Хамт архи уусан найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож амь насыг нь хохироожээ

access_time 2018-12-06
remove_red_eye 155

 

-НЭГЭН БАЙГУУЛЛАГЫН 4 ХҮН ХАМТ АРХИДАН СОГТУУРЧ
БАЙГААД МАРГАЛДЖЭЭ-

Нийгэмд архидан согтуурсан үедээ биеэ хянах чадваргүй болж бусдын гарт хохирогч болох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сануулсаар байдаг. Мөн иргэд согтуурсан үедээ хэт их сэтгэл хөөрөлд автаж гэмт хэрэг үйлдэн Эрүүгийн хэрэгтэн болсоор байгаа юм.

Түүнчлэн хардалт гэх сэтгэл зүйн нэгэн төрлийн эмгэгээс болж, гэр бүл салах, гэр бүлийн хүчирхийлэлд олон хүүхэд, эмэгтэйчүүд өртсөөр байна. Хардалтаас үүдсэн уур бухимдалдаа автан хормын төдий хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, 12-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын оффисын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ.

“Хүн амины хэрэг гарсан байна” гэх дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд 39 настай эрэгтэй Т толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ. Талийгаачийг хамт архи уусан найзууд болох эрэгтэй 29 настай Т, 37 настай Б нар “Манай эхнэртэй хамт архи уусан” хэмээн марган харилцан зодож амь насыг нь хохироосон байна.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хамт байсан хоёр эрэгтэй нар ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн хамт архидан согтуурсан ажлынхаа найзтайгаа маргалдан зодолдож хохирогч 39 настай Т нь гавалын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Т нь толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, хэрэгт холбогдогчоор хамт архидан согтуурсан гэх этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549