ПҮҮЗЭЭРЭЭ ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН ЭНГИЙН ГУТАЛЧИН АДИ ДАССЛЕРЫН ТҮҮХ

access_time 2018-11-13
remove_red_eye 201

 

Алдарт “Aдидас” брэндийг өдгөө мэдэхгүй хүн ховор. Чухам энэ брэндийн пүүз өмсөөд боксчин Мухаммед Али рингэнд өрсөлдөгчдөө хүнд цохилтоор рингэнд унагаж, хөлбөмбөгчин Мишель Платини ханатай цохилтоос эргүүлэгтэй гоолуудаа оруулж, теннисийн корт дээр Штеффи Граф ноёрхож байв… Үе үеийн алдарт тамирчид “Aдидас” пүүзтэй аваргын тавцанд алхан гарч байсан, цаашид ч тэгэх нь тодорхой.

“Бүтэшгүй зүйл гэж үгүй!” “Aдидас”-ын энэ алдарт уриа тус брэндийг үүсгэн байгуулсан Германы Бавари мужийн удам дамжсан жирийн гуталчин Ади Дасслерын амжилтад хүрсэн замналд ч дэндүү тохирно.

1920-иод оны оны эхэнд дэлхийн нэгдүгээр дайнд талхлагдсан Германд гуталчин Дасслерын гэр бүл амьдрахын тулд дайны дараа хаа сайгүй элбэг байсан цэргийн хуучин хувцсаар гэрийн дулаан шаахай, тахир дутуу хүмүүст зориулсан тусгай гутал оёж эхэлжээ. Эцэг Дасслер дайнд эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс цөөнгүй тул эрэлт хэрэгцээ хэсэгтээ л буурахгүй гэж тооцсон хэрэг. Тэр үед Баварийн гуталчдын гэр бүлийн бизнесийг спорт алдаршуулна гэж хэн төсөөлөх билээ.

Ах дүү Дасслерын бага нь болох Адолф буюу Ади хөлбөмбөгийн хорхойтон байсан ба тэрээр 1925 онд хөлбөмбөгчдөд зүлэг ногоон талбайд илүү тогтвортой, илүү хурдан тоглоход уландаа төмөр хадаастай пүүз дэм болно гэж үзэн анх удаа тийм гутал зохион бүтээжээ. Төдөлгүй спортод жинхэнэ хувьсгал гаргасан төмөр хадаастай пүүз Дасслерын гэр бүлийн үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүн болж, хадаастай пүүз өшиглөсөн тамирчдын ялалт бүр бүтээгдэхүүнийх нь маш үр дүнтэй сурталчилгаа болж хувирсан аж.

Аравхан жилийн дотор Ади Дасслер спортын 11 төрөлд зориулсан 30 төрлийн пүүз зохион бүтээж, гэр бүлийн үйлдвэр нь 100 шахам ажилчинтай болон өргөжжээ.

Угаасаа бизнес овсгоотой Ади Дасслер анхны амжилтдаа урамшин 1936 оны Берлины Олимпийн наадмын зарим тамирчдад пүүзээ сурталчлан өмсүүлж оролцуулахаар зориг шулуудсан байна. Олимпийн наадмаар Дасслерын гэр бүлийн пүүз өмссөн АНУ-ын хөнгөн атлетикч Жесси Оуэнс дөрвөн алтан медаль хүртэн дэлхийн дээд амжилтыг таван удаа эвдсэнээр Дасслерын гэр бүлийн пүүзүүд далайн чанадад ч алдаршиж эхэлжээ.

Дасслерынхны пүүзтэй тамирчдын амжилтууд бизнесийг нь эрс тэлж, худалдааны эргэлтийг нь хагас сая маркт хүргэн дахин нэг үйлдвэр байгуулж өдөр бүр мянган хос пүүз үйлдвэрлэхэд хүргэжээ.

Гэвч Дасслерынхны бизнесийн цаашдын цэцэглэлтэд хөнөөлт Дэлхийн хоёрдугаар дайн саад болж, ах дүү хоёр урьд өмнөх шигээ цэргийн хуучин хувцсаар гутал оёход хүрсэн аж.

Дайны дараа Ади Дасслер ах Рудолфтойгоо гэр бүлийн бизнесээ хувааж хувийн компаниа байгуулав. Компаниа тэрээр өөрийн нэр болон өвгийнхоо эхний үсгийг нийлүүлэн “Адидас” гэж нэрлээд бүтээгдэхүүнийхээ таних тэмдэг болгон пүүз болгондоо ташуу гурван зураас оёдог болжээ.

Тэрээр компанидаа янз бүрийн туршилт хийхээ үргэлжлүүлсээр цаг агаарын нөхцөлд тохируулан сольж болдог хадаас бүхий пүүз зохион бүтээсэн тухайн үедээ жинхэнэ ноу-хау болсон байна.

Ади Дасслер шинэ брэндээ зах зээлд гаргахын тулд урьдын шалгарсан аргаа хэрэглэн олон улсын тэмцээн, олимпийн наадмын тамирчдад пүүзээ өмсүүлж байв. Тэгээд ч тэр спортод дэндүү дуртай тул арилжааны ашгийг ямагт хоёрт тавьдаг байсан гэдэг.

Харин үүсгэн байгуулсан “Адидас” жил ирэх тусам өргөжин тэлж дэлхий даяар алдаршин түүнийг тэрбумтан болгосон юм. Эрүүл чийрэг биетэй Ади Дасслер 75 настайдаа ч теннис тоглон усан бассейнд сэлдэг байсан ба аварга том болсон корпорацаа 1978 онд насан өөд болтлоо удирдсан билээ.

2006 оны тавдугаар сард түүний төрөлх Херцогенаурах хот дахь түүний нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгийн хоёрдугаар эгнээний үзэгчдийн суудалд хөшөөг нь босгосон ба ямар ч бэрхшээлээс үл эмээн зорьсондоо хүрч чадсан жирийн гуталчин ба спортын засрашгүй хорхойтон Ади Дасслер дэлхийг байлдан дагуулсан пүүзээ гартаа барин хүрэлд мөнхөрчээ.

Эх сурвалж: bataar.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549