“Чингис хаан дэлхийг эзэлсэн юм, бид удам нь” гэж агсагнах болсноо Монгол бахархал гэж андуурах болцгоолоо…

access_time 2018-11-12
remove_red_eye 114

 

Хэдийгээр буруу өдөр, цагт тэмдэглэж буй ч Их хаандаа хүндэтгэл үзүүлмүү.
….
Монголчуудын шүтээн Чингис хаан

Түлхүүр үг: Чингис хаан ухаан оршвой.

Үнэхээр Монголчуудын хувьд Шашин (буддизм, зонхавизм),Релеги (ийсүс христ), Дин (зөнч мухаммед) нь Тэмүжин Чингис хаан мөн. Чингис хаанаа Монголчууд бурхан ухагдхуунаар бишрэн шүтэж хүндэтгэдэг бишрэлт ёс олон зууны уламжлалтай бөгөөд Монголчуудын эх оронч ухааны нь цөм, үндэсний эрдмийн нь охь дээд оргил байвай. Чухам тиймээс Монголчууд их хаанаа “Монголын Чингис хаан” гэж бахархдаг бөгөөд харин харийнхан биднийг “Чингисийн Монгол” гэж онцлон нэрлэдэг нь нэгэн үнэн. “Монголын Чингис хаан” , “Чингисийн Монгол”. Бидний зүрх судас түүх соёлд Чингисизм ийнхүү бат оршиж байгаа УТГА. Нангиадууд Күнзийн сургаал, Оросууд 1-р Пётр хаан, Америкууд Авраам Линкольн, Энэтхэгүүд М.Ганди,Солонгосууд Пак Жон Хи, Японууд Эзэн хаан самурайн онол гээд үндэсний баатар, онцлог гүн ухаанаа дагадаг бол бид гадны үзлүүдийг мэдэж хэлийг нь сурмагцаа хэлмэрч биш урвагч ашигч нар болдог, харийн сайн сайхныг нь орчуулан ашиглах бус мухраар дагаж өөрсдийгөө оршуулагч нар болдог нь гутамшигтай яа!!! Гэтэл Чингис хааныг маань дээр нэр нь дурдагдсан хүмүүсээс агуу гэдгийг дэлхий дахин зөвшөөрсөн байдаг. Бид суутнаа тоохгүй, оронд нь Түвдийн сургаалийн шүлэгч лам зонхава Лувсандагва бол Монголчуудын бурхан гэх эсвэл Манжийн Энхамгалан хаан манай нигүүлсэгч, эсхүл В.И.Ленин багш гэж сүжрэх, одоо Америкийн үзэл сурталчид дундаас бурхан багшаа хайж Монгол хэлээ голж англи хэл сурцгаан даяаршил гэгч эх оронгүй гуйлгачин боол тавилан руу зүтгэх. “ПАКС МОНГОЛИКА” гэж дэлхийд түгсэн үгсийн утга “Монголын Энхжин” гэсэн санаатай гэнэ. Бас хүн төрөлхтний хоёр дахь мянган жилийн хамгийн суут хүнийг шалгаруулах асуулт хариулт өрнүүлээд “Монголын Чингис хаан”-ыг тодруулсан тухай “Вашингтон пост” сонин 1999 оны 12 сард дэлхий дахинд тунхагласан байх юм. Түүнийг хамгийн суут ухаантан гэж гайхан шагшсан нь элбэг. Гэтэл бид Чингис хаанаа бурханчлан шүтэж ухаан эрдэм сургаалийг нь бишрэн залж байсан өвөг дээдсийнхээ ёсыг уландаа гишгэн ” Чингис хаан дэлхийг эзэлсэн юм, бид удам нь” гэж агсагнах болсноо Монгол бахархал гэж эндүүрч андуурах болцгоолоо….

Дэлхий “Чингис хаан ухаантан” гэж үнэлээд байхад бид дэлхийг эзэлсэн дайнч түрэмгийлэгч байсан мэт доромжлон түүний тухай кино хийж байна гэж бөөн цус нөж, алуур үхэл дүрслэсэн аймшгийн кинонууд хийчихээд “Энэ бол Монголчуудаа нэгтгэж байгаа ялалт” энэ тэр гэж дэмийрч хадуурч суух болтлоо мангуурцгааж. Бидний ихэс дээдэс Чингисийн зэр зэвсгийг биш “билэг сургааль”-ыг нь шүтэж байсан. Ихэс гэдэг нь тэнгэр бодсон хаадын, дээдэс гэдэг нь мөнх бусыг үзсэн өтгөсийн хүндэтгэл нэр юм. Амьд ахуйд нь хаад ноёд, өрлөг баатад гэх юм уу настан буянтан өвгөд гэдэг. Амьд мэнд хаанаа Ихэс, өвгөдөө Дээдэс гэдэггүй. Чухам иймээс Чингис хаан гэдэг цол бол Ихэс хаадаа бахадсан цол. Чин гэдэг нь дээд есөн тэнгэрийн төв Чин тэнгэр, нөгөө хүннүгийн Чин лу гуту буюу тэнгэрийн хүү, Чин тэнгэр эцэгтэй гэх бөө мөргөлийн гал тахилгын өчил дуудлага, Чин үнэн, Чин сэтгэл гэх мэтээр хэлцэгддэг бүр хамгийн дээд шэх утга мөн бөгөөд иймээс энэ цолонд “Чин-Ихэс” буюу тэнгэр болсон хаадын онго хүч гэсэн санаа бий гэдэг гарцаагүй үнэн байх аа. Иймээс Х.Пэрлээ, Ч.Далай зэрэг том эрдэмтэд Чингэс гэж бичдэг байсан бололтой. Заавал ямар нэгэн ИЗМ хэрэгтэй байдаг юм бол Монголчуудад Мөнх тэнгэрийн онолд шүтэлцсэн Чингисизм хэрэгтэй. Чингис Монголынх. Чингис дэлхийн суутан, хүн төрөлхтний түүхийн нэгэн мянганы тэргүүн ухаантан гэдгийг дахин дурдья…Тэр суутнаас өнөөдөр Монголд Чингисийн удам гэх хийрхлээс өөр юу үлдэв? гэдгийг юуны өмнө эргэцүүлэх ёстой. Алив биетээс амь тавихын цагт нь гурван зүйл хоцордог.

1. СҮГ. Үхсэн биетийн сэг зэм буюу сүг. Чингис хааны тухайд хүүр нь Хан Хэнтийдээ амьд мэтээр шүтэгдэхээр онгологдон мөнхөлсөн байгаа. Хамгийн гол нь Чингис хааны бие сүг байдлаар биш амьд хадгалагдсан нь Чингисийн онгон дахь Чиндар гэдэг бөгөөд энэ нь үнс чандруу биш, ӨД ЧИНДАР гэдэг тэнгэрийн амьтны үс юм. Өөрөөр хэлбэл тэнд тэнгэрлэг Чингис хааны онгон үс байгаа бөгөөд тэр нь мөнх хадгалагдах настай, ямар нэгэн шинжилгээ хийж ДНК тодорхойлох судлагдахуун болох үнэн юм. Харин уг онгонд тэр чиндар байна уу? үрэгдсэн үү? гэдэг өөр асуудал. Хэрэв байхгүй бол тэр байгууламж Чингисийн онгон биш үзэсгэлэн төдий болно. Ер нь 1950 хэдэн он хүртэл язгууртан сурвалжтан айлуудын хоймрынх нь унинаас манай тийм ийм дээдсийн онго гээд хонины болон цагаан тэмээний хүн дүрстэй ноос зүүлттэй байдаг байсан бөгөөд дороос нь харахад дотор нь хүний хоёр гурван урт үс байдаг байв.
2. СҮНС. Амьд юм шиг үзэгдэж харагдах ярих хийдэм үзэгдэл. Жишээ нь нойрон дунд талийгаач аав минь надтай ярьж суух. Ээж минь толгой илж аргадаж харагдах. Хэн нэгэн талийгаач бодлоос гарахгүй байх. Үүнийг амины дараагийн төлөв байдал, амьтай мэтээр үргэлжлэх амьд үлдэгсдийнхээ ухаан санаанд үзэгдэх хийдэм дурсац гэж үздэг болохоос ямар нэг ид шид, хаа ч юм орох байх газар хайн тэнэж явдаг зүйл гэж Мөнх тэнгэрийн онолд үздэггүй. Сүнс дуудах тонилгох аргадах гэх мэт нь Түвдийн шашны зохих үнэ хөлстэй хуурамч үйлчилгээ болно. Чингис хаанаа сэтгэл санаа ухаан бодолдоо мөнхлөн дурсах ийм хүндэтгэл нандигнал, бахархал, онголон шүтэж бурханчлан тахисаар ирсэн нь амьд ахуйн үнэн юм. ОНГО гэдэг бол бүх дээд үеийн өвөг дээдсийн удамшсан ОЙ САНАМЖ, ИХ ХҮЧТЭЙ ЯЗГУУРЫН УХААН САНАА ЗАЯАНЫ ҮР гэж ухаарч иржээ. Тийм Онгыг тахиж ЭРЧ ХҮЧ ОЙ САНАА УХААН БИЛГЭЭ хайрлахыг хүсэх нандигнах хүндэтгэл ёслол хадгаламж нь ОНГОН болно.

3. СҮЛД. Өвөг дээд үеийнхний шүтэж биширч явсан шүтээн. Жишээ нь МӨНХ ТЭНГЭР-ийн буулт гэх ХАР ЦАГААН ТУГ, ОВОГ ӨВГИЙН ТАМГА, УДАМ ДАМЖСАН НУТАГ БУУРЬ БУУЦ, ЭД ХӨРӨНГӨ болно. Чингис хааны төрсөн голомт нутаг Бурхан халдун хайрхан, Онон Хэрлэн голууд нь мэлтэлзэн урсму. Чингис хааны төр нь Монгол улс оршму. Өвөг сүлд ухагдхуунд баларлаг дээдсээс эхлээд баатарлаг ухаалаг бүх түүх соёл ёс хамааран тахигддаг ажээ. … Хүн төрөлхтний түүх соёлд Чингис хааны нэр алдар, алдаа оноотойгоо мөнхрөх жамтайг ” Хоёрдох мянган жилийн дэлхийн тэргүүн суут хүн”-ээр тодруулсан шалгаруулалтын дүгнэлтэд “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол ЦЭВЭР НЭГ Л ҮНДЭСТЭН ДЭЛХИЙ ДАЯАР СҮР ХҮЧЭЭ БҮРЭН ТӨГС ИЛТГЭЖ ЧАДСАН ЯВДАЛ ЮМ. Чингис хаан болон түүний залгамжлагчид Европ Азийг хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг бүрдүүлж улмаар Өрнө Дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм… Чингис хаан бол хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан хүн, “бусдаас илүү ой билэгтэй, өөрийн тойрогт асар олон шударга нөхдийг бүрэлдүүлж чадсан учир хүчтэй дайснаа хялбар ялж байжээ”- гэж ээ… Үнэхээр 13-14 р зуунд эх газрыг эзэгнэсэн Чингис хааны аян дайны үйл явдлыг дурдахгүй бол дэлхийн түүх бичлэгт цагаан зай гарна…. Дэлхийн янз бүрийн ажил мэргэжлийн судлаач зохиогчид өөрсдийн судалгаагаа Чингис хаантай холбохыг хичээж сурвалж бичгүүдээс холбогдож болох мөр санаа бүрийг шүүрдэн хайж Чингис хаан ГҮН УХААНЧ, ЦЭРГИЙН ЖАНЖИН, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОНОЛЧ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, НЭРТ ДИПЛОМАТЧ, АУГАА ГАЗАР ЗҮЙЧ, ШАШНЫГ БАДРУУЛАГЧ, ЭРДЭМТДИЙГ ИВЭЭН ТЭТГЭГЧ, ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХОСГҮЙ НЭЭЛТҮҮДИЙН ЭЗЭН, АУГАА ИХ ЗӨН БИЛЭГЧ, БӨӨ МӨРГӨЛИЙН МӨНХ ТЭНГЭРТЭЙ ХОЛБОГДСОН ЗАЙРАН, ТОО ЗУРХАЙН УХААНЫ ЭРДЭМТЭН, БИЧИГ СУРГААЛ НОМЛРГЧ гэх мэтээр үнэлэн дүгнэсэн байдаг….

Чингис хааны үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлэн тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийн нь ТҮҮХИЙН ГҮН УХААН, ШҮТЛЭГ БИШРЭЛ үйл хэрэгтэй хамтатган тодруулсан байх ёстой юм. Арабын түүхчид(Рашид ад Дин зэрэг) “Гахай жилтэй эхээс төрсөн” ( Өүлэн эх гахай жилтэй) гэсэн мэдээг “Гахай жил эхээс төрсөн” гэж ойлгон сурвалждаа тэмдэглэснийг баримтлаж дэлхийн гол нэвтэрхий толь бичгүүдэд Тэмүжин 1155, 1167 онд төржээ гэсэн нь их хааны үйл хэрэг төдийгүй хувийн түүх нь ч эндүүтэй байгааг илтгэнэ. Нөгөө нэг хэсэг нь нийтийн он тооллоор 1162 онд төрсөн гэж ой тэмдэглэж байгаа нь Манжийн ноёрхолын үед төрийн хэргийг хөтлөх болсон Нанхиадын Хуанли болон хожуу үеийн( 17-р зууны) Түвдийн шашны Литийг баримтлан сурвалж бичгүүдийн он тооллыг тайлсан хэрэг. ( сүүлийн жилүүдэд их хааныхаа төрсөн өдрийг энэ л Түвд шашны Лит ээр тооцсон аргачлалаар тэмдэглэх болсноос Их хаан маань жил болгон өөр өөр өдрүүдэд төрсөн болдог эмгэнэлтэй, дэлхийд шившиг болсон гаж баяртай болсон) Гэтэл нүүдэлч малч Монголчуудын ШИНЭ ОН НАМАР байсан гэдэгтэй эрдэмтэд санал нэгдмэл байдаг. Язгуур Монгол зурхайгаар төрсөн өдөр нь морин жилийн өвлийн эхэн сарын тэргүүн өдөр 1161 оны 12 сарын 22 байх. Монголчуудын үндэсний онцлог зурхайгаар бол Хөх Монгол гүрнээ тунхагласан нь 1206 оны хавар биш 1205 оны намар байдаг жишээтэй. …
Чингис хааны хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяаг үнэлэх дүгнэхдээ тухайн хүний үнэн зөв намтар судлал, угсаа гаралын маргаангүй үнэнийг хаадын алтан ургийн бичиг, уугуул суугуул нутаг орны түүхэн газар зүйн байдал, тулхтай эши сурвалж зэргээр далайцтай судлан үнэлэлт дүгнэлт хийж сурталчлах шаардлагатай байгаа. Ямар ч байсан Чингис хаан бол дэлхийн түүхэнд байгаагүй өргөн хэмжээний газар нутгийг төвшитгөн ИХ ЗАСАГ хуулийн дор эрхшээсэн засах төрийн ГҮН БОДЛОГОТОН, цөөнөөр олныг ялахын эрдмийг нээсэн ЦЭРГИЙН СУУТ УХААНТАН, бүх ШҮТЛЭГийг адил тэгш хүндэтгэж хүрсэн газар бүхэндээ олны сэтгэлийг татсан АГУУ ЖОЛООДОГЧ, ард түмнээ боолчилсон мугуйд муу хаадыг дарж дэлхий нийтийн соёл гэгээрэл төр хууль ёсыг өөрчилсөн СОД БИЛЭГТ ШИНЭЧЛЭГЧ, хүний нэгэн нас үл хүрэх алдаа оноотой гайхамшигт үйл хэрэг эрдэм ухаанаараа ЕРТӨНЦИЙГ НЭЭСЭН, ОРЧЛОНГ СЭРЭЭСЭН, ДЭЛХИЙГ ХОЛБОСОН, хүн төрөлхтний түүхэнд гайхагдах мөнхийн үйл хэргийг бүтээсэн МОНГОЛ ХҮН, МОНГОЛЫН ЧИНГИС ХААН билээ.

“Монгол ухаан 9 эрдэм” номноос…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549