Х.НИНЖБОЛОР: Цахим орчинд ТАНЫ ХҮҮХЭД ч бас байгаа гэдгийг ямагт САНАХ хэрэгтэй

access_time 2018-11-20
remove_red_eye 86

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболортой ярилцлаа.

ХХЗХ-ны хувьд “Цахим орчныг зөв болгоё” аян дээр ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Аяны хүрээнд танай байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

ЗГХЭГ, ХХЗХ болон ЦЕГ хамтран цахим орчин, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, олон нийтийг уриалах “Цахим орчныг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын турш зохион байгуулж байна. Сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зүй бус мэдээллүүд, нэгнээ гүтгэн доромжлох, албан бус, худал ташаа мэдээлэл тараах зэрэг хандлагууд ихэсч байна. Тиймээс цахим орчинд албан мэдээлэлд итгэх, ёс зүйтэй, зөв хэрэглээ, хандлагыг бий болгох зорилгоор ухуулга, нөлөөллийн ажлуудыг хийгээд явж байна.

Хамгийн гол цахим орчинд аливаа үйлдэл, зан төлөв, мэдээллийн урсгал дунд бидний залуу үе, өсвөр насныхан үлгэр дууриалал авч байгаа учраас томчууд бид ухамсартай, зөв хэрэглэдэг байх шаардлагатай байна гэдэг мэссэжийг олон нийтэд хүргэхийг зорьж байна.
Өсвөр насныханы хувьд сошиал хэрэглээ хэр өндөр байна вэ?

Монгол улсад 2.1 сая хүн фэйсбүүкт бүртгэгдсэн байдаг. Үүнээс харахад фэйсбүүкт нэгээс илүү хаяг ашиглаж байх, хүүхэд залуучууд гол хэрэглэгч нь болж байх магадлалтай байна. Ил болон нэрээ нууцалсан хаягаар хүүхэд, залуучууд ихээр нэвтэрч, ашиглаж байна гэсэн судалгаа байдаг. Зарим тохиолдолд эцэг, эхчүүд нь өөрсдөө хүүхдүүддээ фэйсбүүк хаяг нээж өгч байна. Гэтэл хэрхэн яаж зөв ашиглах талаар нь зааж, зөвлөлгүйгээр энэ задгай, хяналтгүй орчин дах замбараагүй хэрэглээнээс өсвөр үе маань буруу үлгэр дууриаллыг авч, эргээд цахим гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох хандлага харагдаж байгаа.

Хүүхдүүдийг фэйсбүүк хаягтай байх эрхийг нь бид хязгаарлах эрхгүй ч түүгээр дамжуулан авч байгаа мэдээллийг нь эцэг, эхчүүд байнга хянах шаардлагатай байгаа юм.

Бидний хувьд хянах боломж харьцангуй хомс байдаг. Одоо л бид цахим орчныг зөв, зохистой хэрэглээ рүү чиглүүлэхгүй бол ирээдүйд сошиал орчин нь олон мянган хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх талтай. Тиймээс бид “Цахим орчныг зөв болгоё” аяныг хамтран зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн энэ аяныг дэмжиж БСШУСЯ, Монгол шуудан компанитай хамтран “Цахим орчны зөв зохистой хэрэглээ” сэдвийн дор ЕБС-ийн сурагчдын дунд уралдаан зарлаад байна. Уралдаан маань 6-8-р ангийн сурагчдын дунд бяцхан ном бүтээх, 9-11 ангийн хүүхдүүдийн дунд төслийн уралдаан зарласан. Ахлах ангийн хүүхдүүдээс ирсэн төслийг бид шалгаруулж хэрэгжүүлэх зорилготой. Уг уралдаан маань хүүхдүүдийн мэдээллийг шүүн тунгаах чадварт нь бага ч болтугай нэмэр болоосой гэж хүсч байна. Мөн ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлын нэг бол хэрэглэгчийн шүүлтүүр програм аппликейшны эхний ээлжийн хувилбарыг холбогдох байгууллагуудтай хамтран гаргаж ашиглалтад оруулах. Уг ажлын төслийг шалгаруулах уралдаан зарлагдаад явж байгаа. Энэ шүүлтүүр програмын тусламжтайгаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ интернетийн хэрэглээг хянах, хязгаарлах бүрэн боломжтой болох юм.

Танай хорооноос эрхлэн гаргадаг ekids.mn сайтад их хэрэгтэй мэдээллүүд их байдаг. Яагаад энэ төрлийн сайтыг хөтлөх болсон бэ?

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас 2014 онд цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг Монголын хүүхдүүд, багш, эцэг эхчүүдэд хүргэхийн тул Харилцаа холбооны зохицуулах хорооноос орчуулж холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Тухай үеийн удирдлагууд маань энэ зөвлөмжийг ингээд хүргүүлээд зогсохгүй хүүхэд хамгаалах чиглэлээр тусдаа цахим хуудас нээж, ажиллуулъя гэж шийдвэрлэж 2014 онд www.ekids.mn цахим хуудсыг бий болгосон. Энэ цахим хуудсаараа хүүхдийн сэтгэлзүйчид, сурган хүмүүжүүлэгчид, судлаачидтай хамтран аль болох хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг тогтмол өгөхийг зорьж байна. Одоогийн байдлаар 80 гаруй мэдээ, мэдээллийг нийтлээд байна.

Ер нь ХХЗХ нь цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр БСШУСЯ, ХНХЯ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийг хамгаалах сан зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Үүний нэг жишээ нь 2016 онд БСШУСЯ-тай хамтран “Цахим орчны гадуурхал” сэдвийн дор ЕБС-ийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан. Үйл ажиллагааны хувьд бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, дунд ангийн сурагчдын хувьд цахим орчны гадуурхал, цахим орчны гадуурхалаас хэрхэн яаж сэргийлэх вэ гэсэн ерөнхий сэдвийн дор сурагчид өөрийн үзэл бодлоо эссэ бичлэгээр илэрхийлэх үйл ажиллагаанууд зохион байгуулсан.

Хүүхэд залуучууд мэдээлэл, харилцаа холбооны текнологийг ашигласнаар багагүй аюултай тулгардаг. Жишээ нь зохисгүй мэдээ, мэдээлэлтэй таарах, хувийн нууцлал алдагдах гэх мэт. Энэ үед хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Нэгэн олны танил эрхэм технологийг 2 талдаа иртэй хутгатай адилтгаж хэлсэн байсан. Үнэхээр ч тийм. Тийм болохоор технологийн хөгжил, дэвшлийн үр дүнд бий болж буй цахим хэрэглээ, цахим орчинд хэрэглэгч бид өөрсдөө нийцэж, зөв цахим хэрэглэгч болох шаардлагатай. Энэ орчинд хамгийн эмзэг хэрэглэгчид бол өсвөр үе маань. Өсвөр үеэ цахим орчин дахь зохисгүй мэдээ, мэдээллээс хамгаалах нь эцэг, эх, багш, төрийн болон төрийн бус байгууллагууд гээд олон талын оролцоо, хамтын ажиллагааг шаардсан цогц ажил юм. Тиймээс л бид өнөөдөр хамтран зөв, зохистой хэрэглээг сурталчлах зорилгоор энэ аяныг зохион байгуулж байна. Бас нэг чухал асуудал бол хүүхдэд аливааг шүүн тунгаах чадварыг багаас нь суулгах хэрэгтэй. Энэ бол хамгийн том хамгаалалт.

Иймээс манай байгууллага БСШУСЯ, Монгол шуудан компанитай хамтран ЕБС-ын сурагчдын дунд цахим орчны зөв зохистой хэрэглээг сурталчлахад чиглэсэн уралдааныг 2 ч удаа зарлаад байна.

Ер нь бол хүүхдүүдэд цахим орчинд аюулгүй оролцох талаарх 5 зөвлөмжийг өгдөг. Нэгт хувийн мэдээллээ цахимд оруулахгүй байх. Жишээ нь гэрийн хаяг, сургуулийн нэр, утасны дугаар гэх мэт. Хоёрт, интернетээр өөрийн болон найзынхаа зургийг хүнд битгий өгч бай. Аль болох өөрийн зургийг цахим орчинд оруулахгүй байх. Гуравт, өөрийн цахим орчны нууц үгийг эцэг, эхээсээ өөр хэнд ч өгч болохгүй, нууц бол нууц л байлгах шаардлагатай. Дөрөвт, интернетийн найдваргүй эх сурвалжаас хэзээ ч ямар нэгэн файл, програм, тоглоом татах хэрэггүй. Энэ нь цахим вирус агуулсан байж болох бөгөөд чиний комьпютер, гар утсыг эвдлэх, хакердах, чиний мэдээллийг хулгайлах боломжийг олгодог. Тавт, танихгүй хүнээс эвсэл өөрт чинь эвгүй санагдсан мессеж чат зурвас хэн нэгнээс хүлээж авбал эцэг, эх, багш томчуудад энэ талаар хэлж туслалцаа зөвлөмж авах хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ цахим орчны аюулгүй хэрэглээний талаар илэн далангуй ярилцах шаардлагатай.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин өссөн гэсэн судалгаа гарсан байна. Ингэж өссөнөөр гарах үр дүн?

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас улс орнуудын МХХТ-ийн хөгжлийн индексийг гаргадаг. Энэ индексээрээ манай улс дэлхийн дундаж орчимд байгаа. Интернет хэрэглэгчийн тооны хувьд 3.1 сая хүн амаас нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк хэрэглэгч болсон нь 2.1 сая байна. Мэдээж хэрэг цахим орчин, нийгмийн сүлжээ нь маш олон давуу талуудтай боловч сөрөг зүйлүүд ч бас гарах болсон. Дэлхий дахинд худал мэдээлэл, хүнийг гүтгэх, цахим орчны хүүхэд хамгаалал гэх мэт хууль бус зүйлүүдтэй цахим орчинд хийх тэмцэл, зохицуулалтыг хийж эхлээд байна. Манай улсын хувьд яг цахим орчинд нарийвчилсан зохицуулалтыг хийсэн хууль эрх зүйн орчин байхгүй байгаа боловч одоо байгаа хууль, эрхзүйн хүрээнд холбогдох эрх бүхий чиглэсэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. ХХЗХ-ны хувьд холбогдох байгууллагуудад технологийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549