Владимир Путин: Бид ч бас гэрээгээр хориглогдсон зэвсгийг үйлдвэрлэнэ

access_time 2018-12-06
remove_red_eye 166

 

Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 1987 онд Вашингтон-Москвагийн хооронд байгуулагдсан дунд тусгалын цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээг ОХУ зөрчиж байгааг сануулж, зөрчлөө арилгах 60 хоногийн хугацаа өгсөн билээ.

Заасан хугацаанд гэрээг зөрчихөө зогсоохгүй бол АНУ энэхүү түүхэн гэрээнээс гарна гэж анхааруулсан юм.

1987 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачев нарын байгуулсан энэхүү гэрээнд 500-5,500 км тусгалтай пуужингийн зэвсэглэлийг хориглодог.

Өөрөөр хэлбэл урьдчилж мэдэгдэлгүйгээр богино зайд, түргэн хугацаанд цөмийн зэвсгийн цохилт өгөх боломжийг хааснаар Европ тивийн аюулгүй байдлыг баталгаажуулсан юм.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй ярилцахдаа Вашингтоны мэдэгдэлд хариу өгсөн байна. Тэрээр “Тэд биднийг мэдээгүй гэж бодоод байх шиг байна. Пентагон гэрээнд хориглосон зэвсгийг хэдийнээ бүтээгээд байгаа. Бид гэрээг дуусгахын эсрэг байна. Гэхдээ гэрээг дуусгавал бид бас адилхан хариу арга хэмжээ авна” гэж ярьжээ.

Путин дунд тусгалын зэвсгийг дэлхийн олон орон бүтээж, туршиж байгааг хэлээд “Нөхцөл байдал нэгэнт өөрчлөгдсөн тул АНУ ч гэсэн ийм зэвсэгтэй болох ёстойг манай Америк түншүүд одоо ухаарч байх шиг байна. Тэгвэл бид ч гэсэн адилхан алхам хийнэ” гэсэн юм.

Өчигдөр бас NATO-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзахдаа Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини АНУ, ОХУ-ыг дунд тусгалын зэвсгийг хориглох гэрээнээс гарахгүй байхыг уриалжээ.

Тэрээр “Уг гэрээ нь Европ тивийн газар нутгийн аюулгүй, энх тайван байдлыг 30 жилийн турш хангаж ирсэн юм” гэж онцолсон байна.

Трампын засаг захиргаа Оросын бүтээсэн Новатор 9М729 загварын пуужинг 1987 онд байгуулсан гэрээг зөрчсөн зэвсэг гэж буруутгаж байгаа юм.

Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай энэ далавчит пуужинг хөдөлгөөнт байрлалаас харваж болдог, радарт бүртгэх боломжгүй тул Европын хотуудад гэнэтийн цохилт өгөх аюултай гэж NATO дүгнэсэн байдаг.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549