Цар тахлын хямрал үргэлжилсээр, цахилгаан дулааны төлбөрөө “Эрдэнэт үйлдвэр”-т үүрүүлсээр байх уу?

2021-08-31 77 0

-Засгийн газрын амжилтад Эрдэнэт үйлдвэр “баатарын” биш “АТМ”-ын үүрэг гүйцэтгэсээр байна-

Коронавирусийн мутацид орсон хэлбэр гэгч нь зүсээ хувиргаад, дельта гэдэг илүү хурдан халдварладаг вирус, улмаар өөр шинэ вирусууд ч дэлхий даяар тархлаа. Дахиад л вакцинаас цааш хайх авралгүй болж, хүн төрөлхтөн эрдэмтэн судлаачдаа л харж байна. Засгийн газраас хийж чадах зүйл нь вакцинжуулалт. Үүндээ найдаад ирэх 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлж, суралцагч хүүхдэд багачууд, оюутан залуусыг сургуулийн танхимд нь урьж чадлаа.

Үүнд улсын төсвийн “саалийн үнээ” гэгдсээр олон жилийн нүүр үзэж буй “Эрдэнэт үйлдвэр” чухал нөлөө үзүүлсэн. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, ААН-үүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөд тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир ус болон хог хаягдлын үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал бүрэн хариуцан төлж түүхэн ачаа үүрлээ.

Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд өр зээлээсээ бүрэн салж, өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор сайн ажилласны үр дүнд Засгийн газар дээрх түүхэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлснийг онцлох ёстой. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүх зарлиг гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм. Энэ шагнал Эрдэнэтийн овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлүүлээд үйлдвэртэй ажил хөдөлмөр, амьдралаа холбосон үе үеийн инженер-техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа бүх хүнийг Улсын баатар цолоор шагнаж буйтай утга нэг” хэмээн шагнал гардуулахдаа хэлсэн билээ.

Байгалийн баялаг, газрын хэвлийн нөөц баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Энэ ажлын хүрээнд сүүлийн хэдэн жил хууль бусаар хулгайд алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ашигт малтмалын ордууд, газрын хэвлийн нөөц баялгаа төр улсынхаа мэдэлд эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцсээр ирлээ.
Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет”, Бор-Өндөр, Багануур, Асгат, Салхит, Тос Тосон бумба, Гутайн даваа, Хармагтай, Ноён Уул зэрэг орд газар, үйлдвэр, уурхай ард түмний мэдэлд ирсэн. Тухайлбал, ашиг хонжоо хайсан зарим сонирхлын бүлэглэлүүд “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц багассан, ашигтай ажиллах боломжгүй болсон мэтээр олон нийтэд зарлаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хууль бусаар эзэн суух гэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож, 2019 онд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 100 хувь төрийн өмчийн статустай болгосон. Үр дүнд нь нөөцийг нэмэгдүүлж шинэчлэн тогтоосон. Засгийн газар сүүлийн 20 гаруй жилд анх удаа үйлдвэрийн хөгжлийг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг баталсан. Уг үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлж, цаашид 70-аад жил ажиллах боломжийг бүрдүүлсэн. Энэ бол түүхэн чухал шийдвэр бөгөөд дэлхий нийтээр цар тахлыг бүрэн давж туулаагүй байгаа өнөөгийн амаргүй нөхцөлд ирээдүйгээ тодорхой харж чадсан цөөхөн төлөвлөгөөний нэг юм.

Бүх салбарыг дордуулахгүй байх, болбол дээшлэн дэвжүүлэх цусны эргэлтийг сайжруулах гол судас нь санхүү, эдийн засгийн асуудал. “Амин” үзүүлэлтүүдээ харахад оны эхэнд 130 мянган ажлын байраа “тавиад туучихлаа” гэж тооцоолж байсан эрсдлийг 225 мянган ажлын байр хадгалсан, мөн эдийн засаг 5.3 хувиар агшина гэсэн таамаглалыг бодит байдал дээр 6.3 хувиар өссөн гэсэн мэдээллээр Засгийн газар 200 хоногоо угтаж байна. Үүнийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр” гэгчийн үр дүн гэж үзэхээс аргагүй.

Ковид анх илэрснээс хойш дэлхий нийтээрээ, улс орон бүр өөрсдийн онцлог, эдийн засгийн чадамжаараа энэ тахалтай тэмцлээ. Ерөнхийдөө хоёр чиглэл рүү явсан. Зарим улс ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг нэгд тавьж, эдийн засгаа хоёрдугаарт тавьсан. Том эдийн засагтай орнууд энэ хоёрын голчоор, зөв баланс барихыг хичээлээ. Өөрөөр хэлбэл эдийн засгаа нэгд тавьсан гэсэн үг. Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсын хувьд эрүүл мэндээ нэгдүгээрт тавьсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад эдийн засгийн нөхцөл байдал ямар байв? ДНБ зургаан хувиар буурсан, өнгөрсөн оны төсөв 12 хувийн алдагдалтай гарсан. Банкуудын зээлийн чанар муудаж, зээлийн өсөлт сүүлийн жилд 10 хувиар буурсан. Хүнээр бол цусны эргэлт зогсчихоод байв. Үүнийг илтгэх өөр нэг тоо гэвэл Төв банкин дээр банкуудын байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хэмжээ найман их наяд төгрөг, арилжааны банкуудын эх үүсвэрийн дундаж зардал 9-10 байна. Ийм байхад алдагдалтай хэдий ч зургаан хувийн хүүтэйгээр Төв банкин дээр ийм хэмжээний мөнгө байршиж байна гэдэг нь эдийн засаг ямар хэмжээний зогсолт хийснийг харуулж байна. Ингээд ерөөсөө Төв банкин дээр байгаа энэ найман их наяд төгрөгийг эдийн засгийг эргэлтэд оруулах хөшүүргийг бий болгох явдал юм гэж шийдээд, өнөөх найман их наядыг онилж тодорхой хэсгийг нь чадлынхаа хэрээр зээл болгож гаргах замаар бодит эдийн засгагт оруулах зорилго тавьсан. Үр дүнд нь 1.5 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэг иргэн, ААН-д олгосноор 225 мянган ажлын байрыг хамгаалсан. Төсвийн орлого эхний хагас жилийн байдлаар 7 их наяд 106 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн хэмжээнээс 471 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэж мэдээлж байна. Нүүрс, төмрийн хүдрийн экспорт гол ачааг үүрдгээрээ үүрсэн, азаар дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ханш өссөн нь дэмжлэг болсон. Энд “хавчуулж” хэлэхэд “УБТЗ”-ын асуудлаас Оросын талтай “гацчихаад” байгаа нэг зангилаа нь тэдний хүссэнээр транзит ачааг нэмэх үү, бидний төсөвт нөлөөлөөд байгаа нүүрс, төмрийн хүдрийн экспортоо илүүтэй явуулах уу гэдгээ зөв цэгнэж, аль болох хурдан хугацаанд ашиг сонирхлын чагтаа тайлахыг бусад талын харилцааны нөхцөл шаардаад байгаа билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг “шүдний өвчин” нь Замын-Үүд боомт байна. Ерөнхий сайд “чаддагаараа” газар дээр нь үзэж танилцан чадах хэрээрээ шийдвэр гаргасан нь тодорхой албан тушаалтнуудыг сэлгэж ажиллуулах, заримыг нь чөлөөлөх тогтоол гаргалаа. Асуудлын гол цөм нь вакцинжуулалт, хатуу дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтын дүнд Хятадын талын итгэлийг олж үйл ажиллагааг хэвийн болгох. Хамгийн гол нь хязгаарлагдмал нөхцөлд иргэд, ААН-ийн ачааг тээвэрлэн нэвтрүүлэх төрийн үйлчилгээг үзүүлэхдээ авлигаас ангид, шударга тэгш дүрэм журам дарааллыг тогтоох нь Засгийн газрын хийх гол ажил байлаа. Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход ямар шившгийн гэмээр хаалга угтсан билээ. Тэр хаалгаар нэвтрээд орох бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн тээвэрлэгчдийг хөрш орон яаж итгэж тосч авах вэ гэдэг нь тодорхой байсан. Ерөөсөө л ямар ч хамгаалалтгүй Ковид тээгээд очиж байгаа мэт айдас хүйдэс төрүүлэхээр байсан. Ямар ч байсан одоо арай дээрдсэн. Гоё сайхан, төгс төгөлдөр болсон гэх боломжгүй ч экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу байгаа шүү гээд яриа хэлэлцээ хийж болохоор болов.

Энэ тал дээр ГХЯ яг одоогийн байдлаар найдвар болоод байгаа бөгөөд вакцинжуулалт дээр ч, хоёр хөрштэй ажилласан байдал, илэрхийлсэн байр сууриараа ч хамгийн гол ачааг үүрэгчдийн нэг байж маш сайн ажилласан гэдгийг уншигчдынхаа өмнөөс хэлэх нь зүйтэй байх. Тэдний ажлын үр дүн “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед” гэж түүхэнд тэмдэглэх цөөнгүй баримтын гэрч болж үлдэхийг тусад нь өгүүлнэ.

Салбар бүхнийг онгичиж тоочиж барахгүй ч энэхүү 200 хоног гэж товлосон 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагчидтай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монголынхоо үе үеийн Засгийн газруудын нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гуйв. Өөрөөр хэлбэл, “Цаашид Монголын төр таны бизнес төлөвлөгөөнд, таны хөрөнгийн баталгаанд саад учруулахааргүй нэгдмэл бодлого баримтлах болно” гэсэн хөрөнгө оруулагчдыг урих амлалт, шинэ дохио өгсөн гэж ойлгож болох юм. Түүний Монголын улс төрд идэвхтэй ажиллаж эхэлснээс хойшхи хэд дэх ч уучлал гуйлт юм бэ дээ, ямартай ч хамгийн цаг үеэ олсон, өргөн цар хүрээг хамарсан, олон жилийн түүхийг тээсэн уучлалт гуйчихлаа гэж хувьдаа бодож байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “зуун хоног”-ууд намрын сэрүүн өдрүүдэд, өдөр тутамд 3000-аас хол давсан халдварын тохиолдол, өдөр бүрийн нас баралт дундуур маш хүнд нөхцөлд урсан өнгөрч байна. Өдөр тутамд шинэ бодлого, шинэ төлөвлөгөө, хурдтай арга ажиллагааг шаардаж байна. Үүний зэрэгцээ шударга ёсыг нэхсэн иргэдээ мэдэрч, иргэн чинь төрөөс маш хол зайтай, тэр замд төрийн анхан болон дунд шатныхан төвөг чирэгдэл учруулдгийг санаж амласан “их цэвэрлэгээ”-гээ хийсээр байгаа нь сайшаалтай.
Иргэд, ААН-үүдийн тамираа тасартал хөлсөө дуслуулан олсон татварын орлогод хүндэтгэлтэй хандаж төсвийн хөрөнгийг гамтай зарцуулахыг нөхцөл байдал шаардаж байна.

Одоо “Оюун-Эрдэнийн Засгийн газартай тэмцэх цаг биш ээ. Олон нийтийн төлөө зүтгэх цаг” гэдгийг 200 дахь өдрийн босгон дээр гарын үсэг цуглуулж тоглосон эрхэм улстөрчдөд сануулъя. Ажил хийдэг улирал, ажил хийлгэдэггүй хүмүүсээ ард түмэн ялгадаг болсоон.

Холбоотой мэдээ