Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ

2018-11-12 1185 0

 

-НЯРАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-

Хорвоод мэндлэн эхийн ангир шар уураг амтлан хүн болох нь их хувь тавилан билээ. Эхийн гэдсэнд ураг бүрэлдэж эхлэх даруйд эх хүүхэд хоёр салшгүй мѳнхийн холбоотой болдог. Ээж болох хувь тавилан заяасан ч түүнийгээ ухамсарлахгүй бүсгүйчүүд олон болсон нь харамсалтай.

Зовж тѳрүүлсэн хүүхдээ хөнөөх санаа ямар эмэгтэйн толгойд эргэлддэг бол… Хэдхэн хоногийн өмнө хорвоод тѳрѳѳд нэг л хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ. Нярай хүү эхийнхээ сүүг нэг л хоног амталжээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 10-ны ѳдѳр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны үүднээс нярайн цогцос олдсон байна. Дѳнгѳж тѳрѳѳд нэг хонож байсан нярай хүүг гараараа боож амь насыг нь бүрэлгээд, хар ѳнгийн үүргэвчид хийж, орцны үүдэнд хаясан байжээ.

Цагдаагийн байгууллагад тухайн ѳдрийн 18:00 цагт нэгэн иргэнээс “Орцны үүдэнд нярайн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу хэргийн газарт очиж, цагдаагийн бие бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан шалгахад амьсгал хураагаад удаагүй нярай хүүгийн цогцос байсан аж.

Урьдчилсан дүгнэлтээр бяцхан хүүгийн нүүрний доод хэсэг, хацар, ам зэрэг хѳхѳрсѳн. Мѳн аманд нь цус хурсан байдалтай, толгой нь гэмтсэн байжээ. Дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нярайн ээжийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж байна. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ