ШУТИС-ийн багш, оюутнууд М.Өлзий-Орших багшийнхаа амийг аврахын төлөө нэгдлээ

2018-11-15 2170 0

 

“Монголын Бадамлянхуа иога” ТББ, ШУТИС-ийн багш оюутнууд хамтран “Бид аавдаа хайртай” аяныг санаачлан эхлүүллээ.
ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтийн багш М.Өлзий-Оршихын БНЭУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг цуглуулах хандивын аяны хүрээнд “Нэг бал 1000 төгрөг”, “Candy” шилжүүлэх, “Би аавдаа хайртай” урлагийн оддын тоглолт, ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын мэдээллийн уулзалт, лекц зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Өөрийн төгссөн сургуульдаа 16 дахь жилдээ багшилж буй дөрвөн хүүхдийн аав өнөр өтгөн өрхийн тэргүүн Манжаагийн Өлзий-Орших багш 38 настай.

Тэрбээр долоон настайдаа шприцний шар буюу вируст В, Д гипатитаар өвчилснөөс хойш 30 гаруй жил эмнэлгийн хяналтад байж эмчлүүлэн аюулт өвчинтэйгээ тэмцсээр ирсэн ч сүүлийн үзлэг оношилгоогоор хамгийн сүүлчийн эмчилгээ болох элэг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх шаардлагатай болсон юм.

Хүнд өвчинтэй олон жилийн турш тэмцэж явахдаа тэрбээр залуу хүний хийж бүтээх, мөрөөдөж тэмүүлэх хүслээ учир утгатайгаар үргэлжлүүлж Монголын мянга мянган залуусын сурч боловсрох их үйлсэд өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн.

Дөрвөн хөөрхөн үр, залуу сайхан хань ижилтэйгээ урт удаан амьдралыг хамтад нь туулуулахын төлөө, өнөр өтгөн нэгэн гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө эрдэмтэн багш нар, оюутнууд ийнхүү хандивын аяныг өрнүүлж байна.

Сайхан сэтгэлт монголчууд та бүхнийгээ “Би аавдаа хайртай” аянд нэгдэж сэтгэлийн дэм өгч тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Айл гэрийн ноён нуруу, амьдралын түшиг тулгуур аавдаа бид бүгдээрээ хайртай билээ.

Холбоотой мэдээ