Монгол эрчүүд хайнга зан, буруу зуршлаа гээх цаг нэгэнт болжээ

access_time 2018-11-09
remove_red_eye 294

 

-Эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй –

Эрчүүдийн гэх тодотголтой цөөхөн эмнэлэгүүдийн анхдагчдын нэг “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмидтэй эрчүүдийн эрүүл мэндийн талаар цөөн хором ярилцлаа.

-Танайд хоногт хэчнээн үйлчүүлэгч үйлчлүүлдэг вэ. Үйлчлүүлэгчдийн хувьд ямар өвчлөлүүд хамгийн их хувийг эзэлж байна?

-Монголд эрэгтэйчүүдийн эмнэлэг цөөхөн байдаг. Манай эмнэлэг 1998 оноос хойш үйл ажиллагагаа явуулж байна. Үүнийхээ хүрээнд үйлчлүүлэгч олонтой. Өдөрт 40-50 эрэгтэй, жилд 10 гаруй мянган хүн үйлчлүүлдэг. Мөн эмэгтэйчүүд ч гэсэн манай эмнэлгээр үйлчлүүлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд ургийн гажиг оношлуулах болон дотор, мэдрэлийн тасгаар үйлчлүүлэн хэвтэн эмчлүүлдэг.

-Эрчүүдэд ямар өвчлөл зонхилдог вэ?

-Эрчүүдийн хувьд нүд, уушиг, чих, өвдөхөөс гадна даралт ихсэх гээд зонхилох өвчлөлүүд байна. Мөн нөхөн үржихүйтэй холбоотой гол өвчнүүд байна. Жишээлбэл, түрүү булчирхайн өвчнүүд, үргүйдлийн шалтгаанууд, шээс хаагдалт, төмсөгний хавдар, үрэвслүүд зэрэг нөхөн үржихүй, бэлгийн үйл ажиллагаатай холбоотой өвчлөлүүд зонхилдог.

-Эрчүүдийн хувьд хэнэггүй байдлаасаа болоод өвчнөө даамжруулах тохиолдол хэр ажиглагддаг вэ?

-Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Бэлгийн замын өвчин авчихаад түүнийгээ нуух, аптекаас дур мэдэн эм, тариа авч хэрэглэх, нэг нэгнээс ээ асууж хар бор арга хэрэглэдэг. Эсвэл нуруу нь суулт өгөөд хөл нь мэдээгүй болсон хойноо эмнэлэгт ханддаг тохиолдлууд байна. Нурууны суулт болон мэдрэлийн гаралтай өвчлөлүүдэд эхлээд шинж тэмдэг нь нэлээд тод мэдрэгддэг. Эмэгтэйчүүд өвдсөн даруйдаа ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан буюу өвчнийхөө хожуу шатанд эмнэлэгт ханддаг нь харамсалтай. Тиймээс эрчүүдэд хандаад хэлэхэд аливаа өвчлөлийн эхний шатанд буюу эртхэн ирж үзүүлбэл үр дүн нь сайтай байдаг юм шүү.

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг яагаад ховор байдаг юм бэ. Ялангуяа улсын эмнэлэгт яагаад эрэгтэйчүүдийн кабинет байдаггүй юм бол?

-Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Мөнгө санхүү, яамны бодлоготой холбоотой. Эрэгтэйчүүдийн эмнэлгийн орон тоо цөөн, улсын болон дүүргийн эмнэлгүүдэд энэ орон тоо байхгүй байгаа нь үнэн шүү дээ. Учир нь төсөвт үүнийг суулгаж өгөөгүй. Харин олзуурхууштай зүйл нь Анагаах ухааны эмч нарын дараахь академи буюу сургалтад эрэгтэйчүүдийн эмч бэлтгэдэг болоод таван жил болж байна. Энэ чиглэлээр эмч нар бэлтгэгдээд байдаг гэтэл тэдэнд ажлын байр байдаггүй, хэдэн хувийн эмнэлэг л байна. Ховд аймгийн сум дундын эмнэлэгт эрэгтэйчүүдийн эмчийн орон тоог баталсан. Нийслэл хотоос гадна Дархан, Эрдэнэт хотод эрэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд байна. Тэнд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ажиллаж байгаа. Энэ салбар бусад орны жишгээр л хөгжиж байгаа. Эрэгтэйчүүдтэй холбоотой зүйлийг урологи, мэс засал, бэлгийн замын эмч нар болон сэтгэл зүйчид хавсран хийж байна. Өнөөдөр үндсэн утгаараа бие даасан шинжлэх ухаан гэдэг утгаараа хөгжиж чадаагүй байна. Эхлэлийнхээ шатанд өнөөдөр хэвтэн эмчлүүлдэг эмнэлэгтэй боллоо. Хэд хэдэн амбулаториуд үзэж байна. Эрэгтэйчүүдтэй холбоотой ном, сурах бичгүүд орчуулагдан гарсан. Өнөөдөр ийм л байдлаар хөгжиж байна. Түүнээс биш бусад гадны орон шиг эрэгтэйчүүдийн тасаг улсын эмнэлгүүдэд алга. Гуравдугаар шатлалын өвчлөлийг БНСУ, Тайвань зэрэг гадны орнуудад эмчилж байна. Улсын эмнэлгүүд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, нарийн мэргэжлийн үзлэг хийх эмч, багш нар байхгүй. Эрэгтэйчүүдийн спираль буюу жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавья гэхээр түүнийг ирээд заах багш байхгүй байна шүү дээ. Өөрсдөө явж сурах жишээтэй. Бид өнөөдөр үзах зээоийнхээ хуулиар л хөгжиж байна. Хэрвээ төрийн бодлого ороод энэ асуудалд анхаарлаа хандуулах юм бол хурдан хөгжих боломжтой.

– Хоёр эрэгтэйн нэг нь буруу зуршилтай –

Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Н.Болормаатай ярилцлаа.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал судалгаанаас үзэхэд ямар байдаг вэ?

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал бол тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа. Учир нь эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ өндөр байдаг. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг, 37 хувь нь архи хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг муутгахад нөлөөлж байгаа. Мөн зүрх судасны өвчин, цус харвах, зүрхний шигдээс , элэгний хавдар, уушигны хавдар зэрэг өвчин эрэгтэйчүүдийн дунд тархмал байдаг. Түүнчлэн осол, гэмтэл, архины хэрэглээтэй холбоотой гадны шалтгаант нас баралтад өртөх тохиолдол эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү байдаг. Эрэгтэйчүүд өөрсдийгөө харьцангуй эрүүл гэж боддог учраас эмнэлэгт хандах тал дээр дутагдалтай. Түүнчлэн илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл өндөр хувьтай байдаг.

-Эрчүүдийн дундаж наслалт хэд байдаг вэ?

-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73 байхад, эрчүүдийнх нь 65 байгаа. Манай орны хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 9 насны зөрүүтэй байгаа бол олон улсад 4 насны зөрүүтэй байгаа. Энэ нь эрчүүд эрүүл мэндээрээ илүүтэй эрсдэж, тааруу байгаагийн нэг нотолоо юм.

-Эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хэр вэ. Улсын эмнэлэг бүрт эмэгтэйчүүдийн тасаг байдаг хэрнээ эрэгтэйчүүдийнх гэж тодотгосон кабинет байдаггүй?

-Ерөнхийдөө эрэгтэйчүүдийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой байгаа. Эрчүүдэд гэлтгүй хүн амд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ, тусламж нэгэн жигд нээлттэй байдаг. Анхан шатан дээрээ өрх, сумын эмнэлэгтээ үйлчилгээ авдаг. Дүүргийн болон нэгдсэн эмнэлэгт шатлалын дагуу тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Эрэгтэйчүүдийн хувьд хэр баргийн тохиолдолд эмнэлэгт хандахгүй байх нь элбэг. Хүмүүсийн эмнэлэгт хандаж байгаа байдал дээр хийсэн судалгаагаар ч эрчүүд эмэгтэйчүүдээс бага ханддаг гэж гарсан.

-Эрчүүд нөхөн үржихүйн асуудлаар эмчид хандах нь тэр бүр нээлттэй биш байдаг. Хувийн хэдхэн эмнэлэг л өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Энэ үйлчилгээ, эмчилгээг улсын эмнэлгүүдэд явуулах боломж нь хэр нээлттэй вэ?

-Нөхөн үржихүйн асуудал дээр эрэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ бага зэрэг дутагдалтай байгаа. Цаашдаа дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, төвүүд, орон нутгийн эмнэлэгүүд дээр эрэгтэйчүүдийн кабинетыг нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ нөхөн үржихүйн асуудалтай холбоотой тусламж үйлчилгээг авч байгаа. Цаашдаа тусламж үйлчилгээг өргөжүүлэх тал дээр энэ онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” гэсэн стратегийг боловсруулж батлуулсан байгаа. Одоо үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549