дөн өвлийн хүйтнээр дулааны цахилгаан станцаа дэлбэлэх шахлаа  бид

access_time 2018-11-19
remove_red_eye 1763

 

“Шивээ Овоо” ХК-ны ТЭЦ-4 ДЦС-т нийлүүлсэн 80 вагон нүүрснээс тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Уурхайн удирдлагуудын зүгээс тийм зүйл илрээгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч 11-р сарын 12-ны өдөр “Шивээ Овоо” уурхайн ажилчид энэ талаар шуурхай хуралдсан байна.

Тус хуралд Ерөнхий инженер Г.Гэрэлхүү, ХАБЭАХ-ийн дарга Ц.Амарсайхан, Ашиглалтын технологич инженер Б.Эрдэнэбаяр, УНХ-ийн дарга Б.Баяржаргал, Ээлжийн дарга М.Алтансүх, УНХ-ийн мастер П.Ганбаяр , Т.Баасанжав, Д.Балжинням, Н.Амарсайхан, тэсэлгээний ахлах тэсэлгээчин Н.Даваасүрэн, тэсэлгээчин С.Ганзориг, И.Тогтохбазар, тэсэлгээчин жолооч Н.Баянмөнхбат, Б.Батзаяа, тэсэлгээний ажилтан С.Одхүү, З.Батбилэг, Д.Ганбямба нарын хүмүүс оролцсон байна.

Хурлаар ТЭЦ-4 ДЦС дээр нүүрсний вагон хөмрөх явцад ДШН холболттой 2 ширхэг эмульсийн өдөөгч тэсрэх бодис мөн 2 ширхэг өдөөгчийн уут гарч ирсэн талаар ярилцсан байдаг. Түүгээрч зогсохгүй ОБЕГ, ТЕГ, МХЕГ, ЦЕГ гэх мэт байгууллагууд Шивээ Овоогийн нүүрсийг ТЭЦ-4 дээр буулгахыг зогсоосон шийдвэрийг гарган харуулжээ.

Ямартай ч хурлаар өдөөгч бодистой 2 ширхэг тэсрэх бодис гарч ирснийг ажилчид хурал дээр ярилцсанаараа баталж байгаа юм.

Ажилчид хурлаар ажлын байран дээр хариуцлагатай байж дор бүрнээ өндөр түвшинд ажиллаж байж ахин ийм алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болжээ. Угаас тус уурхайд удирдлагаасаа авахуулаад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа учраас ийм том алдаа гарсан байж болзошгүй байна.

11 сарын 11,12-ны өдрүүдэд улс даяар дөрөв хоног амарсан. Ийм үеэр уурхай өндөржүүлсэн байдалд ажиллахын оронд гурав хоног огт удирдлагагүй шахам ажилласнаас болж энэ алдаа гарсан байх хэмээн ажилчид мэр сэр ярьж байна.

Одоогоор Шивээ Овоо уурхайн гүйцэтгэх захирлаар Ц. Энхтүвшин гэх эрхэм ажиллаж байгаа. Үнэндээ энэ хүн бол уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй цагдаагийн албан хаагч юм. Түүний доор Санхүү, худалдаа хангамж хариуцсан тэргүүн дэд захирал Э.Цасчихэр гэж хүн бий. Энэ эрхэм мөн л уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй мэргэжлийн бус хүн. Тэрбээр Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байх даа Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихаар төсөвлөсөн ч дөрвөн давхрыг барьж нэг давхрынх нь хөрөнгийг хувьдаа завшсан, төрийн албан хаагчдын цалинг барьцаалсан зээл авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж тогтоон ийнхүү гурван жилийн ялыг шүүхээс ногдуулж байсан билээ. Яг үнэндээ түүнийг Нарийны голын гүүрэнд нийт таван удаа санхүүжилт авч 5.6 тэрбум төгрөгөөр ердөө 14-хөн бетонон шон босгосон гэдэг юм.

Уул уурхайн салбар бол мэргэжлийн баг, мэргэжлийн бүтэц зохион байгуулалттай байж ашиг орлого нь нэмэгддэг салбар юм. Түүнээс бус намын томилгоо, намдаа хандив өргөж, хайр зарлаж гүйснээрээ улсын томоохон уурхайд даргаар томилогддог буруу жишиг 2016 оны сонгуулиас хойш тогтож байх шиг. 60 тэрбумын гэх тодотголтой УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь Шивээ Овоогийн гүйцэтгэх захиралаар Ц.Энхтүвшинг томилсон гэх юм билээ. 60 тэрбумынхан улсыг, уул уурхайг ч самарч байгаагийн нэгэн жишээ үүгээр илэрч байх шиг. Мэргэжлийн бус хүмүүсийн алдаа дутагдлаас болж дөн өвлийн хүйтнээр дулааны цахилгаан станцаа дэлбэлэх шахлаа  бид.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549