Баяжихыг хүссэн монгол хүнд өгөх зөвлөгөө

access_time 2018-12-07
remove_red_eye 182

 

Маш хурдан баяжихыг хүсэж мөрөөдөж яваа нэгэн бол танд хамгийн зөв бөгөөд найдвартай арга замыг ямар ч үнэ төлбөргүйгээр зааж өгье! Би эдийн засагч, санхүүч, бас бизнесмен ч биш. Гэхдээ амьдралаас олж харсан ҮНЭН дээрээ тулгуурлаж байгаад зөвөлгөө өгөх боломж бол надад байна. Одооны хүүхдүүдэд заадаг эсэхийг мэдэхгүй, харин миний үед практикаар шалгагдсан мэдлэгийг үнэн гэнэ хэмээх тодорхойлолтыг нийгмийн хичээлээр ягштал цээжлүүлдэг байж билээ.

Тэгэхээр амьдрал дээр хамгийн хурдан (хамгийн хурдан гэж онцолсныг минь анзаараарай) хөрөнгөжиж, баяжиж чадаж байгаа манай “мундаг” хүмүүсийн арга барил, туулсан зам, хийсэн хөдөлмөрийн туршлагаас та бид мөрөөдөлдөө хүрч болох цорын ганц ҮНЭН-ийг олж харж чадна гэсэн үг. Ингэхээр миний өгөх гэж байгаа зөвөлгөө бол тэрхүү мундаг хүмүүсийн арга туршлагаас миний олж харсан ҮНЭН гэдгийг дахин дахин онцолъё.

Өнөөдөр Монгол Улсад иргэн хүн ойлгож явдаг шигээ шударгаар хөдөлмөрлөөд чинээлэг баян бас хуримтлалтай болж хэзээ ч чадахгүй шүү гэдгийг ингээд хамгийн түрүүнд зөвлөж байна. Та хэчнээн ихээр хичээнгүйлэн, хөлс тань хэдэн тонноор урссан байгаад ч нэмэргүй.

Тэрхүү хөдөлмөрлөсөн хөдөлмөр, урсгасан хөлс өөрт чинь биш огт өөр хэн нэгэнд мөрөөдсөн амьдралыг нь бүтээж өгдөг юм. Харин та энэ насаараа тохилог орон сууц, унаа машинтай болох ужиг мөрөөдөлдөө тэжээгдсээр элэгдэх болно. Таны орлого үр хүүхдийн чинь хүсэж байгаа боловсролын өртгийг ч дийлэхгүй. Хүн шиг амьдарч, аялж, амарч, сувилуулах энэ тэр бол танд бүр ч хүртээлгүй зүйл байх болно.

Тийм болоод л өнөө цагт монгол хүн хэн нэгнээ “Цалингаараа амьдраарай чи” гэх аваас хамгийн муухай агаад доромжилсон явдалд тооцогддог болсон юм шүү дээ. Тэгэхээр би хоёр дахь зөвөлгөөгөө өгөх гэж байна. Та миний дээр дурсан шиг бусдын хүч хөдөлмөр, хөлсийг ашиглан, муухайгаар хэлвэл сорон мөлжиж чаддаг хүн болох чухал. ингэхийн тулд та өөрийгөө “эвдлэх” хэрэгтэй болно. Юунаас ч ичиж зовдоггүй, юуг ч өрөвдөж хайрладаггүй, юунд ч ханаж цаддаггүй болох ёстой юм. Хулгай, тонуулыг дээд түвшинд хийж сурах шаардлагатай. Бүр дээд түвшинд гэж байгаа биз.

Энэ маань өөр бусдын ганц нэг адуу, мал дэлсэх, нэг, хоёр сая төгрөг суйлах тухай асуудал огт биш билээ. Ингэх юм бол та жинхэнэ сүйрнэ гэсэн үг. Яагаад гэвэл танд эрүүгийн хууль шууд маш шударгаар, шуурхай үйлчилж эхлэх болно. Та гэмт хэрэгтэн болоод таны нөгөө хүсэл, мөрөөдөл хумхын тоос лугаа нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах төлөвт үүрд шилжин замхарна. За, ингээд миний өгөх гуравдугаар зөвөлгөөнд анхаарлаа хандуулна уу! Эхлээд бага зэрэг нурших болж байгаадаа хүлцэл өчих нь зөв байх. Монголд “шилийн сайн эрс” гэж байлаа шүү дээ.

Тэд ямар хүмүүс байсан бэ гэхээр ердөө л хулгай, дээрэм хийдэг нөхдүүд байжээ. Жирийн буюу шилийн биш хулгайч нараасаа тэд их хэмжээний хулгай, дээрэм тонуулыг дахин дахин давтан үйлддэгээрээ ялгардаг байсан байна. Яахав, өөрсдийнх нь “харснаа авахгүй, хаяагаа хадрахгүй” гээд ихэвчлэн нутаг орон алгасч, хулгай тонуулаа хийдэг байсан “жудаг”-ийг нь ихэд баатарлаг, хийморьлиг явдал хэмээн ойлгодог болцгоож, бүр сүүлдээ хулгай хийхийг нь хуулиар зөвшөөрөн дархалж байсан байдаг юм. Яг үнэндээ тэдний хулгай, тонуул нь хууль хэрэглэдэг хүмүүст нэн ашигтай байсан болохоор ийнхүү дархалж байж гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлздэггүй.

Тэгэхээр амьдралд байж болохгүй, бидний ёс суртахуунд таарч тохирохгүй гэж үздэг юм заримдаа бүр нийгэмд бахархал байж болдог байгаа биз. тэр тусмаа Монголын өнөө цагт та хэрвээ “шилийн сайн эр” байж чадвал сая хүссэндээ хялбархан хүрэх болно гэж “зөвлөх” байна. Энэ зөвлөгөөнд минь эргэлзэж байвал, бас айж эмээж байгаа бол улс орон, ард түмэн, нийтийн өмч хөрөнгийг тэрбум, тэрбумаар нь хусч, тонож чадаж байгаа өнөө цагийн “шилийн сайн эрс”-ийн “ялгуун” жишээг сана.

Ерөөсөө бодоод байх тусам хууль өөрөө шударга байх үндэслэлгүй санагдах болно
Санамагц л айдасгүй болж байгаа биз дээ. Тэгэхээр тэрбум, тэрбумаар хулгай хийж чадаж байж та “хуулиар дархлагдсан дархан эрхт хулгайч” хэмээх хамгийн эрхэм алдарт хүрэх юм. Дархан ийм эрхтэй болсон бол хууль танд хамгийн ашигтайгаар үйлчилж эхлэх болно. Үүнийг батлах жишээг өнөө цагт “шилийн сайн эр” гэхээ байгаад “төрөөс төрсөн тэрбумтан” хэмээн илүү яруу сонсголонтойгоор нэрлэн алдаршуулах болсон нөхдийн үйлдэл цаг ямагт харуулж байгаа билээ. Ингээд танд миний зөвөлгөө хүрлээ. Та сайн бодоорой! Ерөөсөө бодоод байх тусам хууль өөрөө шударга байх үндэслэлгүй санагдах болно. Надад яг ингэж санагддаг юм. Яагаад гэвэл манай Монголд хуулийг “дархлагдсан хулгайч” нар санаачилж, бас баталдаг болсон шүү дээ. Тэгэхээр миний зөвлөсний дагуу байж чадсан хэнд ч хууль “аймшигтай” биш билээ. Миний зөвлөгөөг дагахгүй бол хууль өөрт чинь яг одоо “үйлчилж” байгаа шигээ цаашдаа ч үйлчилсээр байх болно. Та ядуу хэвээр байна. Монгол улсад маш хурдан баяжиж байгаа ихэнх хүмүүсийн практикаар шалгагдсан ҮНЭН энэ болой.

саак.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549