Ч.ГАНЖАВХЛАН: НАСААРАА УЛСАД ЗҮТГЭСЭН АХМАДУУД ХОГ ТҮҮЖ, ЦУВДАЙ ЗАРЖ АМЬДАРЧ БАЙНА

access_time 2018-11-14
remove_red_eye 190

 

Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.Тэгвэл тус аянд “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Өдөр сүр сошиалын бухимдал дунд “Болдогсон бол буудчихсан” гэдэг коммент хэдэн зуугаараа тууж яваа нь ард түмэн мухардалд орсных юм, олон жил уучилж үзээд харааж зүхэж үзээд одоо зүгээр гөлийж орхисон хүмүүсийн л үг. Гэхдээ тэгж болдоггүй хүний эрхэд суурилсан ардчилсан нийгэм бүтээсэн нь та нарын хийсэн гавьяа, маш том дэвшил гэж харсан, бид тэгж итгэсэн. Харин 10 жилийн өмнө талбай дээр та нар биднийг буудсан. Түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Өнөөдөр нэг хэсэг нь цаашаа харж суучихаад дуртай дургүй уучлалт гуйж нөгөө хэсэг нь бид уучилна, уучлахгүй гэж алиалж суудаг үе биш бөгөөд бид зүгээр л тэднийг арчиж хаямаар байна. Үгүй ээ би арай бага идсиймаа, бараг л идээгүй юм, эд нарын хажууд бол хүүхдийн тоглоом дөө гэснийг нь уучлах ёстой юм уу ? Энэ сенсаци бараг долоо хоночихлоо. Одоо яагаад унтрахгүй байгаа юм бол ? Зөндөө л амраалаа, дөрвөн хоног хөдөө гадаа явах зай өгчихөөд байхад архи махтайгаа хамт гудраад сайхан мартчихаад ирдэггүй юм байх даа ? Чингис гээд хөөрхөн юм шидэж үзлээ бас л тоодоггүй ээ. Энэ тэнэг Монголчууд чинь юу болж орхио вэ ? Бүр арга ядсандаа хөөрхөн жагсаал хүртэл өөрсдийнхөө эсрэг зохиож үзлээ хүмүүс очиж хууртсан ч үгүй эд нар их ноотой байна …

Ард түмэн хулгайчийг өөр нэг хулгайчаар солихыг хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй байгаа бөгөөд зүгээр л өөрсдийнхөө ёроолыг нь цоолсон завин дээрээ бүгд хамтдаа суугаад живж үхэхийг, бүрмөсөн амиа тавихыг чинь хүсээд байгаа юм л даа. Хөлсний хэдэн шувуутай, халаасны хэдэн аралтай юм бол тэр шувуудаа дуудаад энэ хөндийгөөс амиа бодоод бүр мөсөн зайлахыг чинь хүсээд байгаа юм. МАНАН ч байна уу, юу нь ч байна та хэд бол нэг цул биетэй, нэг л өмхий бөгстэй, хоёр гурван толгойтой мангас юм.

Эвий хөөрхий минь муу ч сайн ч төрийн тэргүүн байсан хүн, эвий хөөрхий минь эр нэг алдаж эрэг нэг нураа л биз аандаа ухаарна, эвий хөөрхий минь ай сайхан нам минь төрийн маань сүлд минь, эвий хөөрхий минь ядаж л буруугаа мэдээд уучлалт гуйлаа, эвий хөөрхий минь, эвий хөөрхий минь гэж Монголын ард түмэн, өвөө эмээ нар минь та нарыг их ч удаан уучилсан тэгэх тусмаа өөрсдөө ядуурч дээрэмдүүлж шулуулсан.

Насаараа энэ улсад зүтгэсэн хөгшчүүл өнөөдөр хог түүж, цувдай зарж өөрөө хоолгүй амьдарч байна.

Бид нар өвөө эмээ нар шигээ, өмнөх үе шигээ тийм уужуу, өрөвч Монголчууд биш л дээ. Учир нь бид энэ жүжгийг олон жил харсан, бид тэгж уучилж энэрэхийн талаар ярихгүй, учир нь та нар бидний дүү нарын сүүлчийн хоолыг булааж өөрийнхөө хүүхдэд өгчихөөд үлдэгдлийг нь хаяа нэг гөлөг хооллож байгаа мэт шидэж өгөн ичих ч үгүй сайн хүний дүрд тоглож байна. Энэ утгаараа та нар бол хамгийн харгис яргачид, дээрэмчид, та нар манай улсын төрийн ордонд ууж идэж согтуурхчихаад манай гэрийн хойморт зурагтаар биднийг доромжилж байна. Та нар Монгол залуусын амийг зүгээр л зодож нүдээд хөнөөчихөж байна, та нарын бэлдсэн дараагийн үе чинь хүчирхийлэл, танхайрал, баярхал гэдэг үлгэр дууриалал л залуу үед харуулж байна, та нарын дээрэмдсэн мөнгөөр өнгөрсөн онд гэртээ ахуйн ослоор эндэж амь насаа алдсан 317 хүүхдийг цэцэрлэгтэй болгож болох байлаа, зүв зүгээр явж байгаад авто ослоор хорвоог орхисон 200 хүүхдийг аварч хүүхдэд ээлтэй орчинг бий болгож болох байлаа, бидэнд тийм өрөвч сэтгэл үнэхээр байхгүй, ёстой тийм юм байхгүй, бид бол бурууд хүйтэн сэтгэлтэй цөвдөг шинэ үеийнхэн” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549