ОХУ бензиний экспортоо бараг тэглэжээ

2021-09-23 158 0

ОХУ-ын эрх баригчид дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд компаниуддаа ямар нэг хориг тавихгүйгээр бензиний экспортоо бараг тэг болгож бууруулсан байна.

Тус улсын Шадар сайд Александр Новак “ОХУ-ын гол экспортлогч “Сургутнефтегаз” компани бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байгаа тул бензиний экспорт бараг тэг болж буурлаа. Бид хориг тавиагүй. “Сургутнефтегаз “компанитай тохиролцоонд хүрсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлж, экспортоо ийнхүү бууруулжээ.

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглох, биржээр дамжуулан борлуулж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, бирж дээр үнэ тогтворжуулах талаар нефтийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийх асуудлыг хавраас хойш хэлэлцсэн билээ. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард бензиний экспортод хориг тавихгүйгээ мэдэгдэж байв.

ОХУ-ын Засгийн газрын 2007 оны 877 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний жагсаалтад оруулж, онцгой тохиолдолд экспортын хориг арга хэмжээ авч болох зохицуулалт хийжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн долдугаар сард шатахууны экспортыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. Хэдийгээр ОХУ өнөөдрийг хүртэл шатахууны экспортыг түр хязгаарлах талаар шийдвэр гаргаагүй байгаа ч энэ тал дээр бэлтгэлтэй байх шаардлагатайг анхааруулж байв.

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ