Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүний амь нас эрсэджээ

access_time 2018-09-12
remove_red_eye 27

 

Амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд Тээврийн цагдаагийн алба нийт 605 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага ирсэн байна. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд байсан аж.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч гурав, явган зорчигч гурав бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн байна. Энэ төрлийн осол нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй байх зэргээс шалтгаалжээ. Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан долоон осол бүртгэгдсэнээс гурван хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал,

-Энэ сарын 8-ны өдөр 09:00 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг асфальтан замд амины “Probox” маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

-Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн арын замд “Crown” маркийн автомашины жолооч нь ээжийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн ослууд бүртгэгдсэнийг шалгаж байна.

-Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр гурван осол, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдсэн байна.

Статистик судалгаанаас үзэхэд 2018 оны эхний наймдугаар сарын байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18.663 зам тээврийн ослыг бүртгэн шалган шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 192 хүний амь нас хохирсны 135 буюу 70 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 28,6 хувиар, орон нутагт 35 хувиар тус тус буурсан хэдий ч бага хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549