​Ж.Бат-Эрдэнэ: Шударга биш байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

access_time 2018-11-16
remove_red_eye 148

 

Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. Тэр дундаа Засгийн газрын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Та Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн. Ямар итгэл үнэмшлээр гарын үсэг зурчихав аа?

-Эдийн засаг хүнд байна. Ямар ч байсан эдийн засгийн хүндрэлээс гарахын төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллаж байна. Хамгийн гол нь энд байгаа 76 хүн чинь цэвэрхэн байгаа юм уу. Хоёрт, Засгийн газар шударга ажиллаж байгаа юм уу гэдгийг л ард түмэн асууж байна. Шударга байж чадаж байна уу гэдэгтээ л дүгнэлт хийгээд явах ёстой. Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-Та энэ Засгийн газрын танхимд ажиллаж байсан сайдын хувьд Засгийн газрыг хангалттай ажиллаж чадахгүй байна гэж дүгнэж байгаа хэрэг үү?

-УИХ ч тэр, Засгийн газар боломжоороо л ажиллаж байна. Гэхдээ бидэнд үүнээс илүү ажиллах нөөц бий. Ард түмний хүсээд байгаа зүйл бол шударга байх. Шударга л байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн хүмүүстээ хариуцлага тооцохыг ард түмэн хүсч байгаа шүү дээ. Ард түмний төлөөлөл учраас бид хүсч, шаардаж байгаа зүйлийг нь биелүүлэх ёстой. Үүнийхээ төлөө зогсож байх ёстой.

-Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн үг үү?

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босъё, сум орон нутагтаа ажлын байр бий болгоё гэсэн иргэдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө очих ёстой. Мухлаг ажиллуулдаг бол түүнийгээ ТҮЦ болгох, цайны газраа ресторан болгох гутлын цехээ үйлдвэр болгох боломжтой байсан тэр хөрөнгө санхүүг гишүүд авчихсан нь ноцтой асуудал. Нийгэмд бухимдал бий болгож буй ЖДҮ-ийг тойрсон асуудлыг нэн түрүүнд нэг тийш нь болгох ёстой. Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нь, дараа нь ч тэр Булган аймагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ирсэн. Орон нутгийн иргэдийн хэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэх сонирхолтой байна, хэн юу хийх гэж оролдож байна, бичсэн төслөө шарлатлаа өвөртлөөд хэн явж байна гээд энэ бүгдийг би маш сайн мэднэ. Гэтэл хэн эрх мэдэлтэй, хэн ойр мэдээлэлтэй байсан тэр хүмүүс нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдөдөө авчихдаг байж. Энэ бол ёс зүйн талаасаа маш буруу. Ерөнхий сайд шударга байна гэж хэдэнтээ хэлсэн учраас олон нийт болон бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдаас улс төрийн шударга шийдвэр гаргахыг хүлээж байна.

-Ерөнхий сайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг энэ ондоо багтааж зээлээ төлөөд, уучлал гуй гэсэн. Авсан зээлээ төлөөд, уучлал гуйгаад л өнгөрнө гэдэг хариуцлага хүлээж байгаа хэлбэр мөн үү?

-Зээл гэдэг нэг талаасаа хуулийнхаа дагуу авч байгаа үйл явц. Гэхдээ зориулалт нь эзэндээ очилгүйгээр эрх мэдэлтнүүд дундаас нь авч байгаа нь өөрөө ёс зүйгүй үзэгдэл. Уг нь бид энэ сангийн мөнгийг ард түмэндээ хүртээхийн төлөө төсөвт суулгуулсан. Гэтэл санд мөнгө суулгахдаа “Ард түмэн та нарт өгнө гэж суулгачхаад, дараа нь өөрсдөө авчихдаг ёс зүйгүй үйлдэлд ард түмэн бухимдах нь зөв.

itoim.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549