Онгойсон суудлуудад очих хүмүүсийн сураг

access_time 2018-12-04
remove_red_eye 287

 

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан. Тиймээс өчигдөр У.Хүрэлсүхийн дотнын нөхөр, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Засгийн газраас нь гарах өргөдлөө өглөө. Бас “…У.Хүрэлсүх огцрох ёстой” гэж гарын үсгээ зураад, дараа нь чуулган дээр “…Огцрох ёстой” гээд кноп дарсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, “…Сайдын суудлаа авбал татгалзах зүйлгүй” гэж хэлсэн байна.

Засгийн газраас дээрх хоёр сайдыг чөлөөлөх талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандсан тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэгэхээр ойрын үед ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдын албан тушаалд “шинэ” хүн очно гэсэн үг. Яг үнэнийг хэлэхэд, хэрвээ У.Хүрэлсүх хэвээрээ үлдвэл хамгийн түрүүнд энэ хоёр сайдын асуудал хөндөгдөнө гэж хэд хоногийн өмнөөс яригдаж байсан. Тэр байтугай хэн хэн сайд болох тухай ч хэлэлцэж ярилцаад эхэлсэн байгаа юм.

Ер нь бол У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалд үлдэхэд нь онцгой “гавьяа” байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга зарим сайдыг мэднэ. Ялангуяа ЗТХ-ийн сайдыг тэр томилно. Энэ Засгийн газрыг байгуулахад ч мэдэж томилсон гэдэг юм.

Я.Содбаатарын оронд Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь Зам, тээврийн сайд байсан Д.Ганбатыг өгөх магадал маш өндөр. Бас “…У.Хүрэлсүхийг үлдээе” гэж гарын үсэг зурсан МАН-ын 36 гишүүнээс энэ суудлыг горилж байгаа гишүүд ч бий. Дээрээс нь У.Хүрэлсүх намын даргын хувьд эсэргүүцэж байсан гишүүдээс ч засагтаа оруулах яриа бас байна. МАН-аас ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэр бас дуулдав. Гэхдээ ЗТХ-ийн сайдаар хэнийг томилохыг Ерөнхийлөгч мэднэ.

Ц.Цогзолмаагийн оронд БСШУС-ын сайд болох магадлалтай хэд хэдэн хүн байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж байгаа. Мөн гаднаас, боловсрол, эсвэл соёлын салбарын мундаг нэр хүндтэй, мэдлэг боловсролтой нэгнийг ч сайд болгох хувилбар яригдаж байна.
Үүнээс гадна одоо онгорхой байгаа ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилно. Тэрбээр зургаа дахь удаагаа “зэрэг нэмж” сайд болж байгаа юм. Хэрэв У.Хүрэлсүх сая уначихсан бол хөөрхий минь “…Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг л юм болоод хоцрох байлаа.

Өнгөрсөн долоо хоногт гэнэт өргөдлөө өгсөн Хотын дарга Су.Батболдын оронд очих хүн тун удахгүй тодорхой болно. Одоогоор Хотын даргад гурван хүний нэр яригдаж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын дарга С.Амарсайханыг, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогч байсан Б.Мөнхбаатарыг, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаярыг зүтгүүлж байна.

Гэхдээ өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар буюу С.Амарсайхан, Б.Мөнхбаатар хоёрын дунд явагдаж байгаа юм. Гэхдээ энэ хоёрын маргаанд цэг тавих хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн таалалд хэн нийцнэ, тэр нь Хотын дарга болно гэсэн үг. Магадлалын хувьд Д.Сумъяабазар дийлж Б.Мөнхбаатарыг Хотын даргаар томилох болов уу гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна.

Яг өнөөдрийн байдлаар онгойсон суудлуудад очихоор яригдаж байгаа эдгээр хүмүүсийг Ордон хавиар ярьж байна.

Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549