“ДИСКОВЕР МОНГОЛИА”-ГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

access_time 2018-08-29
remove_red_eye 191

Ирэх сарын 6-7-нд болох “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж байна. Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарынхан болоод төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж гарц шийдэл хайдаг юм. Чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудаар Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан санал бодлоо солилцож, ойлголтын зөрүүгээ арилгахад урьдчилсан хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байгаа аж.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Онцолж хэлэхэд “Дисковер Монголиа” чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 7-ны үдээс өмнө “Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлэгт
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр
өмгѳѳллийн “И Эл Си” ХХН-ийн партнер Б.Баяр, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх, “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг нар панелистаар оролцох юм байна.

“Дисковер Монголиа” чуулга уулзалтын эхний өдрийн үндсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр тус тус илтгэл тавина. Мөн “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап “Уул уурхайн мѳчлѳг ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Үндсэн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавина гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээллээ.

Чуулганы эхний өдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөхөөр болжээ. Хуралдааны панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес,
“Лайон иенежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцох аж. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй уг хэлэлцүүлгийг хөтлөх юм байна. Сонирхуулж хэлэхэд “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдэвт хэлэлцүүлгийн дараа “Бидэнд ойрхон уул уурхай” баримтат киноны нээлт болох юм байна.

“Дисковер Монголиа” чуулганы хоёрдугаар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөнө. Уг хуралдааны үеэр “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Байршил, баг ба зорилтууд”, “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал, дарга Дэвид Полл “Монгол Улсын хойд бүс: коксжих нүүрсний ханган нийлүүлэлт”, “Степп гоулд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаа “Монгол улсын дараагийн алт мөнгөний олборлогч, “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Хармагтай төслийн тухай”, “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн ерѳнхийлѳгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли “Өндөр агуулга бүхий алтны шинэ дүүрэг”, “Орано майнинг” компанийн геологийн албаны дарга Жилбэрт Штэйн “Монгол Улсын ураны салбарын нөөц, боломжууд” сэдвээр илтгэл тавихаар болжээ.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын эхний өдрийн үдээс хойшхи хуралдаанууд “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвүүдээр өрнөнө.
“Засгийн газрын санаачлагууд” хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ундраа даргалах аж. Уг хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд “Ирээдүйн эрдэс баялагийн бирж ба Эрдэнэс Монгол ХХК-ийн хѳгжил”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг анхлан олон нийтэд санал болгох нь”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зѳвлѳх Т.Цогтбаяр “Үндэсний баялгийн сан” сэдвээр илтгэл тавина гэж чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

“Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвүүдээр өрнөх салбар хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан даргалахаар болжээ. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай” сэдвээр илтгэл тавих аж. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар оролцох юм байна.

Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанууд “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөнө. “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” хуралдааны үеэр Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл”, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр “Хүлээгдэж буй хууль эрхзүйн шинэчлэлүүд”, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн Татварын ахлах менежер Р.Хишигнэмэх “Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд” хуралдааны үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч “Монгол улс болон уул уурхайн салбар дахь ЕСБХБ-ны оролцоо, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавина. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлгийг Эм Ай Би Жи ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн удирдах бол панелистуудаар нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул, Аспайр Майнинг Лимитед-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал, дарга Дэвид Полл, “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “ЛИМ Адвайзорс”-ийн хѳрѳнгѳ оруулалтын менежер Стефан Уайт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч, Монголын Хѳрѳнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцохоор болжээ.

“Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил” сэдвээр өрнөх хуралдааныг МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Д.Энхболд даргална. Уг хурлын үеэр Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн баялагийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла “Чуулга уулзалтын өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Усны менежмент” сэдвээр илтгэл тавих бол, Бритиш Колумбийн их сургуулийн судлаач Др.Жослин Фразер “Уул уурхайн мѳчлѳгийн эхэн үед оролцогч талуудад үнэ цэнийг бий болгох, хуваалцах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Харин “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн дэд ерѳнхийлѳгч Жон Лайонс “Чуулга уулзалтын өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Нийгмийн оролцоо”сэдвээр илтгэл тавих юм байна. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлэгт “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн дэд ерѳнхийлѳгч Жон Лайонс, “Оюу Толгой” ХХК-ийн Бүс нутгийн хѳгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерѳнхий менежер Ш.Байгалмаа, Бритиш Колумбийн их сургуулийн судлаач Др.Жослин Фразер, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн баялагийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла, “Бат солюшн партнерс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг нарыг панелистаар сонгожээ.

“Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөх хуралдааныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зѳвлѳх Ц. Түмэнцогт даргална. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зѳвлѳх М.Дагва “Хайгуулаас ашиглалт хүртэл зөвшөөрөл олгох үйл явц” сэдвээр илтгэл тавих бол
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Тогтворжуулах гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн сэдвээр илтгэл тавина.

Панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, Байгаль орчин,аялал жуулчлалын яамны Хүрээлэн буйорчин байгалийн нѳѳцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцоно. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний хѳгжлийн газрын тѳлѳѳллүүд уг хуралдааны хэлэлцүүлэгт оролцож уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч, компаниудын асуултад хариулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549