З.Баянсэлэнгэ: Би улс төрөөс гармааргүй байна

access_time 2018-12-10
remove_red_eye 194

 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Таныг хэний ч үл таних жирийн багшаас шууд УИХ-д сонгогдчихсон азтай хүн гэж харах хүн цөөнгүй байдаг. Ингэхэд та азтай хүн үү, эсвэл төдийгөөс өдий хүртэл явсныхаа хүчинд өнөөгийн өндөрлөгт хүрсэн улстөрч үү?

-Аз гэж юу вэ гэдгийг яаж ухахаас шалтгаалах байх. Гудамжинд явж байгаад газраас юм олох нэг асуудал. Ажил дээрээ амжилт гаргах нь азаар хэмжигдэхгүй. Үнэт зүйл үр дүн гэсэн тодорхойлолт руу дөхөх болов уу.
2012 онд парламентад сонгогдсоны дараахан сэтгүүлчид энэ талаар их асууж байсан. Хувь зохиолоо эргэцүүлж бодсон нэг үйл явдал УИХ-ын гишүүн байхад болсон юм. Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн шугамаар Рави Шанкар гээд бясалгалын том багш Монголд айлчиллаа. Лидер эмэгтэйчүүд тэр хүнтэй уулзсан л даа. Тэр уулзалтад эмэгтэй гишүүдтэйгээ очлоо. Би тухайн үед тэр хүнээс “Та аз, хувь тавилан хоёрыг юу гэж үздэг вэ” гэж асуусан юм. Тэгэхэд Рави Шанкар “Тэнгэрээс бороо орох нь хувь тавилан. Тэнгэрийн байдлыг шинжээд бороонд шүхэртэйгээ гарах эсэх бол азын асуудал” гэж хариулсан нь өнөө ч санаанаас гардаггүй. Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэлийг туулж байж парламентад суусан нь миний хувьд хувь тавилан. Зөв замаа сонгосон нь миний аз.

-УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ өнөөдрийн Баянсэлэнгэ хоёрыг жишвэл ялгаа гарсан уу?

-Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байхад хүрээлэл зөвхөн төрийн ордон дотор байсан. Ажиллаж байгаа орчинтойгоо холбоотойгоор хүмүүстэй уулзана, ярилцана, ажил төрлийн уулзалтууд хийнэ, хяналт шалгалтын ажлаар явна, төрийн байгууллагуудтай харилцана. Өнөөдөр парламентад байхгүй ч улс төрийн ажлаа орхиогүй. Намынхантайгаа харилцаж байна.

-Та хэр сайн ээж, хэр сайн охин бэ?

-Сайн охин байх. Ижий, аав хоёр минь бурхан болсон. Хоёр, хоёр жилийн зайтай өөд боллоо, дөрвөн жилийн хугацаанд. Тэд маань хүнд битгий худлаа ярь, хүнээс битгий мөнгө ав гэсэн хүмүүжлээр өсгөж өндийлгөсөн. Үг сургаалийг нь дагаж амьдарсандаа баярлаж явдаг. Ямар ч үр хүүхэд ээж аавынхаа ачийг 100 хувь хариулж чаддагүй байх. Дандаа л харамсалтай хоцордог. Тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэсэн бодол үе үе их төрнө өө. Найз нөхөд, ойр хүрээнийхэн маань “Чи ээж, аав хоёрыгоо баярлуулсан. Ачийг нь хариулсан. Амжилтанд хүрсэн охиноороо бахарсан нь тодорхой шүү дээ” гэдэг л дээ. Амжилтанд хүрч сайн сайхан яваагаа харуулж амьдрахад ямар ч аав ээж баярлана. Үрийнхээ сайханд баярладаггүй эцэг, эх гэж хаана байхав. Гэхдээ аяга цайг нь чанаж, хөл гарыг нь хучиж дэргэд нь суух цаг бага байж дээ гэсэн харамсал төрдөг юм байна. Ээжийн хувьд би өөрийгөө сайн ээж гэж боддог. Үр хүүхэддээ зөв боловсрол, зөв хүмүүжил, зөв байх ухааныг сургачих юмсан гэж хичээдэг. Ухаан суулгаад өгвөл хэнд ч алдахгүй. Амьдралын ямар ч үед хазайхгүй явах том үнэт зүйл.

-Баянсэлэнгэ гэдэг бүсгүй улс төрд орохоос өмнө ямар замыг туулсан бэ гэсэн асуултын хариуг бүрэн авсан хүн өнөөхөндөө байхгүй гэж боддог юм. Н.Энхбаярыг дэмжиж жагсч байгаад гарч ирсэн гэж л хараад байх шиг анзаарагддаг. УИХ-ын гишүүн болохоос өмнөх Баянсэлэнгэ ямар зам туулж явсаар МАХН-тай холбогдов гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Би амьдралдаа их зүйлийг туулсан. Хүмүүсийн ярьдаг шиг тийм амар хялбар аргаар амжилтад хүрсэн хүн биш л дээ, би. Ер нь амьдрал тийм амар биш. Баянсэлэнгэ гэдэг хүн хоёр сургууль төгссөн. Цагдаагийн байгууллагаас эхлээд ажилласан. Сонсогч гэдэг шүүрэн шанаган дээр шүүгдээд гардаг хүнд сургуулийг төгсч байлаа. Өвлийн хүйтэнд талбай дээр эрчүүдтэй хөл нийлүүлэн алхаж, самбо жудогийн хичээл дээр шидүүлж явсан өдрүүд хялбар байгаагүй. Тухайн үед чадварлаг мөрдөн байцаагч болох юмсан гэсэн ганцхан зорилготой зүтгэдэг байсан. Ажил хийвэл ам тосддог нь жам болохоор хоёр гуравхан жилийн дотор байгууллагын хөдөлмөрийн аварга болж хүндэт самбарт нэрээ бичүүлж байлаа. Цагдаагийн гавьяад тодорхойлогдож жуухаар шагнуулж явлаа. Найз нөхдөөсөө болж алдаж гэнэдэж, автобусны мөнгөгүй ч байж үзсэн. Хэтэвчиндээ 100 төгрөг ч үгүй явсан өдрүүд миний амьдралд бий. Тэр бүхний эцэст улс төрд орж хамт зүтгэж яваа нөхдийнхөө дэмжлэгээр парламентын гишүүн болж, зөв замаар алхахын тулд хүчээ дайчлаад ажилласан. Амьдралын өнгийг би тийм ч гэрэл гэгээтэйгээр хардаггүй, гэхдээ тийм хар бараанаар төсөөлдөггүй. Сайн сайхан болох байх гэсэн итгэл үнэмшлээр өнөөдрийг хүртэл амьдарлаа. Өнөөдөр би улс төрийн ертөнцөөс чимээгүй гараад явчихаж болно л доо. Эзэмшсэн мэргэжлээрээ хаана ч хүнээс гуйхгүй таван төгрөг олж амьдралаа аваад явахад асуудал байхгүй. Гэхдээ миний амьдрал өнөөдөр надаар дуусахгүй. Үр хүүхэд минь цаашид энэ улсад амьдарна. Нийгэм хэцүү, улс орон маань хөлөө олоогүй байхад би хийдгээ хийсэн гээд гараа эвхээд суувал хэн энэ улсын хөгжлийг зөв болгохын төлөө явах билээ гэж бодохоор улс төрөөс гармааргүй санагддаг. Үр хойчийнхоо амьдрах нийгмийг гэрэлтэй болгохын төлөө хүнд муу хэлүүлээд ч гэсэн алхахаас өөр замгүй. Хэзээ цагт энэ манан арилж тэнгэр цэлмээд сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Тэр цагийг ойртуулахын төлөө хийх ажил их байгаа гэж боддог. Ер нь нийгмийг, нийтээрээ амьдрах орчноо сайхан өнгөөр будахын төлөө хүн болгон хичээх хэрэгтэй. Тамын тогооны үлгэр шиг өөдөө гарсныгаа татаж унагаалгүйгээр эвлэлдэн нэгдээд урагшилбал хөгжил тийм хол биш.

-Улс төрд эмэгтэй гишүүд хэт олон байх дэмий гэх мэт үзэл хандлага анзаарагддаг. Ер нь шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаагүй. Тэр ч утгаараа хахир хатуу шийдвэрүүд гарч байсан шиг санагддаг. Нийгмийн халамжинд суурилсан бодлого явагддаг ч гэсэн өнгөц, хэлбэр төдий хэрэгжсэн гэж боддог. Яг хүн рүү, айл өрх рүү чиглэсэн бодлого дутагдалтай байсаар өнөөг хүрсэн. Төр засаг хүнээ гээсэн хаясан гээд байгаагийн цаад учир нь энэ л дээ. Ёс зүйн асуудал манайд бүр орхигдсон нь ч эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах шатанд муу байдагтай холбоотой. Монголд эмэгтэй хүн улс төрд ороход маш хүнд. Эмэгтэй хүнгүй байх тусам бодлого шийдвэр төгс утгаараа гарч чадахгүй. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн бодлого манайд байдаггүй. Үнэн хэрэгтээ бүх л салбарт ачааны хүндийг бүсгүйчүүд үүрч байна. Уг нь улс төр эрчүүдийн гэхээс илүү эмэгтэйчүүдийн талбар байх ёстой. Жендерийн зохистой харьцааг баримтлах учиртай. Хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тийм байтал эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах гаргах түвшинд тэр хэмжээнд байдаг билүү гээд харахаар хангалтгүй дүр зураг харагддаг.

-Эрчүүд голдуу парламент шийдвэр гаргахаараа нийгмийн суурь асуудлуудыг орхигдуулчихдаг гэмтэй, тийм шалтгаанаар хөгжиж чадахгүй байна гэсэн тайлбар бий. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ер нь бол санал нэг байна. Энэ олон жил эрэгтэйчүүд давамгайлсан парламенттай явсаар ирлээ. Гэтэл өнөөдөр өрх айлын амьдрал сайжирсан зүйл алга. Миний хувьд улс орны хөгжил өрх айлын хөгжилд суурилна гэсэн зарчим барьдаг. Нэг ч гэсэн өрх айл аз жаргалтай, орлоготой, амьдрал ахуй нь дээшилж байвал төрийн хөгжил аяндаа дээшлээд явна. Гэтэл өнөөдөр өрх айлын бодлого хаягдчихсан. Дагаад улс орны хөгжил хаягдаж байгаа нь үнэн. Улс орны хөгжлийг хардаг индекс нь ажилгүйдэл, ядуурал. Ажилгүйдэл, ядуурал өрх айлын орлоготой шууд холбоотой. Өрх гэрийн орлогын тухайд хоёулаа ажиллаад ч зээлээ дийлэхгүй амьдарч байна шүү дээ. Цаашдаа гэр бүлийн яамтай болох ёстой. Гэр бүл, өрхөө хөгжүүлэхийн тулд хүндээ чиглэсэн, өрх айлдаа чиглэсэн төрийн бодлого явж байж, ажилгүйдэл, ядуурал буурна. Уг нь улс төрчид ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж маш их ярьдаг. Бензин, шатахууны үнэ нэмэгдчихлээ. Доллар бараг л 3000 руу дөхөж байна, евро 3000 давчихлаа. Валютын ханш өссөнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч тэтгэвэр, цалин хэвэндээ. Ярьдаг ч шийдэж чадахгүй явсаар ирсэн энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх. Нэг сонирхолтой хандлага анзаарагддаг. Эмэгтэйчүүд бие биеэ дэмждэггүй. Уг нь нийгмийн энэ хандлага өөрчлөгдвөл парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо өсөх боломжтой.

-Таны ажилласан парламентад 11 эмэгтэй гишүүнтэй байсан, өнөөдрийн парламент 15 эмэгтэй гишүүнтэй. Тоо нь нэмэгдэхийн хэрээр оролцоо нь сайжирсан болов уу?

-Өмнөх парламентын эмэгтэйчүүд өнөөдрийн парламентын эмэгтэйчүүдийг харьцуулж сайн, муу гэхээс илүү бодит зүйлээ ярья. Өмнөх парламентад 11 эмэгтэй ажиллахдаа нам, намын төлөөлөл байсан. Нам, намын төлөөлөл байна гэдэг нь парламент дахь зөвшилцөл, ойлголцлын зайлшгүй шаардлага бий болж эхэлсэний илрэл. Бүгд тус тусдаа эх хүүхэд, өрх гэр бүлийн асуудал гэх мэтээр яривал ярина. Өүлэн ээжийн таван сум багцлагдаагүй байхдаа ямар байдагтай адилхан үр дүн гарна шүү дээ. Тийм учраас бид дуу хоолойгоо хүссэн хүсээгүй нэгтгэх ёстой болж хувирсан. Эмэгтэйчүүдийн албан бус байгууллага болох бүлэг байгуулаад сайн ажилласан. Бид маш эв нэгдэлтэй ажилласан учраас хагалан бутаргах юм уу, эмэгтэй гишүүдийн байр суурийг хүчгүйдүүлэх оролдлого гараагүй. Нэгдэж чадсан учраас бид хүчтэй оролцоотой ажилласан.
2016 оны парламентад харьцангуй олон эмэгтэй гишүүн сонгогдсонд би хувьдаа олзуурхсан. Парламент дахь уур амьсгалыг зөөлрүүлнэ, нэгдэж байгаад байр сууриа хүчтэй илэрхийлнэ гэж найдсан ч зарим нэг сул тал ажиглагдаж байна. Нэг намаас хэт олон эмэгтэйчүүд гарахаар эмэгтэйчүүдийн дуу хоолой боомилогдох тал гардаг юм байна. Намын бодлого гэдэг зүйлд зангидагдаад эмэгтэйчүүдийн дуу хоолой тэр бүр хүчтэй гардаггүйг харлаа.

-Нам бүр өөрийн бодол, чиг хандлага, үзэл баримтлалтай. Тэгэхээр эмэгтэйчүүд намын байр сууриа давж нэгдэнэ гэдэг нэг талаараа төвөгтэй байх л даа…?

-Монголын лидер, олны танил эмэгтэйчүүд 20-иод намд хуваагдчихсан тал бий л дээ. Эмэгтэйчүүд санал нэгдэж, ойлголцол нь нэг төвшинд очдог ч нам гэдэг зүйл дээр зангидагдаж үзэл бодлын тааламжгүй харьцаанд орж байр сууриа нэгтгэж чадахгүйд хүрдэг. Өнөөдөр ч тийм хандлага тод харагдаж байна. Уг нь эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн нэг намын эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй. Улс орны хэмжээний асуудал. Эмэгтэй хүний, эхчүүдийн, өрх айлын асуудал дан ганц эрчүүдийн харсан өнцгөөр явахад өрөөсгөл. Тэр утгаараа хүссэн хүсээгүй Монголын эмэгтэйчүүд нэгдэж, эв нэгдэлтэй байх асуудал зайлшгүй шаардлагатай. Эмэгтэйчүүд тууштай, үнэнч язгуурын чанартай учраас нам, намууддаа харьяалагдаад намын байр суурь бодлого гэсэн хана хэрмээр хязгаарлагдчихаад байна. Гэтэл эрчүүд яадаг билээ. Нам харгалзахгүй найз нөхөд байж чаддаг.

-Магадгүй зөвхөн эмэгтэйчүүдийн нам гэж байгуулбал арай эерэг нөлөө гарах юм болов уу?

-Эмэгтэйчүүдийн нам гэж байгуулж болно л доо. Гэхдээ Улс төрийн намын тухай хууль байна. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг. Шийдвэр гаргах төвшинд улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн эзлэх хувийг тогтоосон шийдвэр нь байхад хуулиа даваад нам байгуулах боломжгүй.

Намууд цаашдаа эмэгтэйчүүдээ илүү түлхүү оруулах зорилго дор нэгдэж, Их хурал, Бага хурлаараа ярилцаж, намууд хоорондоо зөвшилцөж, ойлголцох гарц бий. Улс төрийн намын тухай хуулиндаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талын тохиролцоо хийвэл шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх боломжтой.

-Сайдаар ажиллах үедээ хийхсэн гэж бодсон ажлаа гүйцээж чадсан уу?

-МАХН тэг түрээсийн орон сууц хэрэгжүүлэх юмсан гэж ярьж байсан. Түрээсийн төлбөргүй орон сууцны асуудлыг төрөөс шийдвэрлэж, орон гэргүй, амьжиргааны төвшин доогуур иргэддээ төрийн бодлогоор орон сууцжуулах талд анхаарсан. Залуу гэр бүл тэнд амьдарч тодорхой хугацаанд хуримтлал үүсгээд орон сууцанд орж байна. Харж хандах хүнгүй, ганц бие өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхэдтэй хүмүүс, ахмад настан гээд тэг түрээстэй орон сууцны хөтөлбөрт хамрагдах шаардлагатай хүн олон бий. Тэр утгаараа ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулахсан гэж хичээж ажилласан ч арилжааны банкууд, Монгол банкнаас ямар ч боломжгүй гээд ажил болоогүй. Миний гол хийх гэж зорьсон зүйл бол утааны асуудал. Утаагүй зуух, утаагүй түлш гээд өчнөөн төгрөг төрөөс суулгаж шийдвэрлэж өгөөд байна. Гэтэл хүндээ хүрсэн, өрхдөө чиглэсэн, бодитойгоор утааг бууруулсан ажил хийгдээгүй. Утааны асуудал амьжиргааны төвшинтэй холбоотой. Амьжиргааны төвшинг сайжруулахын тулд орлоготой байх учиртай. Орлоготой байлгахын тулд ажлын байраар хангах шаардлага бий. Иргэд газраа барьцаалаад тухайн газар дээрээ амины орон сууц барьж дэд бүтцээ шийдвэрлүүлэх гарц уг нь бий. Хоёр, гурав, дөрөв, таван айлыг нийлүүлээд зөв технологи дээр суурилуулж шийдээд өгвөл утааны асуудал эрс багасна. Үүнийг хэрэгжүүлэх гээд холбогдох салбарын хүмүүс, байгууллагуудтай нь ярилцсан ч ажил хэрэг болж чадаагүй. Цаашдаа ажил болгохсон гэж боддог зүйл маань энэ.

-Дэлхийн хэмжээнд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч байна. Энэ хандлага цаашид яах бол?

-Дэлхийн чиг хандлагыг харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд нилээн түлхүү орж ирж байна. 2011 оноос эхлэн аажимдаа хурдацтай урагшилж байна. Олон эмэгтэй Ерөнхийлөгч шинээр төрлөө. Цаашдаа эмэгтэйчүүдийн оролцоо улам дээшлэх байх. Дэлхийн чиг хандлагатай зэрэгцээд манай эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх хувь нэмэр дээшлэх болов уу. Чиг хандлагыг хараад суух биш, эмэгтэйчүүд маань өөр өөрсдийн нам дээрээ эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх бодлогыг түлхүү ярих хэрэгтэй. Саяхан Монголын Эмэгтэйчүүдийн Их Хурал болсон. Энэ Их Хурал хаалттай, нилээн явцуу хүрээнд хийгдсэн болов уу гэж харж байгаа. Монгол дахь Эмэгтэйчүүдийн Их Хурал гэж зохион байгуулж байгаа бол МАН-ын хүмүүсийг оруулах, урилга өгөх хэрэгтэй. Цаашлаад энэ хурлыг өргөн хүрээнд хийх тал дээр байр сууриа илэрхийлнэ.

-Өнөөдрийн улс төрийг Та хэрхэн харж дүгнэж байна. МАХН-ын улс төрийн байр суурийг сонирхуулаач?

2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намын хувьд дэндүү хариуцлагагүй байна. Албан тушаал, сандал суудлын төлөөх өрсөлдөөн хэрээс хэтэрсний гор гарч эхэллээ. Шударга гэдэг үгийг маш олон удаа хэлж, хариуцлага тооцно гэцгээж байгаа ч эцсийн дүндээ сандал суудлын төлөөх тэмцэлдээн л өрнөж байна. Манай намын зүгээс өнөөгийн улстөрийн нөхцөл байдал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Эрх баригч намын хувьд ч тэр, сөрөг хүчин болсон АН-ын бодлого шийдвэрийг ч тэр харьцуулж анализ дүгнэлт хийж суугаа.

П.Оюунсувд
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549