“Гэрэлт гудамж”-ны замыг Жоби компаниас 10 гаруй сая төгрөг зарцуулж хийжээ

2018-07-27 1820 0

“Гэрэлт гудамж”-ны замыг хоёр хоногийн өмнө шатрын хөлөг мэт алаглуулан будаж өгсөн ч урьд шөнийн орсон усархаг борооны улмаас цагаан будаг нь урсчихсан юм. Энэ талаар замыг будаж өгсөн “Жоби” компанийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Жоби” төвийн ерөнхий менежер Б.Чингис “Анх Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дээр Улаанбаатар хотын засаг дарга, бизнестэй эрхлэгчидтэй уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар манай “Жоби” компани 100 хувь өөрсдийнхөө зардлаар нийслэлийнхээ аль нэг, өнцөг замыг будъя гэсэн саналыг тавьсан. Бидний саналыг Засаг дарга дэмжиж “Гэрэлт гудамж”-ны замыг будахаар болсон юм. Будаж эхлэх явцын процесс хоёр үе шаттай явагдсан. Хоёр түрхэгдэж байж бүрэн гүйцэт хатах ёстой байдаг. Гэтэл будаг бүрэн бэхжээгүй байхад бороо ороод урссан байна. Тиймээс нийт ард иргэдээсээ хүлцэл өчмөөр байна. Манай компаниас “Гэрэлт гудамж”-ийг будахад 10 гаруй сая төгрөг зарцуулсан. “Гэрэлт гудамж”-ны авто замыг будахад улсаас нэг ч төгрөгийн зардал гараагүй гэдгийг хэлмээр байна. Гэхдээ ийм их хэмжээний бороо орно гэж төлөвлөөгүй байсан. Мөн хүмүүс өнгөний асуудал дээр нилээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тал дээр тайлбар хэлье. Манай компанийн үйлдвэрлэж буй будагт өнгө хугарлын копцент гэж байдаг. Түүнийхээ дагуу холбогдох лабораторийнхоо шинжилгээг хийлгээд будаж эхлэх санал тавьсан байгаа. Саналыг хүлээж авсны дараа будах ажлыг гүйцэтгэсэн. Харамсалтай нь будаг маань бүрэн бэхжилт өгөөгүй, цаг хугацаа давчуу байсны улмаас ийм нөхцөл байдал үүсчихлээ” гэж ярьсан юм.

Харин гэрэлт гудамжийг будах ажлыг гүйцэтгэлийг Улаанбаатар зам засварын ачилтын газар хийсэн байна. Энэ талаар Улаанбаатар зам засвар ачилтын газрын ерөнхий инженер Баатархүү “Гэрэлт гудамжны замын будгийн ажил “Жоби” компаниас хийгдэхээр болсон. Харин гудамж будах ажлыг манай ажилчид хоёр өдрийн турш хийсэн байгаа. Харамсалтай хатаагүй байхад бороо орсны улмаас будаг нь урссан байна. Дахиж будах асуудлыг бид “Жоби” компанитай ярилцаж байгаад шийднэ” хэмээв.

Холбоотой мэдээ