Нүүрээ сольсон Колумбын мафийн босс асан АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгчээ

access_time 2018-11-30
remove_red_eye 126

 

Энэ өдрүүдэд Мексикийн хар тамхины томоохон бүлгийн толгойлогч “Эль Чапо” хочтой Гузманыг шүүх хурал АНУ-д үргэлжилж байна.

Өчигдөр болсон хуралд түүний холбоотон, Колумбын хар тамхины мафийн босс асан Хуан Карлос Рамирез Абадиагаас мэдүүлэг авжээ.

Абадиа нь мөрдлөгөөс зугтахын тулд нүүрэндээ доод тал нь гурван удаа мэс засал хийлгэж, танигдахын аргагүй өөрчлөгдсөнөөрөө алдартай этгээд юм.

Тэрээр 20 жил мафийн толгойлогчоор ажиллах хугацаандаа 400,000 кг хар тамхи борлуулж, 150 удаа бусдын амийг хөнөөх захиалга өгч, асар их баяжсан гэдэг. 2007 онд түүнийг Бразилаас баривчлах үед нэг тэрбум ам.доллар бэлнээр хураан авч байжээ.

Рамирез Абадиаг Колумбиас АНУ-д шилжүүлж өгсний дараа аллага, хар тамхины хэргээр шийтгүүлсэн бөгөөд Гузман мэтийн хамтрагсдынхаа үйл ажиллагааны талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Өчигдөр тэр 1990-ээд оны эхэн үед өөрийн барааг Мексикээр дамжуулж АНУ руу гаргах асуудлаар тохиролцох гэж Гузмантай Мексикт уулзаж байсан тухайгаа мэдүүлжээ.

Гузман тухайн үед хамгийн цэвэр, чанартай барааг Абадиагаас шаардаж, мөн Мексикийн бусад бүлэглэлүүдээс илүү өндөр хувь авч байсан гэнэ. Учир нь Гузманы сүлжээ АНУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэхэд хамгийн найдвартайд тооцогддог байжээ.

“Намайг ямар хурдтай болохыг чи удахгүй харах болно” гэж Гузман гайхуулж байсныг Абадиа шүүх хурлын үеэр гэрчилсэн байна. Колумбиас Бразил руу нүүхдээ Рамирез Абадиа нүүрээ сольсон бөгөөд түүнийг танихад маш хэцүү байсан тул мөрдөгчид дуу хоолой таних технологийн тусламжтай баривчилж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549