Энэ оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав

access_time 2019-01-04
remove_red_eye 95

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зорилтод бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилтын хүрээнд 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахаар шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлийн хувьд Засаг даргын зөвлөлийн энэ оны анхны хурлаараа 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлаж байна. 2019 он бол Улаанбаатар хотын хувьд онцлогтой жил. Энэ онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байна. Тийм учраас хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн хөгжлийн чиглэлээр бүх төрийн үйлчилгээг хөгжлийн шинэ шатанд хүргэхийг зорьж төрийн байгууллагын бүх албан тушаалтан үүнд анхааруулан ажиллуулах болно. Түүхт ойн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц бүхий л салбарт иргэдийн оролцоотой хөгжлийг сайжруулахаар зорин ажиллана” хэмээлээ.

 

Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх ажлын талаар хэлэлцлээ. Энэ ажил нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж, иргэдэд үйлчлэх, төрийн үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршиж байгаа юм.

Мөн шинэ жилийн баярыг өнгөрүүлсэн тухай мэдээлэл, 2019 оны цэргийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой-Эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байсан. Энэ 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлаж байна.

 

Тиймээс зорилтод жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх хэрэг байна” гээд “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдэн энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг 1-р улиралд багтаан зохион байгуулах, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулах, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн зарим хороог өөрчлөн зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгааг шинэчлэн гаргаж өгөх, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор бүх төвшинд бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549