён Намнансүрэн яг ийм байдалд орсон юм. Тэр хүн “нэр хугарсанаас яс хугар “гэж шийдээд түүхэнд нэр цэвэр үлдсэн юм шүү дээ. Би нөгөө хэдэн нөхдөд чинь муу санаж хэлсэнгүй шүү, Ер нь муугаас эрт сал, мунхагаас хол яв гэсэн үг бий, тэр утгаар хэлэв.

6 Монгол улс, монголын ард түмэн, монголын түүх, соёл, зан заншил гэдэг зөвхөн монгол туургатны юм бишээ, энэ бол ази, дорно дахин , европын дайдаар тархсан их өв юмаа. Үүнийг хэдхэн хүний хязгааргүй баяжих хүслийн их донгоор бүү соль.

Эрхэм Энхболд. М.

Би овгийн чинь үсгийг ёс алдаж биш, харин ёс алдасны чинь төлөө эцэг өвгөдөөс чинь оноож өгсөн нэрний чинь ард бичив. Уг нь өвөг дээдэс аав ээжийн нэр алдар өчүүхэн бидний нэрний өмнө дуудагдах учиртай билээ

7. Олон түмэндээ хүндлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхөө больсон учраас, олон сая хүний ирээдүйн сайн сайхны төлөө одоо суудлаасаа буу

8. Суудлаасаа буухдаа битгий хөөгдөж буу. Өөрийн хүслээр буу. Эр хүн шиг сайхан халуун дулаан үг ард олондоо хэлээд нэр төртэй явчих,

9. Түүх үлдээхэд ямар нэг хэмжээгээр оролцсон хүн түүхэндээ бүү муугаар үлд.

Мэргэн анд, миний хэлснийг олж үзэх болтугай хэмээн хожмын түүхийн өмнөөс эдүгээ цагт амьдарч түүх хэлхэж буй үе тэнгийн нэгэн Өлзийбаатар хэмээгч түүхч бээр мууг огоорч сайныг санан энэхүү бичив. Авахыг авч, хаяхыг хаяна буй за.

Түүхч Д.Өлзийбаатар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549