Х.Уранчимэг: Айл бүрт нэг орифлэймчин, нэг архичин, нэг бөө байна

access_time 2018-12-12
remove_red_eye 180

 

Монгол Улсын хэмжээнд СЭМҮТ, Наркалогийн төв гэх архины эмгэгийг эмчлэх хоёрхон улсын эмнэлэг бий. Шар хадны эцэст байрлалтай тус эмнэлгийн сэтгэл заслын эмчилгээнд гурав дахь жилдээ эмчлүүлж байгаа гэх 50 гаран настай энэ эмэгтэйг Х.Уранчимэг гэдэг. Тэрбээр 40 жил архи уужээ. Түүний хурц тод хэллэг, шаламгай, сэргэлэн төрхийг харсан хэн ч архинд донтогч байсан гэж хэлэхээргүй. Зовлонт амьдралын өдрүүд нэгэнт ард үлдчихсэн болохоор эмч нар надад их сайн. Би ч гурван жилийн туршид эмчилгээ, хичээлээ тасалжбайгаагүй болохоор эдэнтэйгээ ижил дасал болжээ гэсээр бидний яриа эхэллээ. Түүнтэй архины хамаарал, түүнээс ангижирах боломж сэдвээр ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. СЭМҮТ-д хамгийн удаан эмчлүүлсэн хүн гэх юм. Мөн эмч нар танд их сайн бололтой юм. Манай Урнаа хэмээн хэд хэдэн эмч сайрхахыг сонслоо?

-Эгч нь одоо 52 настай. Архичин болсон хүн бүрийн шалтгаан өөр өөр. Би бол 12 настайгаасаа анх архи ууж эхэлсэн. Тэр үед би суугаа, таягтай ясны өвчтэй байсан. СЭМҮТ-д анх ирж эмчлүүлэхдээ өөрийнхөө түүхийг бичиж өгдөг. Яагаад архичин болсон шалтгаанаа ярьдаг. Тэгэхэд л би хүүхэд байхаасаа архи уусан минь миний хувьд архинд дондох шалтгаан болсон байсныг ойлгосон.

Таван настай байхаас миний ясны өвчин мэдэгдэж энд тэндгүй идээлчихдэг байсан. Тухайн үеийн эмч нар аав, ээж хоёртой минь ярилцаж байгаад архи л өг. Тэгвэл ядаж л үрэвсэл, идээ татах нь татарна. Сэвест болж үхүүлж байснаас архи өг гэсэн байдаг. Ингээд л би гэдэг хүн хагалгаанд орохын өмнө, хойно архи уудаг болсон. Манай аав тээврийн жолооч хүн байсан. Хөдөө, гадаа явахаараа жаазны ард нэг, хоёр шил архи хийчихээд явчихдаг байсан. Би өвдөхөөрөө нөгөө архинаас ууна. Ингэж өвчнөө дарсаар арван жилээ дүүргэлээ, их сургуульд орлоо, ажил хийлээ, наймаа хийлээ, амьдрал бужигнаж буцалж л байгаа шүү дээ. Энэ явцад архи уухгүй, өвдөхөөрөө л ууна.

-Гэр бүлд чинь таниас өөр уудаг хүн байна уу?

-Одоогоос дөрвөн жилийн өмнөөс нөхөрөө уулгахгүйн тулд архины давхар хамааралтай болсон гэдгээ саяхан мэдсэн. Манай нөхөр найз нөхөдтэйгээ уудаг.

-Давхар хамаарал гэдэг нь юу гэсэн үг вэ?

-СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмчилгээнд гурван жилийн хугацаанд явахдаа мэдэж авч байна. Сэтгэл заслын эмчилгээнд эхлээд суухдаа “За би бол архичин юм байна” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёр дахь удаагаа суухдаа энэ бол давхар хамаарал буюу гэр бүлийн өвчин юм байна гэдгээ мэдсэн.

-СЭМҮТ-д анх та өөрийн хүслээр ирж байв уу?

-27 настай оюутан дүү минь намайг энд хөтөлж авч ирсэн. “Урнаа эгч ээ, та сүүлийн үед арай л их ууж байна. Өмнө нь та арай ч ингэж уудаггүй байсан. Та энэ талаар бодож үзсэн үү” гэж хэлсэн. Миний хувьд нөхөр бид хоёр хуваариа бизнес эрхэлдэг. Урагшаа төмөр гаргадаг. Амьдрал тогтчихсон, ийм л айл. Нөхөр уугаад л согтуудаа 10 гаруй сая төгрөгөө алдаад, тоглоод ирэхээр “За би нөхөрийг согтоохгүйн тулд өмнөөс нь уух хэрэгтэй юм байна” гэдэг байдлаар уусаар архины бүрэн хамааралтай болсон байсан. Тэгээд ч 12 настайгаасаа уусан архины суурьтай хүн их амархан живдэг юм шиг санагдсан. Уг нь би зөв хооллолтын мэргэжилтэн.

-Өө тийм үү. Таныг найз нөхөд, ажлын хамт олон донтогч гэдгийг мэдэх үү?

-Клуб ажиллуулдаг. Хэн ч намайг архичин гэж мэдэхгүй. Зөвхөн гэр бүл, аав ээж, үр хүүхэд, дотны хэдэн найзууд өвдөхөөрөө уугаад хэвтчихдэгийг мэднэ. Эхэндээ өвдөж байна гэж хэлээд уудаг байсан нь шалтгаан байсан бол сүүлдээ шалтаг болсон. Хөл жаахан улайгаад, нуруу татаад эхлэхээр архиа ууна. Надад хэн ч юу ч хэлэхгүй. Өвчин намдаах эмийг би хоёр жилийн өмнөөс л хэрэглэж үзэж байгаа юм.

Өмнө нь эм хэрэглэдэггүй, архиар өвчнөө намдаачихдаг байсан. Эмтэй харилцаж байгаагүй хүн гэнэт эм уугаад эхэлсэн чинь ходоодоо хамгаалж мэдэхгүйгээс болж ходоодоо гэмтээчихсэн. Ерөнхийдөө хатуухан хэлэхэд, архинаас хамааралтай хүмүүс бол тэнэгрэлд орчихсон байдаг юм билээ шүү.

-Тэнэгрэлд орсон гэдгээ та яаж мэдэж байгаа юм?

-Миний аав цэргийн хүн байсан учраас надад маш их ном уншуулдаг, цээжлүүлдэг байсан. Гэтэл сүүлдээ би хүнтэй ярьж байгаад хэлэх гэсэн үгээ мартчихдаг болсон. Гэрийнхэн болохоор үүнийг юу гэдэг байсан гэхээр, өө олон удаа мэдээ алдуулагчтай хагалгаанд орсон юм чинь аргагүй гэнэ. Одоо ч гэсэн архины нөлөөтэй тэнэгрэл гарахгүй байна. Хэл ам орооцолдоод яг согтуу хүн шиг ярьдаг болсон.

Заримдаа хүү “Ээж та архи уучихсан юм уу” гэж хүртэл асууна. Архи гэдэг бол хүний уураг тархинд голомт үүсгэчихсэн байдаг юм байнал даа. Голомтонд нь этанол гээд бодис нь суурилачихдаг юм байна. Тэр нь юу вэ гэхээр, эмч багш нар хэлдэг. Хүний тархинд хальс байдаг гэнэ. Тэр хальсийг ямар ч химийн эм тариа нэвтэлж ордоггүй, ганцхан спирт нэвчиж ордог гэж байгаа юм. Ингээд тэнэг болгодог юм байна.

Эр хүн архи уухаар толгой нь мэдрэлгүй болдог бол эм хүн архи уухаар бүсэлхий нь мэдрэлгүй болдог юм байна. Тэгэхээр хүн архи уухаараа юу ч хийхээс буцахгүй болдог нь ухаанаа алддагтай холбоотой юм байна. Энэ бүх мэдээллийг оюун санааны сургалтанд хоёр удаа суухдаа мэдэж авсан. Одоо арванхоёрдугаар сард сургалт дуусна. Миний хувьд над шиг зовлонтой хүн айл бүрт байгаа болохоор энэ сургалтыг цааш нь их олон хүнд түгээх сонирхолтой болсон. Архидалт өнөөгийн нийгэмд маш залуужиж байна. Охид, хөвгүүд СЭМҮТ-д их хандаж байна. Энэ залууст чадах хэмжээгээрээ туслана. Хороо, дүүрэгтээ энэ чиглэлийн ажил эхлүүлнэ гэдгээ хэлчихсэн байгаа.

-Архичин хүний гэр бүл хамгийн их хохирол амссан байдаг шүү дээ. Мөн амьдралын өнгө доройтсон байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Архи ууж байх явцад амьдралдаа хүн ер нь нэг ч удаа санаа зовдоггүй. Харин ууж идэхээ болиод өөрөө өөрийгөө архинаас салгаж аваад амьдралаа эргээд харахаар бүх юм эмх замбараагаа алдчихсан байдаг юм байна. Миний ганц давуу тал бол хэдий архичин ч гэсэн хүмүүсээс мөнгө төгрөг зээлж, өр шир тавиад, гэрийнхээ эд барааг зарж уудаггүй байсан. Гэсэн ч гэр бүл, ах дүү, хайртай дотны хүмүүс бүгд хөндийрсөн.

Одоо эргээд өнгөрсөн амьдралаа бодохоор айдас хүйдсээ архиар дараад яваад байсан юм билээ. Маш их ганцаардана. Миний хувьд архийг хэн нэгэн хүмүүстэй нийлж ууж байгаагүй. Гэртээ ганцаараа уудаг. Хар багаасаа эм шиг хэрэглэж байсан хүн чинь бусдад ямар нэг хор хөнөөл учруулж байна ч гэж бодохгүй байгаа юм. Одоо би үлдсэн амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулна.

Архины асуудалтай хүмүүст тусална. Архины хамааралтай эмэгтэй хүмүүст илүү их нөхөрлөл хэрэгтэй. Архинд орчихсон эмэгтэй хүн бол өөрсдөө найз нөхөдөөсөө зугатчихдаг. Царай зүс нь гундаад хөгийн болчихсон эмэгтэй хүн найзуудаасаа зугатна шүү дээ. Гэхдээ хэзээ ч архичин болсон гэж боддоггүй. Эмэгтэй хүний ганц аюул нь нүүрээ гоё будаад, үсээ сайхан янзлаад сайхан хувцаслачихсан байхад хэзээ ч архичин гэж мэдэгдэхгүй. Ар гэрийн ахуй амьдрал нь арай дөнгүүр, аминдаа арчаатай нь архичин болсон ч дэнжигнээд яваад байдаг. Чадамжгүй нь унаад гулгаад байхгүй болчихдог.

-Нийгмийн хамгийн том айдас боллоо шүү дээ. Үүнээс болж хүүхдүүд хох и рсоо р байгаа нь бидний санаа зовинох асуудал?

-Тийм ээ. Хамгийн өрөвдөм нь хүүхдүүд гэмтчихсэн байдаг. Одоо миний хүү л гэхэд маш их уур уцаартай, нээлттэй биш. Энэ бол давхар хамаарал юм. Гэтэл архичин хүн бол эмнэлгийн тусламж аваад ч юм уу, оюун санааны сургалт аваад эдгэрч болно. Хүүхдүүдийн гэмтэл эдгэрдэггүй. Тэд үргэлж зүрх сэтгэлдээ айдастай хоцордог. Миний хувьд л гэхэд долоо хоног болгоны ням гариг бүрт сургалтандаа ирдэг.

Би архи уухгүй хоёр жил болж байхад одоо хүртэл миний хүү яг тангуулч шиг. Өдөрт 3-5 удаа хаана, юу хийж явааг минь байнга асууна. Итгэл нь унтарчихсан гэсэн үг шүү дээ. Надад итгэхгүй байгаа юм. Архи уучихсан байх вий гэсэн айдас нь арилаагүй байгаа юм. Хүүхдийн хүүхэд хүртэл миний архичин байсны хор уршгийг мэдэрсэн байдаг.

Ач, зээ нар минь хүртэл ааш аяаг нь тогтворгүй, хэрсүүжсэн. Хүмүүс хэлдэг дээ. Хүүхдэд байхгүй санаа гаргадаг гэж. Архичин хүний хүүхэд тийм болсон байдаг. Нэг жишээ хэлэхэд, манай нэг найз бий. Архи уудаг л даа. Тортой юм бариад нэг найзындаа орсон чинь хүүхдүүд нь хөөрч баясаад чихэр боов хараад баярлаж. Гэтэл архичин хүнтэй айлын хүүхэд тор хийгээд шил хангичихад л цочисхийгээд цаашаа “зугатаж” байна гэж байсан. Ингэж л тэр бяцхан оюун санаа гэмтсэн байна шүү дээ. Өрөвдөлтэй байгаа биз.

-Давхар хамаарлын хүрээ их өргөн байна даа?

-Далай багш шавиа загнаж л дээ. Гэтэл нөгөө шавь нь хуваргаа загнаж. Хуварга нь шавиа загнаж. Шавь нь багшдаа загнуулангуутаа нохой өшиглөж байна гэсэн их гоё яриа бий. Тэгвэл архины давхар хамаарал гэдэг яг ийм л байдаг. Хайр байгаа газар айдас байхгүй. Айдас байгаа газар хайр байхгүй гэж яг үнэн юм байна. Тэгэхээр архичин хүмүүсийн гэр бүлд аз жаргал байх боломж байхгүй.

Хэдий би өнөөдөр архиныхаа асуудлыг шийдээд гурван жил болж байгаа ч миний гэр бүл, миний хүүхэд, миний эгч, эгчийн хүүхэд гэмтчихсэн байгаа учраас айдас байсаар л байгаа юм. Энэ бол давхар хамаарал.

Би эсгий, шүр, сувдаар бүтээл хийх сургалтанд сууж байна. Би өөрөө сайхан болж байгаа ч хаа хамаагүй худууд хүртэл айдастай болчихсон байдаг юм байна. Тэднийгээ эмчлэх асуудлыг би одоо бодож байгаа. Ингэхээр нэг биш нэг хэсэг хүмүүсийг гэмтээчихсэн байгаа биз. Яг нөгөө сүлжээний бизнес гэдэг шиг.

-Та гудамж талбайд уначихсан байдаг хүүхнүүд шиг байв уу. Эргээд бодоход өөрийнхөө дүр зургийг бодохоор харамсдаг биз?

-Миний хувьд агсам согтуу тавих, гэр орноо түйвээх асуудал байхгүй. Зүгээр л тасраад унтчихдаг байсан. Гэхдээ архинаас холдчих гээд л аль болох аятайхан хүмүүстэй нөхөрлөөд, иог, бясалгалд суудаг байсан ч тархины голомтод архины ул мөр нэгэнт нэвччихсэн бол хэцүү юм билээ. Миний хувьд архинаас гаргах элдэв бөө дээр очиж байгаагүй. Ном уншуулдаг байсан. Манай нэг бясалгалын багш “Хатуухан хэлэхэд, хийморийн сан уншуулаад архи уух хүсэл зоригоо бадраагаад байсан юм биш үү” гэж хэлээд намайг инээлгэж байж билээ. Энэ мэтээр маш их гарц хайсан.

Хамгийн эцэст нь би өвдчихсөн байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй л яваад байсан. АА цуглаанд 10 гаруй жилийн өмнө хэд хэдэн удаа явсан. Тэр цуглаанд очоод бусдыг л шүүмжлээд суусан. Би архичин биш. Өвдөхөөрөө л уудаг гэж өөрийгөө өмөөрдөг байлаа. Одоо бол манай нийгэмд хааяа найз нөхөдтэйгөө уудаг, баяр ёслолоор уудаг гэж биеэ өмөөрдөг архичид айл өрх болгонд байна.

Айл бүрт нэг орфлэймчин, нэг архичин, нэг бөө байна. Архи уухгүйн тулд бөө дээр очиж үзээгүй хүн алга. Налайхын казак дээр очиж үзээгүй хүн байна уу. “Гоё амьдрал”-д хандаж үзээгүй хүнгүй л байна. Энэ бүхний ард хүүхэд гэмтдэг. СЭМҮТ дээр бидэнтэй хамт оюун санааны сургалт авдаг 20 гаруй настай хоёр охин хэлж байсан. “Тийм байх аа, манай хүүхэд шөнө унтаж чадахаа байсан.

Надаас болоод байгаа юм болов уу” гэж байсан. Би бол 200-400 мянган төгрөг бэлдэж байгаад уудаг байсан. Хоёрдугаарт манай гэрийнхэн архи авч өгдөг байсан. Гадуур явж уудаггүй болохоор миний хувьд зан араншингийн хувьд нэг их эвдрээгүй юм билээ.

-Архинаас хамааралтай болчихсон эрэгтэй эмэгтэй хүмүүст хамгийн их нөлөөлөх, хэрэгтэй ажил юу байна вэ?

-Зүгээр л багаар ажиллах нь хамгийн тустай арга юм байна л гэж бодогдож байна. Тэгэхгүйгээр дан ганц эмч байгаад нэмэргүй. Сэтгэл зүйч, чиглүүлэгч, сувилагч гээд тав зургаан хүн хамтарч байж архинаас хөндийрч байна. Тэгэхээр зовлон нэгтэй, зорилго нэгтэй хүмүүст өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхсэн гэж л бодож байна. Амьдралд алдаж болсон юм чинь алхаад хөл дээрээ босох ухамсарт орон зай бидний сэтгэл зүрх, оюун бодлын хаа нэгтээ байж л байх ёстой.

М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549