Намрын чуулганы хугацааг тулгаж, ээлжит бус зарлах уу

access_time 2018-09-12
remove_red_eye 85

 

Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод наадмын өмнө хүргүүлсэн байдаг. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр 60 тэрбумын асуудлыг эхлээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шийдвэр гаргаад байв.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, 60 тэрбумын асуудлаар АТГ-ын даргад хариуцлага тооцох, нийтийн сонсгол хийх шаардлагатай эсэх асуудлыг хэлэлцэх чиглэл өгсөн байдаг. Гэвч тус хорооны гишүүдийн ирц наадмаас хойш бүрдээгүй. Ирцийг 10 удаа авсан гэх тайлбартайгаар өнөөдрийг хүрээд байгаа юм.

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах бичигт УИХ-ын нэр бүхий 26 гишүүн гарын үсэг зурсан. Дээрээс нь Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатайг сануулсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн нь бий.

Холбогдох хуулиараа гишүүдийн 1/3-ээс дээш хувь нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг дэмжсэн. Ерөнхийлөгчөөс албан хүсэлт ирсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар зааж өгсөн байдаг. Тиймээс намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган чуулган зарлахгүй бол Үндсэн хуулийн зөрчил болох талтайг Л.Оюун-Эрдэнэ гишүүн сануулж байгаа юм.

Ээлжит бус чуулган зарлах эсэх талаар одоогоор албан ёсны мэдээлэл цацагдаагүй. Энэ талаар холбогдох албаныхан нь байр суурь илэрхийлэхээс татгалзаж буй. Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулган зарлагдана гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Гэвч саяхан УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэдэг чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад, ээлжит бус зарлая гэсэн чигтэй байна. Ээлжит бус зарлаж таарах байх” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Зарим эх сурвалжууд Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй байх үүднээс намрын чуулганы яг эхэнд, эсвэл энэ сарын 24-нөөс ээлжит бус чуулган зарлана гэх мэдээлэл өгч байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549