“Нөхрийнхөө амийг яаж хөнөөх вэ?” номын зохиолч эмэгтэй нөхрийнхөө аллагад сэжиглэгджээ

access_time 2018-09-13
remove_red_eye 133

 

АНУ-ын Орегон мужийн Портланд хотын оршин суугч, хайр дурлалын сэдэвтэй зохиол бичдэгээрээ алдаршсан эмэгтэй нөхрийнхөө аллагад сэжиглэгдэн баривчлагджээ.

Одоо 68 настай Нэнси Крэмптон Брофи нь “Нөхрийнхөө амийг яаж хөнөөх вэ?”, “Буруу нөхөр”, “Буруу дурлагч” зэрэг хайр дурлал, адал явдлын сэдэвтэй романууд бичиж байсан юм.

Тэгвэл Портландын цагдаагийн газар түүнийг нөхрийнх нь аллагад сэжиглэн өнгөрсөн долоо хоногт баривчилснаа сая мэдээлжээ. Зохиолч эмэгтэйн нөхөр Даниэл Брофи нь өнгөрсөн зургаадугаар сард бусдад буудуулж алагдсан юм.

Тэр тогооч хүн байсан бөгөөд Орегоны Хоолны Хүрээлэнд ажлын байран дээрээ алагджээ. 63 настай ноён Брофи 2006 оноос хойш энэ хүрээлэнд ажиллаж байгаа юм байна.

Аллагын маргааш нь хатагтай Брофи фэйсбүүк хуудсандаа нөхрийнхөө алагдсаныг зарлаж, харамсал гунигаа илэрхийлж байжээ. Түүнийг аллага, галт зэвсэг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилсныг цагдаагийн газар мэдээлсэн байна.

Зохиолч эмэгтэй өөрийнхөө блогт нөхрөө алсан эмэгтэйн тухай зохиолоо яаж бичсэн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг гэнэ. Тухайлбал тэр аллагыг ямар ямар аргаар үйлдэж болох хувилбаруудыг бичсэн байна. Хордуулах, алуурчин захиалах зэрэг аргуудыг найдваргүй гэж үзсэн тул өөрийн гараар буудан хөнөөх аргыг зохиолдоо сонгосон тухай мөн бичжээ.

Даниэл Брофигийн ээж Карен бэрийг нь сэжиглэн баривчилсан явдлыг цочирдон хүлээж авснаа хэлээд одоохондоо ямар нэг байр суурь илэрхийлэхээс татгалзсан тухай Вашингтон Пост сонин мэдээлжээ.

Эх сурвалж: The Washington Post

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549