ЖДҮХС-аас зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа

access_time 2018-12-07
remove_red_eye 113

 

-“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДНЭ-

Өнөөдөр АТГ-аас хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-УИХ-ын гишүүн Л.Энхболд, Дамба-Очир, Цэрэнбат нарыг яллагдагчаар татсан гэсэн үнэн үү. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ыг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Энэ талаар?

-ЖДҮХС-аас 2016 онд 200 гаруй нэр компанид зээл олгосон асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр албан тушаалтныг дуудаж, мэдүүлэг авсан зүйл байхгүй байна. УИХ-н гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай юм. Үүн дээр прокурорын байгууллага ажиллаж байгаа болно. Төсөл хөтөлбөр нэг бүрийг нарийн шалгаж байна. Гэхдээ зээл авсан аж ахуй нэгж бүрийг шалгахгүй байгаа.

ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу? гэдгийг шалгаж байна. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. ЖДҮХС-д сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах талаар зөвлөмжийг АТГ хүргүүлж байсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байна.

-ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод буй 14 гишүүний хэргийг шалгасан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-д зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. Үүн дээр ямар нэгэн нэр дурдах шаардлага байхгүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэсэн мэдээлэл их байгаа. Гэхдээ үүнийг шалгаж үргэлжилж байна.

Мөн ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. Энэ хэрэг яаралтай шийдэх хэрэг биш. Манай зүгээс хэргийг түргэн шийдэхээр ажилласаар байна.

-Стандарт банкны хэрэг юу болж байна вэ. Хэрхэн шийдэх вэ?

-Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгана. Ийнхүү хэргийг шүүх рүү шилжүүлнэ.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг үү?

-УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн хороо шалгадаг. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллавал АТГ-аас хяналт шалгалт хийх боломжтой болдог.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549