Монголын хилээр 86 тээврийн хэрэгсэл гарсан ч Хятадын талаас ачааг татан авсангүй

access_time 2018-11-19
remove_red_eye 284

 

Урд хөрш энэ оныг дуустал аль ч боомтоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнийгээ өнгөрсөн онд импортолсон нүүрсний хэмжээнээс давуулахгүй, төлөвлөгөө биелчихсэн гэж тайлбарлаж байгаа юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар Австралийн Ерөнхий сайдтай хийсэн уулзалт нь тийм ч таатай биш уур амьсгалд болсон учраас гол зургаан цахилгаан станцдаа хангалттай нүүрс нөөцөлж аваад дээрх шийдвэрийг гаргалаа гэж үзэх үндэстэй байгааг бас анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Тэгвэл Монголын Засгийн газар энэ тохиолдолд ямар алхам хийх вэ. Одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтыг түр зогсоож тээвэрлэлт хэвийн болгох хүртэл лац олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Хамгийн сүүлд мэдээлснээр Гашуунсухайтын замд 91 км-ийн дараалал үүссэн, цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс албан ёсоор зохицуулалт хийснээр дараалал нэмэгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хилээр 86 тээврийн хэрэгсэл гарсан ч Хятадын талаас ачааг татан аваагүй тул хил дундын бүсэд байрлаж байгаа гэнэ.

Ажлын хэсгийнхэн дараалалд зогсч байгаа жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол унд амрах байраар хангахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд даалгажээ. Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоноор сунгалт хийсэн болохоор нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэхэд С зөвшөөрлийн бичгийн хувьд асуудалгүй гэсэн мэдээллийг өгсөн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549