Нора: Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй

access_time 2019-01-04
remove_red_eye 308

 

Өнөөдөр Боловсрол суваг телевизийнхэн болон, “Мongolian next top model” нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл хийж албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, Тус телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Мongolian next top model” хоёр дах удаагийн нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогчдийн нэг болох Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг явдлын талаар тэд байр сууриа илэрхийллээ.

“Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Mongolia’s Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч, эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан. Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна. Финалын шатанд гурван хүн үлдээгүй” гэв.

“Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн “Нэвтрүүлгийн дүрмийн дагуу оролцогчид нэг байранд цуг амьдарч, гэрээсээ, найз нөхдөөсөө, интернэт орчноос тусгаарлагдаж хоёр сарын турш амьдардсан. Энэ хугацаанд охидуудын дунд олон асуудлууд гарч ирдэг. Гэхдээ сошиал ертөнцөөр явж байгаа шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдал нэг ч удаа гарч байгаагүй. Ямар нэгэн үл ойлголцол нь нэгнийхээ аминд хүрч, үзэн ядах хэмжээний байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамгийн сүүлд таван охин үлдсэнээс Чамин-Эрдэнэ маань харамсалтайгаар амиа алдаж, бидэнд хүнд гарч тохиосон. Харамсалтай үйл явдал тохиосон цагаас эхлээд телевиз болон цагдаагийн байгууллага хамтран ажилласан. Гэр бүлийнхэнтэй нь байнга уулзсан. Нэвтрүүлгийн бүх бчилэгийг хууль хяналтын байгууллагад нээлттэйгээр гаргаж өгсөн. 16 охины дунд ямар нэгэн үл ойлголцол байгаагүй. Хэн хэнийгээ үзэн ядсан зүйл байгаагүй” хэмээлээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд “Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Тэр утгаараа сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохилт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна. Би талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэж хэлмээр байна” гэлээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч Д.Нора “Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан. Гадуур намайг Монголд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл явсан. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөл очиж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн. Эмгэнэл илэрхийлээгүй зүйл байхгүй” гэв.

Мөн манай оролцогч руу их дайрч байна. Ялангуяа Одонтунгалаг руу дайрч байна. Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр харагдах байдал нь хэрсүү ч, ердөө 18-хан настай хүүхэд. Одонтунгалаг руу болоод над руу янз бүрийн мессежээр харааж байна. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Гадуур загварын ертөнцийнхөнийг хар тамхи хэрэглэдэг гэж хүртэл гүтгэсэн байсан. Сошиал медиагаар явж буй нэг талыг барьсан буруу ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий. Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй” гэсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549