Шивээ-Овоогоос ДЦС-4-т нийлүүлсэн нүүрсэн дотроос тэсрэх бодис илэрчээ

access_time 2018-11-13
remove_red_eye 942

 

Улсын ууган уурхайн нэг болох Шивээ-Овоо, 4-р цахилгаан станцын нүүрсний 50 хувийг хангадаг. Шивээ-Овоо нь 4-р цахилгаан станцад нэг удаагийн нүүрс нийлүүлэлтээр 80-100 орчим вагон нүүрс нийлдэг аж. 11-р сарын 11-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт Шивээ-Овоо нь уурхайгаас ирсэн нүүрсэн дотроос эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис илэрчээ. Нүүрсийг тус бодисоор устай орчинд тэсэлдэг гэнэ.

Энэ бодис илэрсэн сургаас уурхайгаас мэргэжилтнүүд ирж шалгалт хийх явцад 11-р сарын 12-ны өдөр буюу даваа гаригт ирсэн 80 вагон нүүрсэн дотор мөн өнөөх тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн байна.

4-р цахилгаан станцын удирдлагууд аюулгүй байдлын улмаас тус нүүрснүүдийг буцаасан байна.

Гэвч эл асуудал буцаалт хийж уучлалт гуйснаар өндөрлөх ёсгүй. Шивээ-Овоо байтугай Монголын уул уурхайн түүхэнд ийм хариуцлагагүй үйлдэл өмнө нь гарч байгаагүй аж. Өнгөрсөн долоо хоногийн дөрвөн хоногийн амралтаар Шивээ-Овоо уурхай гурван хоног ямар ч удирдлагагүй ажилласны үр дагавар үүгээр гарч байх шиг.

Маш өндөр хэмжээний асуудал яригдаж байхад энэ асуудлыг нуун дарагдуулах үүднээс Шивээ-Овоо нь уурхайн удирдлагуудын зүгээс энэ талаарх мэдээлэлд тодорхой хариулт өгч чадахгүй байна.

Уурхайн гүйцэтгэх захирал Ц. Энхтүвшинтэй утсаар холбогдож тодруулга авах гэсэн боловч эл асуудлыг сонсоод утсаа таслаад, ахиж авсангүй. Харин Санхүү, худалдаа хангамж  хариуцсан дэд захирал Э.Цасчихэртэй холбогдоход, ийм асуудал үүсээгүй дэлбэрэх бодисын гялгар уут л гарч ирсэн байх хэмээн тайлбар өгч байна.

 

Улс төрийн энэ их тогтворгүй шуугианы хажуугаар энэ том асуудал дарагдаад өнгөрөх вий.

Өнгөц харахад тэсрэх бодис илэрч аюултай зүйл болоогүй ч өргөн хүрээнд уурхайгаас нийлүүлсэн нүүрснээс анх удаа тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн анхны тохиолдол болоод байна. Хэрвээ тухайн дэлбэрэх бодисыг 4-р цахилгаан станц илрүүлээгүй байж байгаад зуух руу хийсэн бол яах вэ.

4-р цахилгаан станцын авахгүй гэж буцаасан 160 вагон нүүрсийг буцаагаад Шивээ-Овоо нь уурхай руу явуулахад зардал өндөр гарна. Угаас тус уурхайд нүүрс буулгах техник хэрэгсэл байхгүй. Тэгэхээр гологдсон мөн аюултай байж болзошгүй 160 вагон нүүрсийг “хаяг” өөрчлөх нэрийн дор өөр жижиг газрууд руу шахахаар төлөвлөж буйг албан бус эх сурвалж хэлж байна.

Бид энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлаг бэлтгэн хүргэх болно. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549