Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга хэмжээ тусгажээ

2021-11-25 57 0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийн баримт бичгийг хэлэлцэж байгаа юм. Хөгжлийн төлөвлөгөөний төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хийж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар “Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Улсын хөгжлийн төлөвлөгөөнд суурилсан, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байна гэж тусгасан. Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд суурилуулан анх удаа боловсруулаад байгаа аж. Хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохдоо тодорхой, хэмжиж болохуйц, зорилгодоо хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шалгуурыг баримталжээ. Улмаар арга хэмжээний зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийг хамтад нь тооцсон байна.

Төлөвлөгөөгөөр авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газар, үндэсний хорооноос гаргасан түгжрэлийг бууруулах талаарх шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний бүтцээс гадна “Авто замын түгжрэлийг бууруулах бодлого” бүлэг нэмж, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа аж. Үүнд

  1. Ковид 19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого
  2. Хүний хөгжлийн бодлого
  3. Эдийн засгийн бодлого
  4. Засаглалын бодлого
  5. Ногоон хөгжлийн бодлого
  6. Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого
  7. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга хэмжээ, нийт 1 их наяд 987 тэрбум 408 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр боловсруулаад байна.

Мөн “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ